Тусгай хамгаалалттай газар нутгийг хувийн хэвшилд хариуцуулбал менежмент сайжирна
Төрийн ордонд байгаль хамгаалагчид чуулж тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байгаа билээ. Монгол Улсын тусгай хамгаалалттай газруудаас хамгаалалтаараа тэргүүлдэг, “Амьтдын диваажин” гэж хэлж болохуйц газар бол “Хустайн нурууны цогцолбор газар” юм. Энэ газрын жишгээр улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа БОНХ-ийн сайд С.Оюунаас эхлээд олон хүн ярьдаг. Тиймээс тус газрыг хариуцдаг “Хустайн цогцолборт газар” ТББ-ын захирал Н.Бандитай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
-Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг ТББ хамгаалахын давуу болон сул тал нь юу вэ?
-Монголд нийтдээ 99 тусгай хамгаалалттай газар байдаг. Үүнэс гурван газрынх нь хамгаалалт болоод менежментийг ТББ-иуд хариуцаж байна. Энд давуу тал маш олон. ТББ үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд менежментийг зөв зохицуулдаг. Манайх гэхэд л аялал жуулчлал хөгжүүлж, иргэдээс хураамж авч үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг. Үүнийгээ дагаад хамгаалалтын хариуцлага ч нэмэгддэг. Тиймээс зөвхөн ТББ гэлтгүй хувийн хэвшлийнхнээр тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалуулбал улсын нуруунаас хүн ачаа нь хөнгөрөхөөс гадна менежментийг сайн зохион байгуулах боломжтой. Энэ бол давуу тал. Бид “Хустайн нурууны цогцолбор газар”-ыг 20 орчим жил хариуцаж байна. Гэхдээ бидэнд багагүй бэрхшээл тохиолддог. Манай байгууллагын ажилчид төрийн ажилтны нийгмийн хамгааллын ажилд хамрагддаггүй. Түүнчлэн хүмүүс ТББ-ынхан төрийн өмнөөс ажил хийдэг учраас төрөөс их мөнгө авдагтай холбоотой байх гэх мэт хардлага гардаг. Төрөөс мөнгө авахгүйгээр энэ ажлыг зохион байгуулах боломж байгаа гэдгийг харуулахын тулд бид ажиллаж байгаа. Түүндээ ч хүрч чадаж байна.
-Ерөнхий сайд болон БОНХЯ-наас улсын тусгай хамгаалалттай газар нутгийг нээллтэй болгох талаар ярьж байна. Энэ хэр оновчтой шийдэл вэ?
-Энийг их оновчтой зохион байгуулах хэрэгтэй. Аялал жуулчлалыг зөв зохион байгуулахгүй бол гал түймэр гарах, хог нэмэгдэх гэх мэтээр эргээд сөрөг нөлөө дагуулж мэднэ. Үүнээс сэргийлэхийн тулд аялал, жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, яаж хянах вэ гэдгийг сайн судалж, бодлогоо оновчтой тодорхойлох хэрэгтэй. Тэгсэн нөхцөлд аялал жуулчлал, байгаль хамгаалал хоорондоо зохицох юм. Тусгай хамгаалалттай газар нутагт иргэд дураараа явдаг болчихвол амьтад үргээд, дайжаад алга болно шүү дээ.
-“Хустайн нурууны цогцолбор газар”-аар жилд хэдэн жуулчин үйлчлүүлж байна вэ?
-Гадаад, дотоодын жуулчид байгальд зэрлэгээрээ байгаа амьтдыг үзэж сонирхохыг их хүсдэг. Жилд дунджаар гадаадын 9000, дотоодын 5000 жуулчин ирж, 400 орчим сая төгрөг олдог. Олсон орлогоо 100 хувь буцаагаад байгаль дэлхий, ан амьтаддаа зарцуулдаг. Энэ бол бидний болон нутгийн ард түмний 20 жилд олсон амжилт юм.
-Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ хэдэн га талбай байдаг вэ, танай байгаль хамгаалагчид хүрэлцээтэй юу?
-Бусад тусгай хамгаалалттай газрыг бодвол бид нормативаас тав дахин илүү хүн ажиллуулдаг. Манай цогцолбор газар 50 мянган га талбайтай. Улсын нормативаар бол хоёр байгаль хамгаалагч л ажиллах ёстой. Манайд 10 хүн ам болгоныг хариуцан ажилладаг.
-Зөрчил хэр их гарч байна вэ?
-Зөрчил их байгаа. 6-9 сарын хооронд манай байгаль хамгаалагчдын хөөцөлддөг гол зүйл бол хууль бусаар тарвага агнагчид юм. Энэ нь нийслэлд ойрхон болон тарваганы тоо толгой өсч байгаатай салшгүй холбоотой. Түүнчлэн хүмүүс агнаж, устгах нь ховор байдаг учраас Хустайн нурууны тарваганууд автомашинаас үргэдэггүй. Тэгэхээр хулгайн анчид машин дотроосоо буудах гээд байдаг. Мөн оршин сууугчдын мал орох гээд байдаг. “Хустайн нурууны цогцолбор газар” дэлхийн хүн, амьтан, малын сүлжээнд хамрагдсан газрын нэг. Тэгэхээр бид зөвхөн Монгол Улсын биш дэлхийд бүртгэлтэй учраас мал оруулахгүй байхыг хичээдэг. Үүнийг ч малчид ойлгодог болж байгаа. Бусад газрууд бол оруулдаг юм билээ.
-Хэрэв тарвага агнаж байгаад баригдвал ямар хариуцлага тооцдог вэ?
-Хэрэв алсан байгаад баригдвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний торгууль төлөх ёстой. Манай байгаль хамгаалагчид агнахаас нь өмнө зогсоодог учраас агнахыг завдсан гэдгээр 10 мянган төгрөгөөр торгож, бууг нь хураадаг юм. Энэ нь торгууль хэтэрхий бага учраас зөрчил давтагдах тохиолдол нэлээд гардаг. Тиймээс торгуулийн хэмжээг нэмэх хэрэгтэй байгаа.
-Байгаль хамгаалагчдын унаа, бие хамгаалах хэрэглэл гэх мэт хангамж ямар байна вэ?
-Улсын тусгай хамгаалалттай газруудын байгаль хамгаалагчдын хангамж хэр байдгийг би мэдэхгүй. Манайд бол хувцас хэрэглэлийг бүгдийг ТББ-аас гаргадаг. Мөн байгаль хамгаалагч бүрт дижитал аппарат өгсөн. Унааны хувьд асуудал их. Хулгайн анчид автомашинаар ихэвчлэн ан хийдэг. Гэтэл бид зундаа мотоцикль, өвөл морьтой байдаг. Мотоциклоор хэзээ ч автомашиныг гүйцэхгүй. Өнгөрсөн зун манай Лхагвадорж гэдэг байгаль хамгаалагч хулгайн анчинд мөргүүлэх дөхсөн. Энэ мэтчилэн асуудал их л байна.
-Хустайн нуруунд нутагшуулсан тахь 260 хүрсэн гэсэн. Харин буганы тоо толгой хэд хүрч байна вэ?
-Бид сард нэг удаа тооллого хийдэг. Өнгөрсөн сарын мэдээллээр 700 гаруй буга тоолсон. Мөн бидний олзуурхаж байгаа нэг зүйл бол өмнө нь эзгүй шахуу байсан энэ газар нутагт Цагаан зээр, Аргаль, Янгир ирж нутагшсан. Мөн тарвага зурам нь хүртэл өсч байгаа. Хустайн нуруунд олон орноос судлаач ирж ажилладаг учраас олон улсын сургалт судалгааны төв байгуулахаар зорьж байна. Манай нутагт нийтдээ 46 төрлийн хөхтөн амьтан, 20 зүйл шоргоолж, 380 гаруй төрлийн хөрсний шавьж бий. Дэлхийд бүртгэгдээгүй шавьж хүртэл шинээр илэрсэн. Үүнийг БОНХЯ-нд мэдээлсний дагуу шинэ шавьжаа “Epidamaeus Khustaiensis” хэмээн нэрлэж дэлхий дахинаа тэмдэглүүлсэн. Түүнчлэн чоно их бий. Бид тэдэнд тохиололтой хүзүүвч зүүн байршлыг нь хянаж, хаана ямар хэрэг тарьж явааг нь төвөггүй мэдчихнэ. Гэхдээ өөрсдөө цогцолборын нутаг дэвсгэрээс гарч тэнэж яваад анчдын суманд өртдөг талтай. Өмнөх жилүүдэд Төв аймгийн нутагт, цаашлаад Булганы Дашинчилэн сумын нутагт хэдэн чоно алуулсан.
- Ховор зүйлийн ургамлаасаа сонирхуулаач?
-Гайхуулах зүйл зөндөө бий. Согоосуман башир, уруулт гэзгэнэ, цагаан уул, холтсон цэцэг, хөвөн оройт, эмт сөд гээд ховор ургамлаар ч баян даа.
-Хулгайн анчидтай хэрхэн тэмцэж байна вэ?
-Янз бүрээр л тэмцэнэ дээ. Буга хулгайгаар агнах тохиолдол бий. Зөвхөн буганы чив, засаа, согооны сүүлийг авахын тулд хороодог нь харамсалтай. Монголчууд харин тахь руу ёстой буу шагайдаггүй. Хулантай андуурч хэдэн жилийн өмнө нэг удаа тахь буудаж амийг нь хороосон. Цаг агаарын нөхцөл байдал болон хааяа чоно унагыг нь идчих гээд байдгаас өөр хүндрэл байхгүй. Бид сүүлийн үед хулгайн анчидтай тэмцэх өөр арга олсон. Хулгайн ан хийх боломжтой гэсэн газруудад нууц камерь байрлуулж эхэлсэн. Хулгайн анчид амьтан алчихаад зугатах тохиолдол их. Хулгайн анчдыг нууц камераар илрүүлээд замыг нь амдаж машиных нь дугуйг хагалах зорилгоор жижиг шовх үзүүртэй хадаас замыг нь дагуулж асгахаар бэлтгэсэн. Дугуй нь хагарсан машин хол явж чадахгүй шүү дээ. Иймэрхүү аргаар тэмцэж байна даа.
Ч.Ариунболд МОНЦАМЭ
URL: