МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ж.Мөнхбат гэж хэн бэ?

МАН-ын шинээр байгуулагдсан бага хурал анхныхаа хурлыг хийж, Жамьяангийн Мөнхбатыг намын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар томилогдлоо.
Монголын хамгийн том хоёр намын нэг, улс төрийн ууган хүчний хамгийн чухал гэж хэлж болох албан тушаалд томилогдсон Ж.Мөнхбат гэж хэн бэ гэсэн асуултанд хариу эрье.

Ж.Мөнхбат нь 1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 2-р төрөхөд төрсөн.
34 настай, морь жилтэй.
1995 онд Архангай аймгийн Тунгалагтамир хоршооллын 8 жилийн2-р дунд сургууль,
1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль,
2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан.
2002-2003 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах,
2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт,
2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч,
2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга,
2011 оны 6 сараас Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр, 2012 оны 10 сараас МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.

Энэ бол түүний албан ёсны товч намтар.

Харин түүнийг хувь хүн талаас нь илэрхийлж болох хэд хэдэн баримт бий.

Ж.Мөнхбат нь МАН-ын дэргэдэх НАМЗХ буюу хуучнаар МАСЗХ-ы ЕНБДаргаар ажиллаж байхдаа “Хадгаламж” банкны 14 тэрбумын хэрэг холбоотой хэмээн бичигдэж байсан. Гэсэн ч энэ нь үндэслэлгүй болохыг холбогдох байгууллагууд нь тогтоосон юм.

Түүний хувийн амьдрал ч   олны нүдэн дээр байдаг байсан бөгөөд гэр бүл болохоосоо өмнө Монголын нэр цуутай дуучин бүсгүйчүүдтэй нэр холбогдож байв.

Ж.Мөнхбатын амьдралын хамгийн том өнцөг нь уран бүтээл юм.
Хөдөөний сурагч хөвгүүн дээлтэй тэмцээнд оролцох гэж хотод ирж байхаас нь эхэлсэн түүний яруу найрагчийн түүхэнд “Болор цом” наадмын тэргүүн байр, нийтэд түгсэн нэг бус дуу, олны таашаал хүртсэн хэд хэдэн жүжиг бий.

Яруу найрагч, Төрийн шагналт Д.Төрбатын шавь.
Д.Нямсүрэн, Ч.Мягмарсүрэн нарын Монгол ахуй, соёлыг дүрсэлсэн шүлгүүдэд дуртай.

“Зүрхээ чагна” яруу найргийн түүврээ 2005 онд хэвлүүлсэн

Түүний тухай хэвлэлээр гардаг сөрөг дайралтуудын нэг нь казино тоглодог гэх явдал.
Харин тэрээр үүнд:

Миний хувьд ажлаа өгөөд сурч байх хугацаандаа казиногоор орж гарч л  явсан. Улсын мөнгө идэж, авилга авч тоглохоор албан тушаал би хашиж байгаагүй. Угаасаа надад тийм их хэмжээний мөнгө ч байхгүй. Улсынхаа ерөнхийлөгчтэй хүртэл тэр газар таарч л байлаа. Энэ чинь гэмт үйлдэл биш шүү дээ, муушиг мэддэггүй эр хүн гэж ер нь байдаг юм уу. Зориудаар мушгиж харлуулах гэсэн хүнд бол шалтаг төдий л юм даа.” гэж хариу өгчээ.

Ийнхүү Ж.Мөнхбат гэх улс төр судлаач мэргэжилтэй, яруу найрагч залуу МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар томилогдож байна.
Түүний том улс төр дэхь цаг ч ийнхүү эхэлж байна.
Харин өрнөл нь ямархуу байхыг гагцхүү цаг хугацаа л харуулах буй за.

 

Ж.Мөнхбатын “Болор цом -29″ наадмын дэд байр эзэлсэн
“Төрд хэлэх үг” шүлэг  

Атга шороо, ширхэг чулууны чинь төлөө

Хичнээн олон эрс

Амиа зул болгож өргөснийг сана, эх орон минь

Алтан соёмбын чинь ихэр хоёр загасыг

Амгалан байлгах гэж хичнээн ч аавын үрс

Асгарсан цус, урссан хөлсөөрөө

Өмөөрснийг сана, эрхт төр минь ээ

Ижий бүхэн цацлаа төрийн сүлдэндээ өргөж

Эцэг бүхэн сэржмээ төрийн сүлдэндээ дээжилж

Буруудаж, зөвдөхийн алинд нь ч хоёргүй сэтгэлээр

Бурхнаас ч илүү дээдэлж  ирснийг сана

Төгөлдөр эрхэм бүхний дээд нь хэмээн итгэж

“Төрийн сүлд минь өршөө” гэж

Уулга алддагийг нь сана

Буулга цаазтай төмөр зарлигийг чинь сонссон

Буруугүй хичнээн зүрх гомдоогүйг сана

Хаан богд Чингисийн

Халуун цусаараа гэрээсэлсэн

Хамаг монгол түмний

Халуун амиараа өмөөрсөн

Морин сүлдтэй, морин нүүдэлтэй

Монголын төр чамд хэлэх үг байна

Гэм хийсэн буруутанг

Гэсгээж шийтгэхдээ чи аав шиг төр бай!

Гэнэдэж яваа үрсийнхээ

Гэмийг нь уучлахдаа чи ээж шиг төр бай!

Буруутай бол буруугаа хүлээчихдэг

Хүү шиг төр бай!

Бусдын төлөө бүхнээ зориулсан

Бурханлаг төр бай!

Төр чамайг мэргэн байх аваас

Төгөлдөр бас тунгалаг байх аваас

Арслантай тамганы чинь дардас хатваас

Цусаараа дэвтээхэд бэлэн

Алтан соёмбыг чинь хазайваас

Ясаараа ивж тулахад ч бэлэн

Ард түмэн чинь хүлээж байна

Агуу бас тэнгэрлэг бай!

Харцаа буруулсан ч сэтгэлээ буруулдаггүй

Амраг шиг төр бай!

Хамаг монгол түмнээ гэсэн төр шиг төр бай!

 

 

Ж.Мөнхбатын шүлэг, Л.Балхжавын хөгжим, “Чингис хаан” хамтлаг, МУГЖ Д.Жаргалсайханы дуулсан “Хундагаа өргөе” нь түүний зохиосон дуунуудаас нийтэд хамгийн их түгсэн нь юм.

МАН-ын анхны долоогийн тухай “Долоон бурхан харвадаггүй” нэртэй киноны зохиолыг бичиж, продюсерээр нь ажилласан.

НАМЗХ-ы сүлд дуу “Монгол таньдаа зүтгэе” нэртэй дууны үгийг ч мөн л Ж.Мөнхбат зохиожээ.

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих