МАН-ын даргын марафон
Их хурлаа хийж, улс төрийн хүнд нөхцөл байдалд тус намын ачааг татаж тэнцүүлэх эрхмийг бултаараа хэлэлцэж сонгоно гэцгээж буй МАН дотор хэд хэдэн марафон өрнөж буй. Түүний нэг нь намын даргын төлөөх өрсөлдөөн юм.
Бүлэглэл, фракциудын урьдчилсан тохироогоор бол М.Энхболдын нэр зоолттой байгаа. Өнгөрсөн наймдугаар сард болсон Бага хурлынх нь шийдвэр ч ийм байсан. Байсан гэхийн учир нь хурлын дараа хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийнх нь сценар ийм байсан юм. Бараг бүх хэвлэл түүнийг намын дарга боллоо гэж мэдээлсэн нь сонины шарлаагүй хуудсуудад байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд буюу намын их хурлын өмнөх “хор найруулга”-ын дүнд тэрхүү тов, урьдчилсан тохиролцоо бас л өөрчлөгдөөд амжжээ.
Одоо дуулдаж буй мэдээллээр намын даргын марафоныг Ц.Нямдорж тэргүүлж байгаа гэнэ. Гэхдээ зарим нь “Наадах чинь дэгс мэдээ” гэж байна. Үндсэндээ Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж нарын нэрийг зориуд хавчуулж байгаа нь харин ч эсрэгээрээ “Эд нар болиосой” гэсэн мессэжийг залууст өгөх, тэднээс уйдсан гишүүд, дэмжигчдийг өдөөн хатгасан хэрэг гэнэ. Энэ нь ч үнэн биз.
М.Энхболдын хувьд бол зангарагтай ч, туршлагатай ч нэгэн. Рейтингийн хувьд ч нэр гараад буй лидер нэртэй бусад нөхдийгөө дагуулахааргүй. Өөрөө болоод түүний тэргүүлдэг “Хотын фракц” намын даргын квотыг авахын төлөө ихээхэн зүтгэж байгаа гэсэн мэдээлэл дуулдаад удаж байна.
Намын даргад ширүүхэн өрсөлдөнө гээд буй Н.Энхболд, С.Бямбацогт нарын хувьд ч бас л тус тусдаа үзүүлэлт байна. Н.Энхболд нэр цэвэр, хашир парламентч, туршлага, рейтинг, зангарагаар М.Энхболдоос хол дутахааргүй. Муу тал нь бөөрөнхий гэдэг хоч. Ө.Энхтүвшинтэй ижил төстэй чанар түүнд олон бий. Эхнийх нь яалаа, дараагийнх нь юу болох вэ гээд л олонхи шуурвал энэхүү марафонд тэрээр оноо цуглуулахад бэрхшээлтэй юм.
С.Бямбацогтын хувьд сүүлийн үед гялалзаж байгаа МАН-ын залуу боловсон хүчин, нөөцний хүн, зайтай ч, зальтай ч эр гэцгээдэг юм билээ. Ямар ч байсан тэр тийм ч муу толгой биш, үүнийгээ УИХын төвшинд сүрхий харуулж, өрсөлдөгч намаа болон бусдыг барьц алдуулсан айхтар мэдэгдэл энэ тэр хийж үе үе сүрийг үзүүлдэг. Сүүлийн үед намаа хөгжлийн бодлогогүй тулгамдсанд ихээхэн анхаарал тавьж, олон талаас нь судалж баримт бичиг боловсруулахад багагүй цаг зарцуулсан гэсэн мэдээлэл дуулдаж байв. Тэгэхээр явж явж шинэ хүн, залуу дайчин дарга гэсэн утгаар энэ марафоныг өнгөлж мэдэх юм. Гэхдээ тохироо, хэлэлцээ өөрчлөгдөхгүй гэх баталгаа байхгүй.
Нэг шөнийн дотор алга урвуулахын дайтай шийдвэр гаргаж, архины ард гарцгаадаг МАН-ынхан яаж ч буцаж хэд ч хувирч мэднэ.
Ч.Олзвой
Эх сурвалж: : http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11651#sthash.uLJniPhb.dpuf
URL: