Н.Батбаяр гишүүний ноцтой мэдэгдэл

Өнөөдөр орой МН25 суваг телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Нямжавын Батбаяр маш ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрээр Монгол улсын засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ Монголын талын эзэмшил 34 хувь байна гэсэн нь хэрэг дээрээ луйвар байсан бөгөөд одоогоор Монгол улсын эзэмшиж буй хувь 34 биш, ердөө 6 орчит хувь болоод байгаа талаар ярьсан юм. Учир нь гэрээг хийсэн сайдууд гэрээнд тус компанийн нийт хувьцааны 34 хувь биш, давуу эрхтэй хувьцааны 34 хувийг эзэмшинэ гэсэн заалт оруулсан юм байна. Тийм учраас Оюутолгой компани нэмж хувьцаа гаргах бүрд Монголын эзэмшил хувь одоо байгаа 6 хувиасаа ч буурах нөхцөл бүрджээ. Түүний энэхүү мэдэгдлийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг батлан, гэрээнд ийм өгүүлбэр байгааг мөн дурдсан юм. Хэрвээ Н.Батбаяр гишүүний энэхүү мэдэгдэл үнэн бол “эх орноо худалдсан” ийм гэрээг хийсэн С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарын сайдуудыг огцруулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Засгийн газар ч бүрэн бүрэлдэхүүнээрээ нэн даруй огцрох ёстой. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуультай. Н.Батбаяр гишүүн чуулганы танхимд биш, телевизээр ийнхүү ноцтой мэдэгдэл хийсэн нь удахгүй багагүй шуугиан дэгдээх биз ээ.

Эх сурвалж http://www.ireport.mn/


URL: