Ш.Сайхансамбуу: Манай намын удирдах хүмүүс гишүүдийнхээ үгийг тоодоггүй

11761_495УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай ярилцлаа. Тэр намынхаа тухай ингэж ярьсан юм.

-Та нийслэлийн МАН-ын хорооны дэд даргын алба хашдаг. Тэгэхээр намынхаа Их хуралд бэлдээд завгүй байгаа биз. Зах шатсан тухайд ч мартсан үе болов уу?

-Тийм юм алга. Намынхаа Их хурал болохыг жирийн гишүүний адил хүлээж сууна. Намайг цаадуул чинь төлөөлөгчөөр сонгоогүй юм чинь.

-Цаадуул чинь гэж та намынхаа удирдлагыг л хэлж байнаа даа?

-Их хөндий үг сонсогдож байна уу. Тэр ч аргагүй. Би нийслэлийн Намын хорооны дэд даргаар сонгогдоод хоёр жил болж байна. Энэ хугацаанд намынхаа ажлын талаар хоёр зүйлийг л мэдэж ажигласан. Намын анхан шатны үүрийн ажил сайн байна гэдэг нам хүчтэй, амьд сэрүүн байх эхлэл юм. Гэтэл манай намд ийм ажил алга болсон. Би хот, хөдөөд намын анхан шатны байгууллагын дарга нарыг цуглуулж ярьж үзлээ.

Өөрийн санааг ч хэлж байлаа. Тэгэхэд юу ажиглагдсан бэ гэвэл МАН гэдэг улс төрийн том хүчийг зайлшгүй шинэчлэх шаардлага бий болж гэдгийг олж харсан. Намын нүүр царай ямар байна вэ гэвэл хэсэг бүлэг нөхөд албан тушаалыг хоорондоо наймаалцах маягаар сэлгэж бие биедээ найр тавьж, аливаад хуйвалдааны шинж чанартайгаар хандах болсон. Үүнийг манай намын жирийн гишүүд хэлж шүүмжилж байгаа юм. Зөвхөн манай намын биш дэмжигчид ингэж ярьдаг.

-Танай намынхныг шүүмжлэл хүлээж авахдаа тааруу гэж олон хүн хэлэх юм билээ?

-Яг л үнэндээ. Шүүмжлэлийг огт буруугаар хүлээж аваад мөн буруугаар хариу барьдаг ийм муу арга манай намын удирдах хүмүүсийн гол хийдэг ажил нь.  Шударгаар хандсан, шүүмжилсэн хүнийг үзэн яддаг, замаасаа зайлуулахыг хичээдэг. Үүнийгээ сүүлийн үеийн дарга нар сүрхий уламжилж аваад явах юм. Сайныг нь орхигдуулах мөртлөө. Ерөөс телевиз, радио, сонин хэвлэлээр энэ тухай хангалттай сонсож, харж байна.  Тэр бүхнээс нэг л юм ойлгогдоод байгаа. Хоорондоо өвөр, түрийндээ их орсон байна. Тэгснээр чин шударга үйл ажил нь хомс маш муу ажиллаж байна гэж намын дотроосоо ийм шүүмжлэл өрнөөд байна. Үүнийг манай намынхан үг гэж сонсдоггүй, хэрэгжүүлэх битгий хэл юу хэлчихэв гэж анзаардаггүй огт тоодоггүй гэж хэлж болно. Хэзээ чихнийхээ бөглөөг авдаг вэ гэвэл сонгуулийн үеэр л сонссон дүртэй зан гаргадаг.

-Таныг намын их хурлын төлөөлөгчөөр сонгоогүйн учир юу юм бол?

-Үнэн үг хэлсэн хүнд өшөөтэй гэдэг л намайг унагах оролдлогын шалтгаан байдаг. Тэр л давтагдахгүй юу.

2012 оны сонгуулийн өмнө намын бага хурлаар бүр зохион байгуулалттайгаар өөрсдийнхөө сонгосон хүнээр үг хэлүүлж байгаад л унагасан. Тухайлбал Ерөнхий сайд асан Г.Очирбат, УИХ-ын гишүүн Р.Раш нараар үг хэлүүлж байгаад л. Тийм муу аргатай шүү дээ. Сая намайг Их хурлын төлөөлөгчөөр сонгоогүй нь бас л тэр аргаа хэрэглэлээ дээ. Мэдээж. Уг нь би Их хурал дээр ийм үг хэлнэ. Намаа шинэчлэх, үйл ажиллагааг нь сайжруулах санал бодлоо тодорхой тавих гэж байсан. Гэвч намайг төлөөлөгч болгосонгүй. Муу Сайхансамбуу шүүмжлэх л биз гэж ярилцсан байх. Гэхдээ надтай адил санаа бодолтой, түүнийгээ шударгаар илэрхийлчихдэг хүмүүс төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон байна лээ. Тэд миний хэлэх үгийг бараг хэлчих байлгүй дээ.

-МАН-ынхан албан тушаалыг мөнгөтэй холбоотой ойлгодог болсон. Аль мөнгөтэй хүнийг бүтэц бүрэлдэхүүндээ багтааж албан тушаал өгч түүнийхээ хүчээр хүмүүсийг өөрсөддөө дуулгавартай зарц болгон сааж амьдардаг гэдэгтэй Та санал нийлэх үү?

-Үнэн л дээ. Би хүртэл өөрийн шударга хөдөлмөрөөр олсон орлогоосоо намдаа чамгүй л хандивладаг байлаа. Тэглээ гээд өөрийн чинь хэлдэг шиг дуулгавартай зарц болж явсангүй. Хаа ч хэлэх үгээ хэлчихдэг, шүүмжилчихдэг. УИХ-ын гишүүн байхдаа ч тийм л байсан. Би 1989 онд намд элссэн. Тэр цагаасаа хойш бодож явж ирсэн нэг санаа маань намын анхан шатны байгууллагын ажлыг сайжруулахсан гэж хичээсэн. Гэтэл манай энэ намын толгойд байгаа хүмүүс жирийн иргэдийнхээ үгийг огт тоохгүй болохоор хэцүү юм. Намын ажлыг нөгөө албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдэг шиг л удирдаж байгаа юм шүү дээ. Ний нуугүй хэлэхэд. Ингэж шүүмжилсний төлөө намайг төлөөлөгч болгохгүй байгаа юм. Тэглээ гээд би юу хохирохов. Сайхансамбуу байдгаараа л байна. Ер нь жаахан эвгүй сэтгэгдэл төрж л байна.

-МАН-ын одоо болох Их хурлаас нам дотроо төдийгүй нийгэм их юм хүлээж харж байгаа. Таны хувьд ямар хурал болоосой гэж хүсч байна вэ?

-Яахав. Энэ их хурал ямар болох нь сонин л байгаа. Өмнөх их хурал нам өөрөө төрийн эрх мэдэл дээр сандайлсан асар хүчтэй байсан үе болохоор санаснаа хийж чадаж байсан. Тэгвэл энэ удаа төрийн алив албан тушаал амлаж чадахгүй, зүгээр нэг утасны нэгж  өгөх маягийн юм л болох, сайн бол тав, арван мянган төгрөг гар дээр нь тавих маягийн хайрцаглал л харагдаж байна л даа. Тэр нь илт байна. Бие биенээ сонин хэвлэлээр их гөвөх шиг боллоо. Үүнээс ашиг гарах эсэхийг мэдэхгүй. Дэмий л  юм. Надад их хурлаас та юу харж байна гэж асуулаа. Үүнд юу ч харахав дээ гэж хэлмээр санагдаж байна. Энд нэг жишээ хэлье. Өчигдөр байвуу даа “ТВ-8”-аар 2007 онд болсон 25 дугаар их хурлын тухай баримтыг харуулж байна. Энэ хурлаас юу харж байна гэсэн асуултад Ц.Мөнх-Оргил, С.Нарангэрэл, Л.Одончимэд нарын олон төлөөлөгч хэлэхдээ:

-Энэ хурлаасаа бид асар их юм харж байна. Илтгэл ч сайхан боллоо. Одоо л нам маань шинэчлэгдэх нь гээд л авч өгч байх юм. Гэтэл тэр их харсан юм нь огт хэрэгжээгүй. Намын хүч улам суларч, хуучинсаг хэвээр ямар ч нэр хүндгүй боллоо. Улам заваарсаар өдий хүрсэн. Иймээс би юу ч харахав дээ гэж хэлж байгаа нь тэр.

-Намыг шинэчилнэ гэсэн залуучууд гарч ирээд үгээ хэлж байх юм. Тэднийг та дэмжиж байгаа юу?

-Тэднийг дэмжиж байнаа. Манай хуучин кадруудаас дахиад намын удирдлагад сонговол намын хүрээнд ч цаашлаад нийгэм ч хүлээж авахгүй шүү дээ. Намын гишүүдийн санаа бодол ч тийм байгаа. Тиймээс залуучуудаас гаргаж тавих нь зөв. Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, С.Бямбацогт мэтийн арай өөр юм хэлээд байгаа хүмүүс байна шүү дээ. Шинэчлэлийн Т.Аюурсайхан гэж гайгүй залуу байна. Намын хууччуулаас үнэн уйдчихаад байна шүү дээ. 1990 онд Монголын ард түмэн Улс төрийн товчоо гэдгээс яаж уйдсан шиг л байгаа гэж хэлж болно. Залуучуудад итгэл хүлээлгэмээр байна л даа.

-Намын хууччуул тэр залуучуудыг төдийлэн тоохгүй байгаа нь ил байна. Үүнийг саяхан намын хуучин кадр Б.Даш-Ёндон гуайн “Манай нам ангайхайнуудын үүр биш” гэж хэлснээс ингэж бодогдож байна л даа?

-Б.Даш-Ёндон гуай тэгж хэлсэн бол өөрийн нь үг биш. Би дээр хэлсэн дээ. Хэн нэгэн хүний үг ашиглаж тэр хүнээр хэлүүлж байгаад хэн нэгнийг унагах тухай. Тийм үгийг тэр өвгөнөөр шахаж байгаад л хэлүүлчихсэн байхгүй юу. Тийм л башир аргатай шүү дээ. Тэгж ярих юм бол Н.Энхбаяр, М.Энхболд гээд нөхөд дөнгөж гучин хэдтэй намын дарга болж байсан даа. Тэд ангаахай байсан уу, үгүй ээ. Тэр хүмүүс гарч ирэхдээ намаа шүүмжилж байгаад л гарч ирж тэгснээр итгэл хүлээж байсан. Б.Даш-Ёндон дарга өөрөө ч ажлаа үг дуугүй өгч л  байсан. Гэхдээ одоо М.Энхболд нарыг би хөгшин гэж байгаа юм биш. Гагцхүү тэдний ажлын арга барил нь хоцрогдчихож. Элдэв хуйвалдаан муу юманд хордчихсон байна. Сэтгэхгүй байна. Мэдрэмж нь муу байна. Даанч үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй юм даа.

-Намын ажил муу байгаагийн нэг гол шалтгаан нь намын үүр, хороодын ажлыг өөд татахгүй байгаагийнх гэж ойлголоо?

-Яг тийм. Манай намын удирдлага намын анхан шатны байгууллага дээрээ огт очдоггүй. Гишүүдийнхээ үгийг бүр сонсдоггүй. Намынхаа байранд ирсэн хүний үгийг ч хэрэгсдэггүй. Тэгэхээр намын ажил сайн байх уу даа. Ер нь манай намын гишүүд намдаа их гомдчихсон, тэрнийгээ хэлдэг. Тэгэхээр нь би асууж үзсэн л дээ. Намынхаа үйл ажиллагаанд ийм сэтгэл дундуур байгаа хэрнээ яагаад санал өгөөд байдаг юм гэж. Яая гэхэв нам маань сонгуульд уначих вий гэсэн дээ. Гишүүний хувьд намаа дугуйлдаг гэсэн хариу хэлдэг юм билээ. Энэ сайхан санааг нь намын удирдлагын нөхөд ашиглаж завшдаг. Ардчилсан нам дээр ч дээрх алдаа адилхан л давтагдаж байна. Бид шинэчилж байна л гэж ярьдаг ч манай намынхны гаргасан алдаа эндэгдэлтэй муу замаар л тонхчуулаад байгаа юм. Наад зах нь гэхэд мэдлэг чадвар энэ тэрийг огт харгалздаггүй сонгуулийн үед жаахан амьсгаадаад дагаж гүйж байсан юм мэддэггүй нөхдөө төрийн албан тушаалд тавьчихсан. Иймээс төрийн ажлын чанар их муудсан шүү дээ. Энэ тал дээр аль ч нам ялгаагүй бодлогын алдаатай ажиллаж байгаа нь үнэн.

-Эцэст нь асуухад танай намын их хурал ямар болох дүр зураг байна вэ?

-Их хурлын төлөөлөгч сонгож байгаагаас харахад тийм олигтой шинэлэг болж чадамгүй л байх юм. Харин тэд хүнд албан тушаал, эрх мэдэл амлаж чадахгүй учраас хурал шударгадуу болох магадлал бий. Гайгүй юм хэлчихдэг залуучууд ч төлөөлөгчдийн дунд байгаа харагданалээ. Тэд юм хэлэх байх л даа.

-Өөрийг чинь элдэв албан тушаалд шунадаггүй хүн гэж боддог. УИХ-д дөрвөн жил суусныг чинь эс тооцвол шүү дээ?

-Хүмүүс таны адил тийм зөв ойлголттой байдаг юм билээ. Аль нэг албан тушаалд байснаас жирийн бизнесмен байх шиг сайхан юм алга. Санасан бодсноо чөлөөтэй гүйцэлдүүлээд л явж байх юм.

-Танд ойрын үед хийж бүтээхийн төлөө зорьж байгаа юм чинь юу байна вэ?

-Юуны өмнө захад гарсан галаас болж хохирсон түрээслэгчиддээ байртай болгох асуудал байна. Ирэх жилийн наадам гэхэд дуусгачих орчин үеийн өнгө төрхтэй, шинэ технологийн  бүтээцтэй тийм байр барих ажил эхлээд байна. Яахав наадмаар чадахгүй ч хойтонгийн өдийд тэр зорилгоо биелүүлнэ гэж бодож байна. Ер нь миний бас нэг том зорилго байдаг юм. Энэ нь Монгол Улс өөрөө бензинээ гаргаад авчихдаг болох юмсан гэдэг санал, төлөвлөгөөгөө би одоогоос олон жилийн өмнө боловсруулсан. Үе үеийн төр, засагт тэрнийгээ танилцуулсан. Хэзээ нэг цагт дэмжигдэх байх гэж бодож байгаа. За энэ яахав. Миний л хийх ажил.

-Та алс нь УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?

-Заавал 2016 оных гэх нь юу юм. Боломж байвал нэг удаа бие даагаад үзэж магадгүй.

Д.ЦЭРЭННАДМИД


URL:

Сэтгэгдэл бичих