Өвлийн улиралд нүүрний арьсаа хэрхэн арчлах вэ?
Өвлийн улирал хүний арьсанд маш их муу нөлөө үзүүлдэг. Хүйтэн температур, хүйтэн салхи, байшин доторхи хэт хуурай агаар зэрэг нь бидний арьсны байгалийн хамгаалалтыг сэт цохин арьсыг маань муутгадаг билээ.Мэдээж нүүр гарын арьс үүнд хамгийн түрүүнд өртдөг. Өвөлд арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт. Эдгээр өөрчлөлтийн хамгийн гол буруутан нь хүйтэн агаар. Мөн хүйтнээс гэнэт дулаан байшинд орж ирэх явцад болдог температурын огцом ялгаа маш муу нөлөө үзүүлдэг. Дээрээс нь өвлийн улиралд өрөө тасалгааны агаар хэт хуурай байдаг тул арьс маань байнгын хатаалтанд байдаг учраас чийгээ алдан үрчийх нөхцөл нь үлэмж төгсөөр бүрддэг. Зуны улиралд гэрт хатаахаар өлгөсөн хувцас, өвөл өлгөсөн хувцас – аль нь хурдан хатдаг билээ дээ? Тиймээс нүүрнийхээ арьсыг зуны цагт нэг янзаар, өвлийн цагт өөр янзаар арчлах шаардлагатай байдаг. Ядаж л, өвөл зунгүй нэг л тосоо хэрэглэж болохгүй гэсэн үг.Өвлийн улиралд бидний арьсанд болж байдаг процессууд зуныхаас ихээхэн ялгаатай. Мэдээж, зун – дулаахан, ялангуяа бороо чийгтэй өдрүүдэд арьс маань тун тааламжтай нөхцөлд байдаг. Харин өвлийн улиралд дээр дурьдсан нөхцлүүдээс гадна бидний хамгийн том эрхтэн болох арьс маань, бусад эрхтэний адил хүчил төрөгчөөр ихээхэн дутагддаг. Арьс гэдэг бол хүний организмыг гадны нөлөөнөөс халхалж хамгаалж байдаг эрхтэн, тиймээс хамгаалах үүргээ гүйцэтгэхийн тулд хүйтэнд арьс зузаардаг. Энэ шалтгаанаар гадаа ажиллах шаардлагатай хүмүүсийн арьс толигор байдлаа гээн өнгө үзэмжээ алддаг. Мөн хүйтэн салхи арьсны чийгийг ч авдаг тул арьс хатуу, хуурай болно, |махыг өвөл борцолдгийг сана| мөн тос ялгаруулах булчирхайнуудын ажиллагаа эрс буурснаас хамгаалалтын тос – чийгний давхарга маань нимгэрч арьсны уян хатан байдал мууддаг. Энэ нь арьс үрчийх бас нэг томоохон шалтгаан. Хүйтэн агаарт байгаа бичил мөснүүд арьсыг улайлгах нөлөөлөл үзүүлдэг. Ийнхүү хүний арьс өвлийн улиралд илүү хурдан хөгширч үрчлээтдэг жамтай.
Тэгэхээр үүнтэй хэрхэн тэмцэх вэ?
Юуны өмнө арьсаа өвлийн улиралд бэлдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, арьсаа сайтар арчилж өвөлтэй золгуулбал хохирол багатай байна гэсэн үг. Малдаа тарга хүч авахуулбал онд сайн ордогтой яг ижил. Зун намарт сайн тэжээл авахуулах, байгалийн жимс ногоогоор маск бигнүүр тавих, натурал хоол унд идэж байх гэх зэргээр арьсанд сайнаар нөлөөлдөг бүхнийг л хийж байх хэрэгтэй. Энэ бүхнийг өвөл ч хийх хэрэгтэй нь мэдээж. Арьсандаа чийг авахуулах тал дээр байнга анхаарч байх хэрэгтэй. Тэжээлийн тос зузаанаар түрхээд халуун усанд базсан алчуураар нүүрээ бүтээгээд 20 минут хэвтвэл нүүр тань баярлах нь дамжиггүй. Нүүр утах зориулалттай ионжуулсан уур гаргадаг аппараттай байж тэрийгээ далд хийгээд мартчихсан бол одоохон гаргаж ирээрэй. Мөн өрөө тасалгаандаа уур гаргагч аппарат тавьбал их сайн. Ууранд нь нүүрээ утаж хэрэггүй, муу, ионжуулаагүй уур арьс хуурайшуулдаг үйлчилгээтэй шүү. Тэгснээс нойтон бигнүүр нь дээр.Ялангуяа өвлийн улиралд нүүрээ крантны усаар, тэр тусмаа савандаж угаахаас зайлсхийж байгаарай. Крантны хатуулаг ихтэй усанд кальц магнийн нэгдлүүд ихээр агуулагддаг тул нүүрний арьсан дээр уусдаггүй пленк үүсгэдэг. Энэ нь тослог арьсыг өрөвсүүлэх, хуурай арьсыг улам хуурайшуулан гуужуулах таагүй нөлөө үзүүлдэг. Тийм болохоор нүүрээ дандаа зориулалтын бодисоор цэвэрлэх, угаамаар байвал цэвэр усаар угааж байвал сайн. За тэгээд хамгийн чухал нь, нүүрний тосоо өвлийн, зуны гэж ангилан хэрэглэх шаардлагатай. Зуны халуун дулаанд усан суурьтай тос тохиромжтой байдаг. Дулаан уур амьсгалтай орнуудад үйлдвэрлэгддэг тоснууд ихэнх нь ийм байдаг тул монголын өвлийн нөхцөлд тохирохгүй байх нь элбэг. Харин өвөлдөө тослог ихтэй, тосон суурьтай тос түрхэж байвал цаг агаарын хүнд нөхцлөөс нүүрний арьсыг сайн хамгаалж өгдөг. Нүүрэндээ маш зузаан тослог ихтэй тос түрхвэл хүйтэн агаараас бараг бүрэн хамгаална. Хойт зүгийн уугуулууд өөх тосоор нүүрээ хамгаалдаг шиг. Гэхдээ хот газрын хүүхнүүд биш нүүрэндээ зузаан тос гялалзуулаад явна гэж байхгүй тул тэжээлийн тосон дээрээ крем пудр нэмж түрхэж байх шаардлагатай. За, одоогоор толгойд орж ирсэн зүйл ийм л байна, нэмэж юм санавал комментэд бичнээ.
Ё. Одончимэг
- See more at: http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11926#sthash.tQndajAW.dpuf
URL: