Хүч тэнцвэргүй байлдаан байсан юм
1913 оны 5 дугаар сар. Туурга тусгаар, хаант улс байгуулагдаад хоёр сар болж байлаа. Цахар, Өвөр монгол, Буриад, Тува гээд Монгол туургатан бүхэн Богд хааныхаа тусгаар улсад нэгдэх хүслээ илгээгээд байсан үе. Чухам энэ үед хятадын түрэмгийлэгчдийн Өвөр монголын эсрэг явуулсан бодлогыг эсэргүүцэж, Богд хааны тушаалаар 10 мянга гаруй монгол цэрэг үндэс угсаа нэгт ахан дүүсээ аврахын тулд Дундад иргэн улсыг зорьсон юм.
Энэ бол түүхийн хуудаснаа “5 замын байлдаан” хэмээн алдаршсан үйл явдал. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, БХЭШХ, ХХЕГ-ын Хилийн судлалын сектор, Богд хааны ордон музейн эрдэмтэд, судлаачид хамтран “Таван замын байлдаан-100 жил, Түүх судлал” нэртэй уг мартагдах шахсан сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм.
Дээрх сэдвээр түүхчдийн хувьд анх удаагаа нэгэн дор чуулж байгаа нь энэ бөгөөд БХЭШХ-ийн судлаачдын чамгүй илтгэлүүд оролцсон нь эрдэмтдийн сонирхолыг ихээр татаж байлаа.
Хурлыг нээж БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн тэргүүлэх ажилтан, доктор (Рh.D), профессор Г.Мягмарсамбуу
“Таван замын байлдаан: Үйл явц, үр дүн, түүхэн сургамж” сэдэвт илтгэлийг тавьснаар эхэлсэн юм. Тэрээр илтгэлээрээ байлдааны үйл явц хэрхэн өрнөж, ямар үр дүнд хүрсэн талаар түлхүү харуулахыг зорьжээ.
Түүний судалгаагаар: Богд хааны зарлигаар 1913 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Өвөр монголыг чөлөөлөх цэргийг таван чиглэлд хөдөлгөхөөр зарлиг буулгасан нь байлдааны эхлэл байсныг дурдсан юм. Тус шийдвэрийн дагуу мөн оны хавраас эхлэн Их хүрээнээс өмнө хязгаарыг зорьсон цэргүүд тасралтгүй цувж эхэлжээ. Таван замын цэргүүд 1913 оны 5 дугаар сарын сүүлч гэхэд баруун өмнөд хязгаарыг засан тохинуулах цэрэг болон Дарьгангын цэргүүдтэй хүч нэмэгдүүлэн Өвөр монголын нутагт орсон.
Гэхдээ Богд хаан хятад цэргүүд рүү түрүүлэн гал нээж болохгүй гэсэн зарлигийг айлдаж байснаас харахад эхэн үедээ энэрэнгүй бодлогоор цөмөрсөн гэдгийг харуулжээ. Иймээс монгол цэргүүд байлдааны газар оронд цөмөрсөн хэдий ч ямар нэгэн байлдаан үүсгээгүйгээс гадна, хятад цэргийн байдлыг тагнан турших, яриа хэлэлцээр хийх зэргээр хүлээцтэй сууж байсан аж.
Гэвч Хатан голын ойролцоо байрлаж байсан монгол цэргийн эсрэг хятад цэргүүд бөөн хүчээр гэнэт довтолсон нь хоёр улсын хоорондох сөргөлдөөнд тос нэмсэн хэрэг болжээ. Баруун өмнөд хязгаарыг захирах сайд Сономдоржийн харьяат удирдсан цэрэг хятадуудтай хэд хэдэн удаа тулалдсан байна. Ийнхүү өвөр монголын байдал улам хурцдаж, хоног өнгөрөх тусам хятад цэргүүд улам нэмэгдэх болов.
Иймээс Монгол Улсын Засгийн газраас байлдааны байдалд үнэлэлт хийж, тэнд байгаа хүчээ зузаатган цэргийн удирдлагаа бэхжүүлэх, эрчимжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, Богд хааны зарлигаар Манлай баатар Дамдинсүрэнг 7 дугаар сарын 1-ний өдөр өмнө зүгийн цэргийг дайчлан захирах сайдаар томилжээ. Энэ үеэс 5 замын байлдааны хоёр дахь үе эхэлж буй юм гэж тэрээр өгүүлэв.
Мөн Егүзэр хутагт Галсандаш, Сангийн яамны сайд Чагдаржав зүүн, өмнөд хязгаарыг засан товхинуулах үйлсэд хүчин зүтгэж, цэргийн хүчээ улам зузаатгажээ. Ингэснээр Шилийн гол, Хишигтэн хошууны томоохон хотыг эзэлж Цахарын элсэн цөлд байлдааны ажиллагаа явуулжээ. Харин Манлайбаатарын удирдсан цэрэг Долоннуур, Шандын голын эхээр давшсан байна.
Байлдааны ажиллагаа амжилттай болж, Хоногийн тал, Хүйсийн тал зэрэг газар хятад цэргийг хиар цохисон байна. Энэ мэт монголчуудын байгуулсан гавьяа, байлдааны дүнд гарсан үр дүнг тэрээр илтгэлдээ дурдлаа.
“Зүүн хязгаарыг засан тохинуулах сайд Егүзэр хутагт Галсандаш” ХХЕГ-ын Хилийн түүх судлалын секторын судлаач, дэд хурандаа Н.Даваадорж
Егүзэр хутагт Галсандаш гэгч хүний 5 замын байлдаанд оруулсан хувь нэмрийн талаар тэрээр судалснаа сонирхууллаа. Богд хаан Зүүн өмнөд хязгаарыг засан тохинуулах сайд Егүзэр хутагтад 1913 онд илгээсэн захидалдаа “Чадалтай түшмэлийг зах хуваан томилж, эртний монголчуудын зах тойрог нь чухам ямар газар байсныг нарийвчлан тодорхойлж, манай яамнаа хурдан түргэн мэдүүлсүгэй…” хэмээн тушааж байсан аж.
Үүнээс үзэхэд Богд хаант Засгийн газраас газар нутгаа нарийн тогтоох гэсэн чин хүсэл эрмэлзэл байсныг тодхон харж болно. Гэвч тэрээр Дундад иргэн улсаас Өвөр монголд түрэмгийлэл үйлдсэн дотоодын үймээн самуун, их гүрнүүдийн улс төрийн бодлого зэрэг нөхцөл байдлаас болоод бүх тушаалыг гүйцэтгүүлж чадаагүй юм.
Егүзэр хутагт сайд болохоосоо өмнө Зүүн хязгаарыг засан тохинуулах хэрэгт олон жил зүтгэж, монгол төдийгүй өвөр монголын ард түмэнд нэр нөлөө бүхий хүн байсан нь түүний тухай намтрын илтгэлээс харагдаж байлаа. Тухайлбал, 1912 оны 9 дүгээр сард Дуутын чуулганы Хишигтэн засгийн хошуу, Чирмийн чулууны Жалаад вангийн хошуу, Шилийн гол аймаг зэргийн олон хүн Егүзэр хутагтын ивээлд багтаж, Богд хаант шинэ Монгол улсад дагаар орж буйгаа илэрхийлж байжээ.
Тэрээр тухайн цаг үедээ Ар, Өвөр монголын эв нэгдлийн билэг тэмдэг болсон баатар хүн байсан юм. Таван замын байлдаанд тун чадварлагаар тулалдаж, өнө өглөгт хийдэд дайснаа даран сөнөөх шашин номын хурлуудыг хийж байсан аж. Мөн Өвөр монголын нутагт тулалдаж буй цэргүүдийн ар талын хангалтын хэрэгцээнд 50 үхэр, хонь 500 гаруй, гурил 550 кг, цагаан будаа 600 гаруй кг-аар тусалж байжээ.
Гэвч байлдаан сунжрах тусам монгол цэргүүдэд улам хэцүү болсон юм. Дундад иргэн улс руу ургашлах тусам монгол цэргүүд араасаа тасарч, хоол хүнс, зэвсгийн хангалт улам тасрах болсонтой холбоотой тэдний хүч ихээхэн саарч байлаа.
Жэн Хиан хотод болсон маш ширүүн тулааны дүнд хятад цэргүүд хуралдан ирсээр хэдэн түм болсоор байгааг архивын баримтад тэмдэглэн үлдээсэн байдгийг мөн тэрээр судалгаандаа өгүүлж, таван замын байлдаан монгол цэргүүдэд хичнээн хүнд хэцүү байсныг харуулсан юм.
“Хятадын түүх судлаачдын зарим бүтээл дэх таван замын байлдааны асуудал” БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн ЭША, доктор, дэд профессор Т.Эрдэнэхишиг
Тэрээр БНХАУ, Тайван Улсын эрдэмтэд, судлаачдын Таван замын байлдааны талаар дурдсан илтгэл, үзэл бодлоос нь дэлгэн таниулахыг хичээсэн юм. Тус байлдаан нь хятад болоод тайваны түүхчдийн судалгаанд хөндөгддөг эмзэг сэдвийн нэг юм гэдгийг судалгааныхаа явцад олж мэдсэнээ өгүүлсэн юм.
Учир нь хятадын түүхчдийн ихэнх нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн болон таван замын байлдаан хоорондоо хүйн холбоотой гэж үздэгтэй холбоотой гэж хэлэв. Дээрх хоёр үйл явдалд Хаант орос улсын талаас дэмжлэг их байсан гэж ихээр дурдагддаг байна.
Тэрээр судлагааныхаа дүнд Хятад болон Тайван улсын түүхч, эрдэмтэд тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг улс төрийн нэр хүндийн талаас төдийлөн хөндөж тавихыг хүсдэггүй гэдгийг харуулсан юм.
“Ар болон Өвөр монголыг нэгтгэх тухайд Хаант Оросын байр суурь” МУИС-ийн багш, доктор (Ph.D) Ж.Урангуа
Түүний судалгааны гол зорилго нь 1913 оны үеийн Монгол-Оросын улс төрийн харилцааны талаар байлаа. Тэрээр Богд хааны туурга тусгаар улс байгуулах, нийт монгол овгийг нэгтгэх гэсэн хоёр том бодлогыг хэрэгжүүлэх гол үндэс нь 5 замын байлдаан гэж үзсэн юм.
Чан Чуны 1913 онд гарсан сонины дугаарыг үндэслэн хэлэхдээ “Дайнч монголчууд болон төдийлөн байлдааны туршлагагүй хятад цэргүүдийн хооронд байнга мөргөлдөөн гарч байна. Монголчуудын зэвсгийн хангалтыг оросууд өгч байна. Тийм учир монгол цэргийн үйл ажиллагаа, улс орны тусгаар тогтнолд нөлөөлөх хэмжээнд байна”хэмээн бичиж байсныг дурдав.
Энэ үеэр Сайн ноён хан Намнансүрэн Орос улсад айлчлал хийж, өвөр монголыг эзлэх цэргийн ажилагаанд хөрөнгө мөнгөний туслалцаа гуйх зорилготой айлчлал хийв. Айлчлалын явцад оросоос өгч байгаа 3 сая рублийн зээлийг өвөр монголтой хийх дайнд зарцуулахыг эрс эсэргүүцсэн байна.
Энэ заалтыг хүлээн зөвшөөрөхгүй бол зээл олгохгүй хэмээн хэлсэн нь уг дайныг Орос улс эсэргүүцэж буйг илэрхийлсэн явдал юм. Харин Сайн ноён хан Намнансүрэн 1915 онд болох гурван улсын хэлэлцээрээр Өвөр монголыг Ар монголын харьяа болгох асуудлыг хурцаар тавих болно гэж Оросын эрх баригчдад мэдэгдэж байжээ.
Илтгэлийнхээ төгсгөлд тэрээр бусад монгол туургатнууд их хүрээнд төлөөлөгчөө суулгаж, Монгол Улсад нэгдэж буйгаа илэрхийлж байсан баримтыг дурдсан юм. Харин тус тулалдааны төгсгөл нь гурван улсын хэлэлцээрээр нэг мөр болсон талаар байлаа.
“Таван замын байлдааны талаарх Оросын судлаачдын үзэл бодол, байр суурь” БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн ЭША Г.Ариунболд
Харин Оросын түүхэнд эл байлдааныг хэрхэн бичиж, тэмдэглэсэн талаарх судалгааг тэрээр дэлгэв. Судалгаагаараа Монголын талаарх түүхийн асуудал биеэ даасан судлагдахуун болсон. Үүнд 1911-1945 он хүртэлх монголын асуудал гэж ангилагдсаныг судалж үзсэнээ дурдсан юм. Ялангуяа, тухайн үеийн Засгийн газар Их Монгол улс байгуулах оролдлогод оросын түүхчид маш болгоомжтой ханддаг гэж тэрээр үзэв.
Богд хаант Монгол улсын талаар мэргэшсэн эрдэмтэдийн бүтээлд хүртэл тухайн үеийн монгол улс нь тусгаар тогтносон улс биш гэж үзсэн байдгийг олжээ. Оросын түүхийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дорно дахины хүрээлэнгээс 2007 онд гаргасан илтгэлд монголын түүх, түүн дотроо Богд хаант Монгол Улсын түүх нь илүү ил тод мөртлөө таван замын байлдааны асуудлыг мөн л тойроод гарсан байдаг гэж өгүүлэв.
“Таван замын байлдаан: Цэргийн урлагийн зарим асуудал” ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн ЭША, доктор Рh.D Б.Батсүрэн
Түүний судалгаа цэргийн урлаг талаасаа ямар байсныг харуулахыг зорьсон юм. Тэрээр уг асуудлыг гурван өнцгөөс харжээ.
Нэгд, Бид хэнтэй байлдсан бэ? гэдгийг тодорхойлжээ. Тухайн үед Монгол Улстай зэвсэг зөрүүлсэн Дундад иргэн Улс нь орчин үеийн армитай байсныг хэлэв. Түүнчлэн эдийн засгийн хувьд сэргэх замдаа орсон. Капитализм хөгжөөд” эхэлчихсэн. Зэвсэгт хүчин нь англи маягийн цэргийн школыг дотооддоо нэвтрүүлж, европ стандартаар сургаад эхэлж байсан цаг үе.
1911 оны байдлаар Оросуудын хийсэн судалгаанд Манж Чин улс нь нийт 160 мянган явган цэрэгтэй, 285 батальоноос бүрдэх 11 дивиз, үүнд тусгай 25 бригадтай байсан. 1913 он гэхэд хятадын цэрэг дотооддоо олон үймээн самуунд оролцчихсон туршлагатай, чадварлаг арми гэж тэмдэглэснийг иш татав.
Хоёр: Хүн хүчний харьцаа. Манай түүхчид 9-10 мянган хүн оролцсон гэж үздэг. Гэхдээ энэ бол нарийн судлагдсан тоо биш. Тухайн үед Дундад иргэн улсын хүн амын тоо 350-400 сая орчим байжээ. Харин монголчуудын хувьд 500 мянга орчим байсан. Зөвхөн хүн амаар харьцуулахад тэмээ, ямаа мэт бодогдоно. Мөн ноёд, тайж, шар хүмүүс гээд цэргийн албанаас шууд чөлөөлөгддөг хүмүүс нийгмийн ихэнх хувийг эзлэж байсан.
Үлдсэн ардаас хичнээн нь цэрэгт тэнцэж жинхэнэ дайчин болох нь тун эргэлзээтэй. Богдын тушаалаар анх өврийг зорьсон монгол цэрэг 3 мянга байсан. Дараа нь дөрвөн мянга, тэгээд зургаан мянга орчим цэрэгтэй болсон гэж илтгэлдээ өгүүлэв.
Зэвсэг техникийн хувьд хятадууд маш техникжсэн гэдгийг тэрээр дурдахдаа “Хэрвээ дайн сунжирч 12 дугаар сард хүрсэн бол Нянжин хотод байсан Франц улсаас авчирсан байлдааны хоёр нисэх онгоцыг монгол цэргүүд орогносон Хаалган хот руу илгээхээр зэхэж байсан” гэж баталсан юм.
Гэхдээ байлдаан, дайн, тулалдаан гэдэг бол гурван өөр утгатай. Байлдаан гэдэг бол багахан газар оронд, цөөн тооны хүмүүсийн явуулсан цэргийн ажиллагаа. Гэтэл Таван замын байлдаан бол хойноосоо урагш 145-480 км, манай талаас 7-8 мянга орчим, Хятадын талаас хэдэн арван мянгаараа оролцсон дайны шинжтэй үйл ажиллагаа гэж нэр томьёоны хувьд өөрчлөх ёстойг санууллаа.
Мөн монголчууд эдийн засгаа шавхсан. Оросоос зээлээр авсан 200 мянган рублийн дийлэнх хэсгийг энэ тулаанд зарцуулсан байдаг. Сүүлдээ улсын санхүүгийн байдал хүндэрч зэр зэвсэг, хүнсний хангалт эрс муудсан. Харин хятадууд өөрсдөө машинаар цэргээ зөөж, утсан холбоогоор мэдээлэл солилцож байхад монголчууд морин өртөөгөөр мэдээллээ дамжуулж байсан.
Нэг нь XX зуунаараа, нөгөөх нь XIII зуунаараа байлдсан гэж хэлж болно. Гэтэл алагдсан цэргийн тоо Цагаан түмэнд болсон тулаанд монголын тал 20 хүнээ алдсан байхад Хятадын тал 200 хүнээ алдсан талаар баримт байдаг зэргийг дурдаж, хүч тэнцвэргүй тулаан хэрхэн өнгөрсөн талаар өгүүлсэн юм.
“Таван замын байлдааны тухай уран зохиолын дурсгал” Богд хааны ордон музейн ажилтан Г.Ням-Очир
Тэрээр энэ талын түүхийн судалгааг олон жил гүйцэтгэж яваа хүн бөгөөд түүхийн ажлаа шашин болоод судалгаа талаас нь хослуулж явдгаа дурдсан юм. Түүний сонирхолтой илтгэл, Гоолингоо дууны үүсэл уг дайнтай холбоотой зэрэг олон сонирхолтой баримт, судалгааг илтгэсэн юм.
Мөн өөрийн бүтээсэн Таван замын байлдааны тухай “Хоржийлоо” баримтат киног үзүүлсэн юм.
М.Мөнхзориг
Эх сурвалж: “Соёмбо” сонин
URL: