Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн алтны уурхай аглаг ойг сөнөөж байгаа гэнэ

-Нутгийн иргэд тус алтны уурхайг Ерөнхийлөгчийнх гэж үзэж байна-

…Гэхдээ л эртнээс үе дамжин нутагшсан газар, усаа дуугүй байж байгаад сүйтгүүлчихгүйн тулд уурхайг хаалгана, энэ тэр яриа үүсгэхэд нь “энэ уурхай чинь Ерөнхийлөгчийнх, та нар хичнээн хэл ам хийгээд юу ч олж идэхгүй, Элбэгдорж төрийн тэргүүнээс буусан цагт л энэ уурхай хаагдана” гэж хэн нэгэн нь “томорсон” байна. Энэ үгээр нутгийн иргэд амаа үдүүлсэн гэнэ. Гэвч нутгийн уугуул иргэд нь нутгийнхаа газрын “буян”-аас хүртэнэ гэж нинжадахаар очжээ. Гэтэл уурхайн цөм яг аглаг ойд балчиг намган дунд учраас мориор ч, явганаар ч нааш цааш байнга явж ашиг олно гэж байдаггүй аж. Тэдэнд ийм хүндрэлтэй байгаа хэрнээ “Элбэгээгийн уурхай”-хан тэнд яаж хүрч алт ухаж байгаа нь ихэд сонин байгаа юм. Зарим хашир өвгөдийн ярьснаар бол Ерөнхийлөгчийнх гэдэг нь үнэн байх, аглагт хүний нүднээс далд ямар нэгэн хэл ам гарахгүй, элдэв хөдөлгөөнүүдийн анхаарлыг татахгүй, жагсахгүй, шаардахгүй, эзнийг нь зарлахгүй сайн талтай бололтой…

Монгол нутаг маань хаанаа ч хөрсөн доороо алттай, үнэхээр баян юм. Харамсалтай нь байгалийн баялаг үнэт эрдэнэс болсон алт, ашигт малтмал дотоодын эрх мэдэлтнүүд, гадны бийлэгжүү нөхдийг улам хөлжүүлсээр. Гэвч баян хүнийг балаг тойрохгүй гэдэгчлэн баян Монголыг балаг тойрохгүй нь. Газрын хэвлийгээ төнхөн газар орноо сүйтгэж байгаагийнхаа балгийг хэдийнээ амсаад эхэлсэн. Хамаг гол нуурууд нь хатаж ширгэн хүн, мал ундаалах усгүй, мал, амьтад нь идэх өвс, бэлчих бэлчээргүй болж 100 гаруй зүйлийн ургамал, амьтан сөнөж устан, нутаг дэвсгэрийн 40 гаруй хувь нь цөлжсөн байна.

Элсжсэн талбайн хэмжээ 3800 ам километрт тэлж, говь хээрийн бүсийн 145 сум элсний нүүдэлд өртөн, төв суурин газрууд төдийгүй Улаанбаатар хотын хөрс хүртэл элсжсэн байна. Мөн  Монгол орны 1.6 сая га мод устаад байгаа ба үүнээс ойжуулах шаардлагатай 680.0 гаруй мянган га талбай, 350.0-800.0 мянган га талбайн ой дахин сэргэх боломжгүй болсон аж. Дээрх эмгэнэлт байдалд дэлхийн цаг агаар нөлөөлж байгаа ч ихэнх хувь нь ашигт малтмалаа зүй зохисгүйгээр олборлох болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй юм. Монгол орны маань газар нутгийн 60 гаруй хувьд ашигт малтмалын 5000 гаруй лиценз олгогдсон гэсэн баримт байна.  Зөвхөн энэ тооноос харахад л бидний газар нутагт аюулын харанга дэлдэж, улмаар Монгол Улс  үндэсний аюулгүй байдлаа алдахад хүрээд байна гэхэд хилсдэхгүй ээ. Энэ баян орны балаг биш гэж үү.
Гадна, дотны уул уурхайн компаниудын ард ихэнхдээ манай төрийн өндөр албан тушаалтнууд байдаг нь нууц биш. Тэдний гар хүрээгүй газар нутаг Монголд үлдэхгүй бололтой.

Монгол улсын тэргүүний нэр хүртэл газар орон тонон ухагчдын тоонд багтаж явахаар бид хэнд итгэж, найдах вэ.  Булган, Сэлэнгийн аглагт их хэмжээний алтны ордын судал байдгийг дээр үед Оросын геологичид шинжлэн тогтоосон байдаг гэнэ. Тэр нь угаасаа Оросын Буриадаас орж ирсэн алтны томоохон судлын үргэлжлэл аж. Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сум, Сэлэнгийн Зэлтэр хоёрын дунд яг аглаг ойд бөгөөд энэ хэсгийг алтыг аль хэдийнэ өлөн нүдтэнүүд ухаад эхэлсэн байна. Тус уурхай алтаа Азаргын голд угаадаг уу, алт угаасан бохир нь энэ голд нийлдэг үү, ямартай ч Азаргын гол улаанаараа эргэлдэх болсон байна. Азаар тус гол Оросын нутаг руу урсаад гарчихдаг боловч бусад гол горхи, ойн санд нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүй. Нутгийн иргэд бас л уух усгүй, онгичиж орхисон том том нүхтэй үлдэхвий гэсэндээ хэн гэгч нь аглагт алт ухаж байгааг нэлээд асууж сурагласан юм байна. Сурагийн үзүүрт  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнх байж болзошгүй, яг өөрийнх нь биш ч гэсэн түүний хамаатан садан, тун ойрын хүнийх гэсэн мэдээллийг нутгийнхан сонсчээ. Мэдээж хөөрхий, хөдөөгийнхөн Ерөнхийлөгчийнх ч бай, түүний ойрын хүнийх гэдгийг яахин баталж чадах билээ.

Гэхдээ л эртнээс үе дамжин нутагшсан газар, усаа дуугүй байж байгаад сүйтгүүлчихгүйн тулд уурхайг хаалгана, энэ тэр яриа үүсгэхэд нь “энэ уурхай чинь Ерөнхийлөгчийнх, та нар хичнээн хэл ам хийгээд юу ч олж идэхгүй, Элбэгдорж төрийн тэргүүнээс буусан цагт л энэ уурхай хаагдана” гэж хэн нэгэн нь “томорсон” байна. Энэ үгээр нутгийн иргэд амаа үдүүлсэн гэнэ. Гэвч нутгийн уугуул иргэд нь нутгийнхаа газрын “буян”-аас хүртэнэ гэж нинжадахаар очжээ. Гэтэл уурхайн цөм яг аглаг ойд балчиг намган дунд учраас мориор ч, явганаар ч нааш цааш байнга явж ашиг олно гэж байдаггүй аж. Тэдэнд ийм хүндрэлтэй байгаа хэрнээ “Элбэгээгийн уурхай”-хан тэнд яаж хүрч алт ухаж байгаа нь ихэд сонин байгаа юм. Зарим хашир өвгөдийн ярьснаар бол Ерөнхийлөгчийнх гэдэг нь үнэн байх, аглагт хүний нүднээс далд ямар нэгэн хэл ам гарахгүй, элдэв хөдөлгөөнүүдийн анхаарлыг татахгүй, жагсахгүй, шаардахгүй, эзнийг нь зарлахгүй сайн талтай бололтой. Нутгийн иргэд “бид очиж чадахгүй байгааг бодоход тэд өөрсдөө орохын тулд их хэмжээний модыг нь хярган тайрч байж л зам гаргасан байгаа гэж хардахын зэрэгцээ тал хээр газартай адил өргөн талбай эзлэхгүй болохоор энэ уурхай төрийн тэргүүнийг буугаад, бид хаалгахаас өмнө нь авахаа аваад яваасай билээ” хэмээн залбирч суудаг гэнэ.


URL: