С.Ганбаатар: “РИО ТИНТО” Монголын газар нутгийг барьцаанд тавихаар зэхэж байгаа гэсэн
Оюутолгойд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн есдүгээр сарын 23-27-нд Лондон хотноо хуралдсан “Рио Тинто”-гийн удирдлагууд болон Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийн хэлэлцээр асуудлаа нэг мөр шийдэж чадаагүй. Тиймээс Монголд үргэлжлүүлэн хуралдахаар болсон. Мөн дээрх хэлэлцээрийн талаар одоо болтол холбогдох газруудаас мэдээлэл өгөөгүй байгаа юм. Энэ нь ч зарим хүмүүсийн хардлагыг төрүүлж эхлээд байна. Ингээд дээрх асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Оюутолгойн хэлэлцээр Монголд үргэлжилж байгаа гэсэн. Энэ асуудал хэтэрхий нууцлагдмал, олон нийтэд хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл яваад байна. Энэ талаар танд ямар нэгэн мэдээлэл байна уу?
-Бид өөрсдийнхөө өмчийн талаар ямар ч мэдээлэлгүй байна гэдэг бол хамгийн гутамшигтай, гунигтай зүйл. Би өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ерөнхий сайдад хандан 25 захидал илгээсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сарын 23-нд бас явууллаа. Сүүлийн захидалдаа ер нь “Оюутолгой дээр юу болж, яагаад байна гэдийг олон нийт, ард түмэндээ мэдээлээч ээ. Үүнийг нийгэм даяараа хэлэлцэх ёстой” гэж бичсэн. Угаасаа энэ асуудлыг нууц байлгаснаас болоод маш олон хүн хардаж эхэллээ. Өмнө нь 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байхад мөн л адил олон нийтэд мэдээлэл өгөөч, санаа бодлыг нь оруулаач ээ гэхэд “Бид маш гоё юм хийж байна” л гээд байсан. Гэтэл өнөөдөр ямар утгагүй юм хийснийг нь бид харж байна шүү дээ. Ерөөс яах гэж гэрээ байгуулдаг гэхээр эрсдэл гарвал түүнийг зохицуулах гэж л гэрээ байгуулдаг байхгүй юу. Жишээлбэл, өнөөдөр нартай өдөр байна гэж бодъё. Харин маргааш бороотой өдөр тохиолдоход хоёулаа дээлээ булаацалдахгүй, дундуур нь тас татахгүйхэн шиг эвтэй, найртай дээлэндээ орох уу гэдгээ л ярьж байгаа шүү дээ. Хүнд хэцүү нөхцөл байдал үүсэхэд яаж асуудлыг зөв зохимжтойгоор шийдэх вэ гэдгийг л гэрээ шийддэг. Дандаа нартай өдөр байгаад байвал гэрээний хэрэг ч байхгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэж үнэхээр аймшигтай. Тиймээс одоо тэр гэрээний аль заалт нь зөрчигдөөд байгаа юм, юу нь болохгүй байгаа юм гэдгийг уг нь ярих ёстой. Энэ бол нууц асуудал биш. Бид ямар атомын бөмбөг яаж үйлдвэрлэх тухай ярих гэж байгаа биш дээ. -Хэлэлцээрийг хаана хийж байгааг та мэдэж байна уу?
-Их тэнгэрт хийгээд байгаа юм уу, орцны подволд хийгээд байгаа юм уу гэдгийг би мэдэхгүй байна. Уг нь олон нийтэд ил төрийн өмчийн аль нэг байранд л хийх ёстой ш дээ. -“Рио Тинто” гаднаас дахин 24 тэрбум ам.долларыг зээлэх санал тавьсан сурагтай байна? -“Рио Тинто” хөрөнгө оруулалтын гэрээг зөрчөөд байна. Анх гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулалтын зардлыг 1.5 тэрбум ам.доллар гэж нарийвчлан заасан. Түүнд далд уурхайн хөрөнгө оруулалт гэж 524 сая ам. доллар мөн багтсан. Үүнээс гадна тоног төхөөрөмж, дизель түлш гээд юмны үнэ өсч магадгүй гэж тооцож 970 сая ам.долларын эрсдлийн сан гаргасан. Уг нь дээр хэлсэн 1.5 тэрбум 524 сая ам. долларт багтаж байгуулагдах ёстой энэ үйлдвэр. Гэтэл өнөөдөр “Рио Тинто” гэрээгээ зөрчөөд хөрөнгө оруулалтын зардлаа долоон тэрбум гаргаад давуулчихсан. Ингэхээр бид л улам өрөнд ороод байна шүү дээ. Үүнээс гадна “Рио Тинто” “24 тэрбум ам.долларыг гаднаас зээлмээр байна, танай нутгийг барьцаанд нь тавина” гэдэг асуудлыг ярьж байгаа. Энэ бол маш ноцтой асуудал. Манай газар нутгийг 16 банкинд барьцаанд тавина шүү дээ. Хэрвээ ингэвэл тэдгээр банкиуд нь өөр банкинд дамжуулан манай газар нутгийг тавих эрх нь үүснэ. Ийм л аюултай зүйл байна даа. Гэхдээ манайхан “Рио Тинто”-гийн үгэнд орж тийм тэнэг зүйл хийхгүй байлгүй дээ. Саяхан Ханс Вэбэр гэдэг маш том эрдэмтэн манай улсын эдийн засагч Жаргалсайхан гуайтай хамт нэвтрүүлэгт орж байна лээ. Тэр хүн их мундаг зүйл хэлсэн. “Монголчууд төсөв, бонд гээд л яриад байх юм. Гэтэл хэдэн арван төсөвтэй чинь тэнцэх хэмжээний үр ашгаа өгөх Оюутолгойгоо яагаад ярихгүй байгаа юм. Та нар өөрсдөө маш их баялагтай. Тэгээд түүнийгээ ашиглая гэж байхад аль хэдийнэ хоёр тэрбумын өрөнд орчихсон явж байгаа юм. Яагаад та нар гэрээ хэлэлцээр зөрчигдлөө, дахин хэлэлцээрт сууя гэж хэлэх эрхгүй байгаа юм” гэсэн. Энэ хүний үгийг бид бодох л ёстой. |
URL: