Идэрийн дурсамж – I
I хэсэг
…Би хөдөөгийн нэгэн жижигхэн суурин, сумын төвд хүүхэд насаа үдсэнсэн. Тэр үед оюутнууд зуны амралтаараа нутаг усандаа цугларах, залуус цэрэгт татагдах, цэргээс халагдаад ирэх нь наадам, цагаан сарын дараа ордог томоохон дуулиан шуугиантай үйл явдлууд бөгөөд мэдээж зарим нэгэнд нь баяр баясгалан, заримд нь гэгээхэн гуниг үлдээдэг байсан нь дамжиггүй. Оюутнууд амралтаар ирэхээр жижигхэн суурин минь өнгө орон сумын улаан булангаас нэг л сайхан цоглог аяс сонсогдоод орой YДЭШЛЭГТЭЙ гэсэн зарлал хөвгүүд бидний сэтгэлийг гижигдэн орон гэртээ байж суухын аргагүй болгож орхидог байж билээ.
…Хөдөөгийн жижиг суурин болохоор хэний ах, хэний эгч хаана ямар сургуульд сурдагийг андахгүй мэдэцгээх бидний хувьд тэдний дүр төрх хэрхэн өөрчлөгдсөн, өмссөн зүүснийх нь этгээд чамин, за тэгээд хэний эгч хэний ахтай орой болтол гудамжны буланд ярьж зогссон хийгээд, жаргалтайхан инээд үе үе цангинуулан байсныг нь хүртэл бие биендээ мэдэмхийрэн ярих нь зуны урт өдрийг өнгөрүүлж ядах бидэнд тун зугаатай.
…Тэр үед хойшоо сургуульд явна гэдэг бараг хүүхэд болгоны мөрөөддөг зүйлийн нэг байсан. Яагаад гэдгийг бүгд мэднэ дээ. Нэг хоёр жилийн л өмнөх хоёр салаа гэзэгтэй годгор бор охин Новый товар сэтгүүл дээр гардаг хээнцэр ганган хүүхнүүд шиг сайхан эгч болчихсон байдаг. Yгvй мөн хачин аа. Хойно л сураад тэр дээ. За тэгээд жийнс гэдэг хөх өнгийн өмд байх. Ёстой жинхэнэ нь босгоод тавьчихаар зогсдог гэлцэх. Тэр айхавтар ховор нандин өмдийг хойно сурдаг оюутнууд л өмсөж ирнэ. Харин хойшоо явсан ах нар эхний нэг хоёр жилдээ царай нь жоохон шингэрч, дээд уруул дээр нь жоохон сахал ургачихсан, ВТ янжуур угзарсан шиг, хэдхэн жилийн өмнө айлын эгч дуудуулж явснаа мартчихдаг юм уу мань мэтийн нусаа чирсэн бацаануудыг бол тоож ч харахгүй.
…Айлын сайхан эгч амралтаараа ирлээ. Ахын ангийн хүүхэд болохоор би бас бяцхан танимхайрах. Гудамжны үзүүрт зогссон машины кабинаас бууж ирсэн эгчийн чемoданыг нь өргөлцөж гэрт нь хүргэж өгөхөд намайг урамшуулан жинхэнэ СОЮЗ бохь гээчийг өгсөнсөн. Хар модны давирхайг л бохь гэж бодож явсан надад хачин сонин зүйл байлаа. Найз нартаа гайхуулаад үзүүлж орхисон чинь дамжуулан зажилж үзсээр нөгөө сайхан үнэр амт хоёрыг нь алга болгож орхисон. Тэр үед эдийн дээд бол Орос бараа байсан болохоор манай хөдөөнийхэн гадаадын бараа болгоныг жинхэнэ СОЮЗ гэдэг байсан. Тэр эгч надад ахиад СОЮЗ бохь өгсөнгүй. Харин бид нар үнэртэй усны бөглөөний хуванцар жийргийг зажилж үзлээ. Жоохон хатуу ч гэсэн үнэртэй ус амтагдана. Тэр нь л сонин байсан байх даа. …Бас замын хар ч зажилж үзлээ. Амт үнэргүй хэдий ч тас тас дуугаргаж болдог байсийм.
…Манайх сумын Улаанбулангаас холгүйхэн байлаа. Хагас бүтэн сайнаар хааяа алдаг оног байлдаантай кино гардаг, аав, ээжийн лекц сонсгол, хурал цуглаан болдог манай сумын Улаанбулан зуны турш дуу хуур, кино үдэшлэгээр үл тасарна. Оройхон тал талаас гоё ганган ах эгч нар цугларсаар үдэшлэг эхэлнэ. Лав л бидний мэддэг дуу биш нэг л ондоо тийм гээд хэлчихийн аргагүй цоглог аялгуу хадаад явчихна. Гадаа байсан бүгд л гүйлдээд орчихно. Харин билет тасалдаг ууртай авгай биднийг “-Харьцгаа!” гээд зандчиж эхэлнэ. Энэ Улаанбулангийн дотор юу болоод байна аа. Ядаж цонхоор нь харъя гэтэл хар хилэн зузаан хөшгийг нь татчихсан байх.. Айлын сайхан эгч маань К үсэгтэй мөрдөстөй цэргийн даргын хувцасаар гангарсан, дохио Ганаагийн ярьснаар Хийвт (Киев) сурдаг өндөр ахтай цуг дотогш орчихлоо. Намайг тоож ч харсангүй. …Энүүхэн хаалганы цаана хөвгүүд биднээс нууцлаад байгаа, бидний үл мэдэх нэгэн ер бусын зүйл байна гэдгийг баяцхан цээжинд минь булгилан цохилох эр бор зүрх минь мэдэрч байсан юм. …Бушуухан, бушуухан том болохсон.
…Аймгийн төвөөс шуудангийн царцаа ногооноор нэгэн кино ирсэн гэж суурин даяар яриа боллоо. Долоохон хоног гараад буцсан. “ЗУУРДЫН СЭТГЭЛ” нэртэй “ЗЄВХЄН НАСАНД ХYРЭГСЭДЭД” гэсэн тодотгол бүхий зарлалтай япон кино олон залуусын зүрхэнд хайрын гал дүрэлзүүлсэн байж магадгүй. Тэр орой кино дөнгөж эхэлсний дараахан тог тасарч, кино механикч өвгөнийг мотороо асаах гэж мунгинах хооронд найзынхаа хамт хаалган завсраар шургаж амжсанаар том хүний кино хүн болсоор анх удаа үзлээ. Хос 2, уруулаараа их л удаан үнсэлцдэг нь л сэтгэлд үлдсэн юм. Єндөр курсант ах айлын сайхан эгч 2 тэр зуны үдэшлэг киног алхсаагүй дээ.
Эрээнцавын гэгдэх Нямдорж найрагч, угаасан зүйлээ хэцэн дээр тохож буй бүсгүйн тухай шүлэглэсэн нэгэн шүлэг байдаг. Сайхан эгчийг хашааны завсараар шохоорон харах хөвгүүн надад яг л тийм зураг үзэгдсэнсэн. Кино үзсэнээс хойш айлын сайхан эгч улам хөөрхөн харагдаад байх боллоо. …Хожим:-
Япон тэнгисийн эрэг дээр
Янаг хоёр болзжээ
Янаг хоёрын тэр болзоо
Яг л зуурдынх юм шүү… гэх маягийн үг зохион үг киноны дууны аянд дуулцгаах болсон бидний нэгэн зуны амралт дуусах дөхөж байлаа. Баруун зүгийг чиглэсэн их зам манай сумаар дайрч өнгөрөх тул оюутнууд замын машинд дайгданхан сургуульдаа буцацгаана. Аав ээжийн ярих нь хажуу айлын сайхан эгч өнөө маргаашгүй буцах гэнэ. Тэр эгчийг яваад өгнө тэгэхдээ бүр өндөр ахтай цуг буцах нь гэхээр сэтгэл нэг л гунигтай. Одоо бодоход хөвгүүн би эмэгтэй хүнийг ээж, эгчээсээ өөрөөр харж хүний охин үрийг бусдаас харамлаж хайрлахыг мэдэрч ядан байсан нь тэр байж. Єндөр курсант ах, айлын сайхан эгчийг дагуулаад буцлаа. Оюутнууд буцсаар сумын төв шувууд нь буцсан нуур шиг эл хуль болж, Улаанбулан эзгүйрэн ханхайн хоцров. Удахгүй сургууль маань эхэлнэ. Зуны даалгавар болох 5 зурамны арьс, атга шүүрний өвсөө барьсаар бүртгүүлэхээр одно. Тэнд бидний мэддэг орчлон бий.. Тэр үед алдарт Беатлз дэлхийг тойрон тоглож, Еаглз ” Хотел Kалифорниа”-гаа, ардын жүжигчин болох азаа уусан Адарсүрэн “Тэмээн дээрээс наран ойрхон”-оо, Баян Монгол “Сайн байна уу? Улаанбаатар”-аа дуулж залуус дурлаж дурлалцаж, хайрлаж, хайрлуулж байсан нь дамжиггүй. Харин хөвгүүд бид МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлэн байхаа гурвантаа андгайлан тангараглаад пионерт элсэж байсан.
Энэ бол зохиол биш л дээ. ЗЄВХЄН миний л дурсамж. …Хөдөөгийн хүүхэд бидэнд оюутан ах, эгч нар, ер нь л ХОТООС ИРСЭН ХYН болгон сонин байдаг байлаа. Учир нь тэд бидний мэдэхгүй үзээгүй газраас ирсэн болоод л тэр. Тэдний өмссөн зүүсэн, аялсан дуулсан, хэлсэн ярилцсан үг хэллэг тэр л чигээрээ бидэнд бөөн сонин. Хичээл эхлээд 1-2 сарын турш тэдний тухай яриа тасрахгүй. Тэр жил бид нар сурагч бэх найруулах ажлаас чөлөөлөгдөн, орос цэнхэр бэхээр жинхэнэ СОЮЗ үзгээр бичицгээх боллоо. 4 төгрөгний үнэтэй энэ үзгийг 4-ийн үзэг гэх бөгөөд, нэлээд гайгүй нэг нь барьдаг, бидэндээ л тансаг эд байв. 11 сарын үеэр сумын дэлгүүрт кг нь 5 төгрөгний үнэтэй алим ирнэ. Час улаан, атгасан гар шиг том, нимгэхэн цагаан цаасанд боосон алим дэлгүүр дүүрэн сайхан үнэр ханхлуулсаар 7 хоноод л дуусна. Ирэх жилийн 11 сар хүртэл чи алим олож харахгүй. Харин хатсан алим, хар чавга бол мэр сэр гараад байдагсан. 12 сарын дунд үер 7.20-н гэгдэх хиам (бидний ярьдгаар бол галавсай) ирнэ. 1 төгрөгөө нийлүүлэн байж хэдэн гожгор хиам аван хэн нэгнийдээ очиж шарж иднэ дээ. Салахын аргагүй сайхан амттай. Гэм нь учиргүй их ам цангах тул худгийн хүйтэн ус залгилсаар зогисуулан бөөн юм болно. Тэгээд шинэ жил. …Хүүхэд бидний хамгийн ихээр хүсэн хүлээдэг нижгэрхэн сүрлэг сайхан баяр байлаа. Тийм ч болоод, Харангын Лхагваа: “- Мандариний үнэр ханхлаад л шинэ жил мөн сайхан шүү” хэмээн нэгэнтээ дурссан биз ээ…
Хойтон жилийн зуны амралтаар айлын сайхан эгч маань ирээгүй. …Хожим гитар тоглож сурах гэж “Зуурдын сэтгэл” киноны дууны аяыг тон тон хийн тогшиж суухад, айлын сайхан эгч нүдэнд харагдах шиг болдог байсан. Yнэхээр сайхан эгч байсан шүү. …Харин ах маань техникум төгсөн цэрэгт мордож, эгч маань техникумд сурахаар хот явсан. Хөдөөгийн жижиг сууринд амьдрал үргэлжилсээр. …Бид нар ч “Залгамж үе аяны 7-н жигүүрээр жигүүрлэн, аймгийн тэргүүний бүлэг болохоор шамдан, 20 литрийн шилэн баллоны хүзүүг нь тайрч хийсэн аквариумдаа голын жараахай тэжээн, аймаг төвөөс ирэх элч төлөөлөгч дарга нарт анги танхимаа танилцуулан, хирдээ л завгүй байсаар өдрийг өнгөрөөнө. …Голын жараахай дасах гэж бараг үгүй дээ. Мөн ч олон жараахай үхүүлсэн. Гэхдээ л 10-аад жараахайтай аквариум ганцхан манай ангид л байсан. Тиймээ, бид өсөж байлаа, суурин маань ч өргөжиж байлаа. Шинээр 8 жилийн сургууль нэмэгдэж Улаанбулан маань “Ажилчны клуб” болон томорч, шинэ спорт залтай боллоо. Хамгийн том өөрчлөлт нь “Орбит” гардаг болсон юм даа. Яг тэр үед манай сумын төвд зурагттай айл 4-хөн байсан. Нэг нь манай урд гудамжинд. Орой тэднийд орон, хүүхдүүд нь урдуур, томчуул нь араар нь зээглэн суугаад, мэдээ, баримтат кино ер нь юу л гарна бүгдийг нь үзнэ. 11 цагт холбооноос нэвтрүүлгийг тасалснаар сая нэг өндөрлөнө дөө. …Тэр үед бид хүсэл болсон халимаг үс тавих эрхтэй болон аймгийн тэргүүний бүлэг болсон юмдаг. Хиам, хатсан алим, хар чавга, молоко сонин биш боллоо. Хотын хүнээс чихэр горьдон эргэлдсэн балчир нас минь улирч байсан нь тэр байж. …Бид огт өөр зүйлийг хүсэн мөрөөдөцгөөх боллоо. …Тийм л дээ, бид өсч байлаа.
…Хүслэн болсон халимаг үсээ тавьснаар, үснийхээ уртыг байн байн хэмжицгээдэг өвчтэй боллоо. Нэг их урт үс моод болоод байлаа. Харамсалтай нь багш нар маань атгахад атгаж болохооргүй хэмжээнд байлгах гэнэ. Засуулахгүй жаахан гүрийж үзэвч, үсний машин барьж ирээд урдаас нь халзлаад өгөхөөр бүр баларсан юм болно доо.
Манай ангид өөр сумаас нэгэн охин шилжин ирлээ. Тэр охин надад нэг л дотно санагдах болсон юмдаг. Одоо бодоход инээдтэй юм л даа. Мартын 8-наар тэр охинд бэлэг өгмөөр санагдан, бодсоор байж номноос өөр өгчих зүйл олдсонгүй. Тэгээд тэр өгөх ном маань “Хаврын арван долоон учрал” шүү дээ. Эгчийн чемoдaнаас олж авсан “С Новым Годом” гэсэн бичигтэй ил захидлын ард “Алт мэт аавд тань… Эрдэнэ мэт ээжид тань… Хонгор хайртай залууд чинь… Хожим төрөх үрд чинь… Хорвоогийн сайн сайхныг хvсьe.” гэж бичээд номон завсараа хавчуулан партных нь нүдэнд шургуулж орхилоо. Харамсалтай нь тэр охин анзаараагүй юм уу, анзаарсан ч авалгүй орхисон юм уу, үлдээсэн байсныг ангийн маань нэг нь олж авснаар би одоогоор бол хачин том онигоонд орж билээ. Хөөрхий тэр охиныг ч тун эвгүй байдалд оруулсан байх. Түүнийгээ тухайн үед бол ухаараа ч үгүй биз дээ. Хөвгүүд бид урьдын адил ангийн охидуудтайгаа шуугилдан тоглох нь байтугай цуг явахаас ч зовдог болцгоогоод байлаа. Гэхдээ л охидын дотроос хэн нэгнийг нь арай илүү дотночлон харж явцгаах болсон юм.
…Хаа нэгтээ ирдэг шинэ киноны хамгийн эхний гаралтыг дотночлон харж явдаг охиндоо үзүүлэх гэдэг хөвгүүд бидний тэднийхээ төлөө хийж чаддаг ганц зүйл нь байж дээ. Бараадан сууж кино үзчихээд эгээ л хажууд нь сууж, халуун гарыг нь атгачихсан мэт нэг л сэтгэл дүүрэн, баяртай нь аргагүй байдагсан… Бид 2 жаал холбогдон шоолуулсаар сүүлдээ нэг л мэдэхэд жирийн л найзууд болсон билээ. Тэр үед бид “Газар уснаа явагч”, “Эрдэмтэн Дуэлийн толгой”, “Дэлхийг тойрсон 80 хоног”, “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь”, “Монте Кристо гүн”, “Шадар 3 цэрэг”, “Цагаан бээлий”, “Хонгор найз”, “Газар шороо” “Yнэний хорвоо”, “Ундрах инжeнер” гэх мэтийн номуудыг гар дамжуулан уншиж, адал явдал, хайр дурлалын орчлонд зөвхөн мөрөөдлөөрөө умбанхан байжээ. Тэр үед “Мардагдашгүй намар”-ын Сарнай хус түшин уйлж, Батзаяа гахай унаж, “Говийн зэрэглээ”-гийн Арслан агсан устай бeдоноо үсэртэл өшиглөн, Цэвээнравдан агсан ангийн үнэмлэх нэхэж, “Суварган цэнхэр уулс”- ын сурвалжлагч бүсгүй Батцэцэг хөвгүүд бидний шүтээн болсон байлаа. …Энхрий хайрт МАХН-ын алдарт 2 лоозон сумын төв гудамжийг чимэглэн, бид СОЦИАЛИСТ аж төрөх ёсоор хүмүүжиж байлаа. Р.Чойномын “Диваажин” шүлгийг цээжлэн, сумын гэрэл зурагчнаас зургийн хугацаа нь дууссан хор гуйж, хүний ФЭД 3-аар зураг авцгаан, бага насныхаа дүр төрхийг цаасан дээр үлдээн нойргүй хонож байсан. Бид 16 дахь хавраа угтаж байлаа.
…Тэр хавар бид бага ангид байсан шигээ л хэдэх охидуудаа орилуулан чарлуулан үймүүлж, билет унших нэрээр голын эрэг дээр ангиараа өнжинө. Удалгүй бидний нэг хэсэг нь салан одох гэж буйг зөн совингоороо мэдэрч, бие биендээ хоргодон байсан нь тэр байж дээ. Тэр хавар би 2 найзынхаа хамт, 8-р ангиа төгслөө, том хүн болцгоолоо хэмээн 1 шил архи хувааж уун, голын эрэг дээр согтож унасныг таньдаг ах олж авсан. Гэртээ харихаас зүрхшээн айлд хоносон тэр шөнө манай хамгийн бага дүү хорвоод мэндэлж билээ. Харин тэр жилийн зун эгч маань манай сумын нэлээд таггүй гэгдэх атаманы эхнэр болсонсон. Хөөрхий муу эгч минь дээ.
…Тэр үед манай суманд цахилгаан хөгжим гээч ирээд нэлээд удчихсан, дамран кассеттай магнитфон, стерео пянз тоглуулагч дэлгэрч, Демисийн уянгын дуу хайр дурлалын сүлд болон, залуус “АББА” “БониеМ” “Сюзи Кватро-гийн “Stumbling” “Смоукий”-гийн дуунд манго хийж, цахилгаан хөгжмийн аянд вальс эргэж байлаа. Тэр зун бид нар оюутнуудаас пянз (кругозор голдуу) шинэ дууны үг (мэдээж монгол дуу) элдэв плакат зэргийг олж авч, хэн нэгнийдээ цугларан банзан гитар нүдсэн шиг л өнгөрөөлөө. 9-р ангид орлоо. Тэр намар манай сургуульд шинэхэн төгссөн 6 залуу багш ирлээ. Тэд бидэнд кабинетийнхаа магнитфон, пянз тоглуулагчийг харамгүй өгч, тун ховордоод байсан гэрэл зургийн цаас, шинэ дууны бичлэг, пянзнаасаа илүүчлэн, xaaяa xaaяa заал авч, сагс тоглоно. Бид сургууль дээрээ багш шавь нар, гараад бол ах дүүс шиг л байдаг байж дээ. …Анги танхим, кабинетаа тохижуулах, үзүүлэн таниулах материал, самбар хийх зэрэг ажил тэднийг тойрсонгүй. Тэд энэ ажилдаа биднийг их туслуулна, бид ч дуртай нь аргагүй тусалцгаана. Бусдыгаа бодвол нэлээд дөнгүүр зурж бичих би нэлээд их дайчлагдана. Тэдний дунд аймгийн төвөөс шилжиж ирсэн, багш бүсгүй байлаа. Хөгшин эх, oхин дүүгийн хамт амьдрах тэр багш бүсгүйд би бүр илүүтэй тусална. Учир нь манай доод ангид сурдаг охин дүүд нь байлаа. …Ємссөн зүүсэн, тайрмал үс, царай зүс цовоо цолгиун зангаараа тэр охин манай сургуулийн хөвгүүдийн харцыг булаасан нэгэн боллоо. Аймгийн төвд үерхдэг хөвгүүнтэй гэлцэнэ. Элдэв шалтаг эрэн, багштай уулзах нэрийдлээр тэднийхээр ойр ойрхон эргэлдэх болвоо БИ.
Багш ч ханын сонин, үзүүлэн зэргийн зурж бичих ажлаа надад даатган, заримдаа гэртээ хийдэг болоод, хэрэгтэй үедээ намайг дуудуулна. Би ч будаг бийр, плакатны үзэг сэлтээ хамж аваад, тэднийх рүү хөл, сэтгэл алдан гүйж одно. Тэр намрын сургуулийн урлагийн үзлэгээр нөгөө охин маань урлагийн үзлэгийн мeдальтан болох нь тодорлоо. Тэр сурлага урлагтаа хосгүй, цовоо сэргэлэн нэгэн, харин би хачин бүрэг дуугай нэгэн байлаа..
… Түүш, будаг бэхтэй холилдон, жижиг ширээн дээр дэлгэсэн ватум цаасан дээр бөхийн хэдэн цагаар ч хамаагүй тэднийд байж байх нь надад хачин сайхан санагдана. Тэр юм дуугарахгүй, чимээгүй л орж гараад л байх… Ярихсан гэж хичнээн бодсон ч хэл ам эвлэж өгөхгүй, харин зүрх минь хажууд суугаа хүнд ч сонсогдохоор жигтэйхэн хүчтэй түг түг хийнэ. Хөвгүүн миний зүрх бусдыг мөрөөдөн үнхэлцгэндээ багтаж ядан байгаа нь тэр. …Ядаж тэр өвөл “Сургуулийн вальс”, “Зүүдэнд оромгүй явдал”, “Хайрыг хүндэлж яваарай(?!)”, “Хөөрхөн охин Клава” зэрэг хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн хачин романтик кинонууд дараа дараалан гарч, миний сэтгэлээр тoxyyрxaн, гал дээр тос нэмэх мэт тэр охиныг мөрөөдөх хүслийг минь дэвэргэж, улам шаналгана. …Түүнд ойртох гэсэн хүсэл минь биелэх болоогүй байж. …Хий дэмий л хар багаасаа цуг тоглож, наадаж өссөн найздаа аминчлан ярина. Найз хөвгүүн маань намайг бодвол, дуулчихдаг, басс гитар, ёoчин, сагс маш сайн тоглодог манай сургуулийн нэр нүүрийг тaxaлдaг, урдaa бaрьдaг хэдийн нэг нь байлаа. Концерт, тэмцээний бэлтгэл гээд хичээлээс байн байн чөлөөлөгдөн алга болох миний найз тэр охинтой үй зайгүй нэгэн болоод байлаа. Найз маань:- Чи манай цахилгаан хөгжмийн хамтлагт ор. Тэгвэл чи цаадахтайгаа өдөр болгон уулзсан шигээ байхгүй юу гэх. Би чинь гитар дээр хазгай муруй хэдэн дуунаас цаашгүй амьтан. Єөрийнхөө дорой, үхээнц байдалд их гутарч байна аа.
Хэдэн залуу багш нар маань хавар биднээс жаахан дөлдөг бoлчиxcoн. Хожим сонсохно захиралд бут авaхуулсан байсан. Тэд бидэнд их л том хүмүүс шиг санагдаж байсан хэдийч 23-25 насны идэрхэн залуус л байж дээ. Тэд мэдээж залуу насны ааг омог, хайр дурлалаар шатаж явсан нь зайлшгүй. Хүүхнээс болон ам мурийж гар зөрүүлсэн сураг яриа сонсогдож л байсан. …Харин анхны хайр миний зүрх сэтгэлийг минь далланхан дуудаж байжээ.
Би ч багштай уулзах элдэв шалтаг гарган тэднийхээр орж гарсаар ямарч л байсан түүнтэй мэнд усны зэрэгтэй болоод авлаа. Гэхдээ л би түүнээсээ хол байлаа. Тэр ч намайг олигтой анзаарахгүй. …Түүндээ анзаарагдахын тулд би ter veийн хvvxэд болгоны сонирхлыг татдаг цахилгаан хөгжим, эсвэл сагс тоглож олныг шуугиулсан сvpxий нэгэн болох хэрэгтэй байлаа. Тэр үед байгууллагын урлагийн үзлэг, орос дуу, улс төрийн дуу дуулаачдын хамтлаг, сум хот, бүсийн аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээн, бүх ард түмний спартикиад, урлагийн их наадам, соёл урлагийн 10 хоног, 5 одонт тугийн төлөө аян зэрэг элдэв төрлийн соёл хүмүүжлийн ажил, арга хэмжээ тасардаггүй байсан. …Тиймээ, бид социализмаа магтан дуулж, социализмын материал техникийн баазаа байгуулж байлаа… Сэтгэл гэгэлзүүлсээр нэгэн хичээлийн жил өндөрлөв. Зун нь нөгөө охин маань сумын уран сайханч томчуултай урлагийн бригадаар яваад өглөө. Харин би найз хөвгүүний хамт цахилгаан хөгжим барьдаг хэдэн ахыг бараадан, ар өвөрт нь гүйсээр, түүнд ойрхон байх гэсэн хүсэлдээ хүрэхсэн гэсэндээ чармайсаар бөмбөр (бидний ярьдгаар бол удар) тэрлэж сурлаа. Ямарч л байсан ах нараас “дажгүй болж байна, сайн байна” гэсэн үнэлэлтэйгээр тэр зуныг үдлээ. …Хичээл эхлэхийг тэсч ядан хүлээж эхлэв ээ.
Хүсэн хүлээсэн сургууль эхэллээ. Тэр намар боловсролын яамны шалгалт ирэх гээд сургууль даяар оволзон, бид ч шалгалтаар залрах хvндэт төлөөлөгчдөд зориулан концертын бэлтгэл хийх болов. Хүслэн болсон түүнтэйгээ хамт дуулж, хөгжимдөн сургуулилах болсондоо хөвгүүн би жаргалтай, баяр хөөрөөр бялхан байлаа. Угийн гал тэр охин бүрэг нэгэн надаар тохуурхан тоглоом шоглоом болгоно. Тэр нь ч надад хичнээн сайхан. …Тэр намайг бага багаар ч болов анзаарч эхэллээ. …Хажуугийн сумдаас 9-р ангид орсон хүүхдүүд ирж суралцдаг манай 10 жил бол хөдөөдөө том сургууль. Тэр намар бид нар хажуу сумдаар хагас, бүтэн сайнаар очин, концерт тоглон бүжиг үдэшлэг зохиох болсон юм. Сургуулийн цэнхэр ЗИЛ дээр хөгжмөө ачин, хөдөөгийн бартаат замаар олонтаа явсан. Дурсамж болсон олон сайхан мөчүүдийг бидэн 2 хамтдаа өнгөрөөж байлаа. …Тэр жилийн шинэ жил миний хувьд сурагч ахуйн сүүлчийн, харин бидэн 2-ийн хамт өнгөрөөсөн анхны бөгөөд сүүлчийн шинэ жил байсан. Шөнө дөлөөр өндөрлөсөн сүлд модны наадам тараад, бидэн 2 сумынхаа төв гудамжаар алхална. Тэр маань надад наалдан налж, халуу дүүгсэн гар нь миний гарын алгыг төөнөн, би өөрийгөө хорвоогийн хамгийн азтанд тооцон, зүрх сэтгэл хайлан уяран алхална. Түүнтэйгээ хорвоог хамт туулна гэж бодож мөрөөдөж байлаа.. …Харин тэр маань юу бодож явсныг мэдэхгүй. …”Чингис хаан”-ны Жагаагийн “Мэнгэ төөрсөн амраг” сэтгэлд гуниг төрүүлэн, чамайг нэхсэн дурсамж хөврүүлэн намуухан эгшиглэнэ.
…Шинэ жилээс хойш бид хоёр орсон гарсан ч цуг, голдуу хамт байцгаах боллоо. Найз хөвгүүд маань атаархана. Би ч орой болгон албатай хүн шиг л тэднийд очин, шөнө дөл болтол элдвийг ярин суух боллоо. Тэдний гал тогооны жижигхэн өрөөнд миний анхны хайрын гал дүрэлзэнхэн байв. Хавар боллоо.. Удахгүй 10-аа төгсөх бид нар билет боловсруулах, давтлага авах, улсын шалгалт, конкурст бэлтгэх гээд зай завгүй. Хаврын цэнхэр өдрүүд өнгөрдөгөөрөө өнгөрч, сурагч ахуйг цэглэх мөч ойртсоор, “Yлдээмж” гэгдэх дурсамжийн дэвтэр хүн хүний гар дамжсаар. …Хүүхэд болгоны хүссэн мэргэжлийг нь билэгдэн, зургийнх нь буланд зуран, хөвгүүдийнхээ үсийг хар түүшээр уртасган будаж, ангийнхаа монтажийг би үйлдлээ. Улсын шалгалт эхэллээ. Дууслаа. 10-ын “б”-гийн 36 хүүхэд сургуулиа төгслөө. Улсын шалгалт дуусгаад, төгсөлтийн үдэшлэгээ ч хийж амжилгүй бид конкурст орохоор аймгийн төвийг зорилоо. Аймгийн нийт 6-н 10 жилээс улаан шугаманд багтсан 500 гаруй хүүхэд цугларан өрсөлдөнө. Би ч хүслэн болсон гадааддаа өрсөлдөв өө…
Vpгэлжлэл бий
http://dayarmongol.com/index.php/2010-02-09-04-54-30/8322-%D0%B8%D0%B4%D1%8D%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B4%D1%83%D1%80%D1%81%D0%B0%D0%BC%D0%B6-i
URL: