Ц.Бямбаа: Олон хүүхэд төрүүлсэн нь бидний буруу гэж үү

Ц.Бямбаа: Олон хүүхэд төрүүлсэн нь бидний буруу гэж үү

Намрын налгар өдрүүд үргэлжилсээр… Чингисийн талбайд хурим найртай давхцан хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь Монголын байгалийн баялаг ард түмний мэдэлд үү, төрийн мэдэлд үү. Маргаантай асуудлыг галт зэвсгээр шийдэх үү, зөвшилцлөөр шийдэх үү гэсэн лоозон зүүсэн Ногоон намын төлөөлөл болсон залуу иргэдээс гарын үсэг авахаар зогсож байгаа нь содон харагдаж байлаа.

Түүний хажууд одон тэмдгээ зүүсэн эхчүүд зөрчигдөж байгаа эрхээ тайван аргаар шийдүүлэхээр мөн цугласан байв.

Учрыг лавлахад “Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990 оны арванхоёрдугаар сарын 10-ны 10 дугаар тогоолд “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 15-аас доошгүй жил ажилласан 50 насанд хүрсэн буюу 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгох эрхтэй” хэмээн батламжилсан. Үүний дагуу бүх байгууллага дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүдийг хууль гуйвуулан гаргасан” талаар ээжүүд ярьж байлаа.

Тэдний сэтгэгдлийг хүргэе.

Баянгол дүүргийн иргэн Д.Дарьсүрэн: Хуулиа мэдэж байвал сайхан амьдрах боломж бий

-1990 оны 10 дугаар батламжийг хэрэгсэхгүй болгохын тулд төрийн өндөрлөгүүдэд хуулийн дагуу шаардлага хүргүүлж байна. Энэ хуулиа мэдээгүйгээс олон жил хохирч байна. Хэрэв тухайн үед хуулиа мэдсэн бол иргэн хүний хувьд тэр үед нь энэ хуулийг барьж хөөцөлдөөд ажилд орох боломж 100 хувь байж. Тухайн үед би 600- 700 төгрөгийн цалинтай байсан. Одоо надтай адилхан Биеийн тамирын арга зүйч тэтгэвэрт гарахад 300-550 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Гэтэл тухайн үед биднийг авч байсан цалингаар нь бус хүүхдээр нь бодсон учраас тэтгэвэр бага авдаг.

Өнөөдөр энд 1000 ээжийг бүртгээд, хариу гарсны дараа 1000 ээжийн чуулга уулзалтыг зохион байгуулж өөрсдийн санал бодлыг нэгтгэх зорилгоор гарын үсэг цуглуулж байна. Залуустаа хандаж хэлэхэд хуулиа сайн үзээрэй, ямар шийдвэр гарч байна вэ. Хуулиа мэдэж байвал сайхан амьдрах юм байна шүү гэж хэлмээр байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Бямбаа: Бид үнэхээр гомдолтой хэлмэгдсэн

-1990 онд биднийг нөхөн олговроор тэтгэвэрт гаргасан. Би хортой хүнд нөхцлөөр 20 жил ажилласан, дөрвөөс дээш хүүхэдтэй гээд хамгийн бага нь 36 настай 300 гаруй хүнийг тэтгэвэрт гаргасан. Олон хүүхэд төрүүлсэн нь бидний буруу гэж үү. Тэтгэвэр, тэтгэмж нэмдэг ч доод хэмжээгээ бус дээд хэмжээгээ нэмдэг. Бид үнэхээр гомдолтой хэлмэгдсэн хүмүүс. Одоо тэтгэвэрт гарч байгаа сувилагч мэргэжилтэй хүн өнөөдөр 13 сая, 400 мянган төгрөг авч байна. Би сувилагчаар 27 жил ажилласан. Эрүүл мэндийн сайдад хандаж “Эмнэлгээс гарсан өндөр настангуудаа харж үзээч ээ”.

Чингэлтэй дүүргийн иргэн С.Хасбаатар: Алдарт эхчүүдээ дэндүү шоовдорлож байна

-1990 онд нөхөн олговроор гарсан хүн олон биш цөөн тооны “Алдарт эх”-ийн I, II одонтой эхчүүд байгаа. Тэр үед доод тал нь дөрөв, дээд тал нь 11 хүүхэдтэй байсан учраас дэндүү бага тэтгэврээр харж үзэх юмгүй тогтоожээ. Гэтэл одоо энэ хүмүүс гурван төрлийн өвчинтэй, олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн, цаг наргүй ажиллаж, лекц дугуйлан тасалдаггүй гээд машин механизм шиг ажилладаг байсан.

Өнөөдөр бидний авч байгаа 180 мянган төгрөгийн тэтгэвэр юу ч болохгүй байна. Алийг нь цахилгаандаа өгч, хоол, хувцсаа авах юм бэ. Хүүхэд байлаа ч эцэг, эхээ тэжээчихээр бололцоотой нь ховор болж. Бүгдээрээ цалин, банкны зээлтэй байна. Тэтгэврийн бид болохоо байлаа гэхэд 180 мянган төгрөгөө урьдчилж авч эргэлдүүлдэг. Үүнийг төрийн өндөрлөгүүд минь харж үзээч ээ. Хоёрдугаарт, нөхөн олговроор гарсан цөөн тооны алдарт эхчүүдээ арай дэндүү шоовдорлож байна. Одоо тэтгэвэрт гарч байгаа хүмүүст 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө өгдөг болжээ.

“Алдарт эх”-чүүдийн зөрчигдсөн эрхийг сануулж, амьд явах баталгааг нь хангуулах зорилгоор “Энхийн өргөө” ТББ, алдарт эхчүүдийн төлөөлөл өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт шаардлага хүргүүлсэн юм.

Н.Даян


URL:

Сэтгэгдэл бичих