С.Дамдин: Дэлхий даахгүй биш бие гайгүй байвал хэдэн жил явах байлгүй дээ
Бүтээсэн дүрээрээ овоглосон нэгэн эрхмийг ярилцлагын зочноор урилаа. Олноо Хөх чоно хэмээн танигдсан Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Дамдин өдгөө УДЭТ-т ажиллаж, үзэгч түмэндээ уран бүтээлээрээ учран золгосоор байна.
Нас сүүдэр 70 өнгөрч яваа тэрбээр энэ жил зодог тайлахаар болжээ. Тиймээс уран бүтээлч нөхөд, шавь нар нь түүнд зориулан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулахаар болсон байна.
-Унасан газар, төрсөн нутгаас тань яриагаа эхэлье гэж бодлоо?
-Би Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант уулын өвөр Хорхой толгой гэдэг газар төрсөн. Бутач хүүхэд учраас өвөөгөөрөө овоглосон. Ханжаргалантад Чин ван Ханддорж, анхны сайд Амар гээд олон сайхан хүн төрсөн нутаг байгаа юм. Өвөө, эмээ маань тэр хүмүүстэй хамт нутагладаг байсан юм билээ.
Би арван настайдаа сургуульд орж эрдмийн мөр хөөсөн. Уг нь намайг найман настай байхад сумын захиргаанаас сургуульд ор гэсэн ч ээждээ тус болъё гэж нуугдсаар байгаад хоёр жилийн дараа аргагүй сурахаар явсан. Дараа нь Сайхан сумын сургуульд тавдугаар ангид ороод гурван жил суралцсан.
Сургуулиа төгсөөд Улсын багшийн дээд сургуулийн зураг хөдөлмөрийн ангид шалгалт өгөхийн хажуугаар урлагийн ангид давхар шалгуулсан юм. Тэгээд хоёуланд нь тэнцээд кино драмын ангийг сонгон суралцсан. Намайг хүүхэд байхад “Ардын элч” кино гардаг байсан.
Дарьбазарт тоглодог Занабазар гуай Хөвсгөл их явдаг хүн байсан юм. Нэг удаа Занабазар гуай манай нутагт очоод мотоцикл нь эвдэрчихсэн байхтай би таарсан. Тэр үед би морьтой давхиад тавын бидоноор айраг, тарваганы мах боогоод авчирч өгсөн чинь учиргүй их баярлаж билээ.
Тэгээд л Дарьбазарт тоглодог ах шиг жүжигчин болно гэж боддог байсан нь тийм сонголт хийхэд нөлөөлсөн байх. Би сургуулиа төгсөөд 1967 онд Драмын театрын жүжигчин болсон. Түүнээс хойш 50 дахь жилдээ ажиллаж байна. Энэ жил театртаа “Хэдэн жил амаръя” гэсэн хүсэлт гаргалаа. Тэгсэн миний саналыг театрынхан маань хүндэтгэн хүлээн авлаа.
-Хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах санааг хэн гаргасан юм бэ?
-“Шинэ үе” продакшны Н.Ариунболд тоглолт хийх санааг гаргасан. Тэгээд л “Шилийн сайн эр Хөх чоноос гэрийн сайхан өвөө Намхай болтлоо” тоглолтоо ирэх баасан гаригт хийхээр болоод байна. Хүүхдүүд намайг театрынхантайгаа ярьж байгаад дуучдаа олоорой гэсэн юм.
Тэгэхээр нь би “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн рүү тоглолтод оролцоод өгөөч гэж хэлэхээр ярилаа. Тэгсэн их сайхнаар хүлээн авч тоглолтод ирэхээр болсон. Бас “Чингис”-ийн Б.Жаргалсайханд хэлсэн чинь мөн л тоглолтод оролцоно гэсэн. Миний баярласан гэж жигтэйхэн, одоо хөл газар хүрэхгүй л явж байна шүү дээ.
-Тоглолтын нэрд байгаа Намхай өвөө гэж таны бүтээсэн дүр байх?
-МҮОНРТ-ийнхний хийж буй онцгой байдлынхны тухай кинонд Намхай нэртэй өвгөний дүр бүтээж байна. Тэгээд л тоглолтын нэрийг ингэж нэрлэсэн юм. Ер нь би 50 жилийн хугацаанд 150 жүжгийн гол, туслах дүр бүтээжээ. Бас сайн, муу 40 кинонд тоглосон байна.
Түүн дотроос ард түмний сэтгэлд үлдсэн нь “Их замын эхэнд” киноны Хөх чоно юм байлгүй. Энд тэнд явахаар нэрээр дуудахаас илүүтэй Хөх чоно гэх юм байна шүү дээ. Сумхүү гуай намайг Хөх чонод тоглуулснаараа Дамдин гэдэг хүнийг айлд хоноход орон дээр унтуулаад, цадтал хооллох хэрээний дайтай нэр хүндтэй болгосон.
Харин “Хүлээх газар” киноны шоронгийн хулгайчийн дүрийг ард түмэн үздэггүй юм шүү дээ. Зарим нь бүр “Та одоо юу хийж тийм балай юманд тоглодог юм бэ” гэж зэмлэсэн удаатай.
-Та пробод оролгүйгээр Хөх чонын дүрийг бүтээсэн гэл үү?
-Б.Сумхүү гуай намайг пробод оруулалгүй “Их замын эхэнд” кинонд тоглуулсан юм шүү дээ. Киноны зураг авалтын явцад Сумхүү гуай надад юу ч хэлдэггүй байсан. Тиймээс Н.Дагийранз, Р.Дамдинбазар, Н.Цэгмид, Г.Мичиддорж гуай гээд мундгуудаас дүрээ хэрхэн бүтээх талаар асуудаг байлаа.
Кинонд тоглоход олон амаргүй зүйл тохиолдсон. Ялангуяа, арванхоёрдугаар сар болох гэж байхад Кино үйлдвэрийн хашаан дотор бороо ордог хэсгийн зураг авахуулж байсан нь одоо хүртэл бодогддог.
Тэр үед дээлийнхээ дотуур цув өмсөөд, цэвэр спирт балгаж байгаад зураг авахуулж байсан даа. Тэгж ганц хоёр балгасаар байгаад сүүлдээ согтоод үг хэлж чадахаа больж билээ. Ямар сайндаа “Хурдан зургаа авахгүй бол болохоо байлаа шүү” гэж хэлэхэв дээ /инээв/.
-Таны морь малтай ойр өссөн нь дүр бүтээхэд тус болсон гэдэг. Багадаа хэр дүрсгүй хүүхэд байв?
-Намайг хүүхэд байхад манайх хэдэн хонь, ямаатай айл байсан. Ээж маань тэр хэдийгээ нэгдэлд өгөөд хоёулаа нэгдлийн гишүүн болсон юм билээ. Тэр үед надад Чадраабал гээд сайн найз байлаа. Найз маань нэгдлийн 300 гаруй адуу малладаг байсан юм.
Тэр үед би нэгдлийн адууны аль догшныг нь сургаж шагнал авдаг байсан. Тэгсээр байгаад л морь сайн унадаг болсон доо. Тэгээд болоогүй ээ. Чадраа морь маллаж байгаад ганц, хоёрыг дутаачихна. Тэгэхээр нь хоёулаа шилийн сайн эр болж өөр сумаас морь авчирч тоогоо нийлүүлдэг байсан.
Дээрээс нь ээжтэйгээ хоёулахнаа өссөн болохоор 14 настайгаасаа буугаар буудаж сурсан. Манай нутагт Лувсан гээд тарвагачин айл байсан юм. Хааяа би тарваганы мах идмээр санагдахаар нар буухын анзаанд тэдний хатавчинд суучихна. Тэднийх мах чанаад өөрсдөө идэх хэрнээ надад өгөхгүй.
Хамгийн сүүлд тогоо шанагаа хураагаад дуусахын цагт намайг явуулахын тулд толгой ч юм уу, хаа хэнхэлдгийг нь өгнө. Тэрнийх нь талыг гэр лүүгээ явах замдаа идээд хагасыг нь ээждээ аваачиж өгдөг байсан.
Тэгэхэд ээж маань намайг өрөвддөг байсан юм байлгүй “Миний хүү махсаад байна уу, орой болохоор Лувсан гуайнх уруу явчих юм” гэж асуудаг сан.
-Та хэдий үеэс ан хийдэг болсон юм бэ?
-Нэг удаа ээждээ “Та надад буу аваад өгөөч” гэж хэлсэн юм. Тэгсэн ээж ганц шүдлэн үхрээ зараад надад калибр авч өгсөн. Тэгж буутай болоод тарвага буудчихдаг болсон доо. Тэгсэн манай тэндэхийн ядуу айлууд манай гадаа ирээд буучихсан. Дараа нь хүн дагаж гөрөөс, гахай буудаж сурсан.
Тэгж л нутгийн хэдэн ядуу айлуудад мах залгуулдаг байсан даа. Тэгээд сүүлдээ буга алж яваад шоронд орох шив дээ. Би бас загас сайн барьдаг байсан. Манай Сэлэнгэ сумын гол загас ихтэй. Тэр үед суманд ганцхан хятад хүнтэй байсан юм даг.
Түүнийг загасны мах идэхийг хараад загас бариад тэр хүнд аваачиж өгөөд оронд нь мантуу авдаг байсан. Тэр үед загас иднэ гэдгийг ямар мэддэг байсан биш дээ. Тэгсэн ээж тэр талаар сүүлд нь мэдчихээд “Лус хилэгнүүллээ” гэж их зэмлэж билээ. Их тэнэг байж дээ.
-Шоронд ороод гарч ирсний дараа театраараа яаж орно оо гэж санаа зовсон байлгүй?
-Би шоронд жил шахуу болоод суллагдсан. Гарч ирээд ажлаасаа халагдсан юм чинь жижүүр ч болтугай хийнэ дээ гэж бодож байлаа. Тэр үед “Алтан өргөө” киноны Сүмбээд тоглодог Зориг театрын дарга байсан юм. Тэгсэн Зориг над уруу утасдаад “Театр чамайг хүлээж байна” гэж хэлсэн. Тэгж л би гэдэг хүн эргээд тайзан дээрээ гарсан юм даа.
-Оонын эвэр шиг хоёулахнаа байсан юм чинь энд тэнд явахдаа ээжийгээ их л санагалздаг байсан биз дээ?
-Манай ээж их эршүүд айхавтар хүн байсан. Хоёулахнаа болохоор юм юманд л хамт явна. Түлшээ бэлтгэхээр явахад арваад шургаагийг ганцаараа чирчихдэг хүн байсан даа. Бас хүүхэд шиг хүн байжээ. Нэг өдөр хичээлээ дуусчихаад явж байтал баганы хажууд үнэгэн лоовууз өмссөн хөх дээлтэй хүн зогсч байх юм.
Юу билээ гээд харсан чинь ээж маань ирчихсэн байна аа. Тэр үед ямар автобус байх биш, задгай тэвштэй машин дээр суугаад, хот байтугай аймаг ч орж үзээгүй ээж маань надад өвлийн идэш аваад ирж байсан юм. “Ээдрээ” жүжгийн Сүхбаатарт тоглож байхдаа ээждээ үзүүллээ.
Тайзны ард даавуун дээр гандангийн зураг зураад хадчихсаныг хараад ээж маань “Өө энэ театр чинь цаашаагаа нэвт цоорхой юм байна шүү дээ. Цаана нь Гандан харагдаж байна” гэж олон амьтныг инээлгэж байсан. Өвөл нь би ээжийгээ онгоцоор буцаасан юм.
Онгоцонд ерөөсөө сууж үзээгүй болохоор ээж наана нь очоод барьж явсан чемоданаа газар тавьчихаад, дах дэгтийгээ өмсөөд наана нь зогсоод л байсан гэсэн. Тэгэхэд “Энэ урт юман дээр морь шиг унаж явах нь, юу ч гэсэн дах дэгтийгээ өмсөөд авъя” гэж бодсон гэдэг. Ээжийнхээ ачийг хариулна гэж юу байхав.
Ээж маань насны эцэст цус харваад долоон жил амьдарсан. Би ээжийнхээ амьдралын сүүлийн хоёр жилийг ээжтэйгээ өнгөрүүлсэн дээ. Үхлийн өмнөх гялбаа гэж байдаг юм уу, нэг өглөө боссон чинь ээж минь бүр гайгүй болчихсон байсан. Тэгээд намайг дуудаад “Хүүдээ их гялайлаа” гэж хэлээд явсан даа /хэсэг бодолхийлэв/.
-Ер нь та хоёрын амьдралд тусалдаг хүн байсан уу?
-Намайг нэгдүгээр ангид ороход ээжтэй минь ханилсан нэг хүн байсан юм. Тэр хүн намайг сургуульд явахад 30 километр газар мориор хүргэж өгдөг байсан. Би түүнийг намайг сургуульд ороход туслуулахаар бурхнаас илгээсэн элч байсан гэж боддог. Тэр хүн намайг хот явдаг жил ээжээс салсан.
Сүүлд нь би сургуульд орчихоод тэр хүнийг хайгаад олоогүй юм. Тэгсэн Дарханд тоглолтоор явахад нэг тааралдсан даа. Дараа нь уулзсан газраа хайгаад очсон чинь явчихсан байсан. Тэгээд Булганд очоод хайсан чинь нас барчихсан байсан. Тэр хүн намайг хоолонд хүргэчихээд үхсэн дээ.
-Та биерхүү юм чинь барилддаг байсан байх?
-Барилдахаар барах уу, цол байхгүй ч ноцолддог байсан. Хотод орж ирээд Дамбадаржаад нутгийнхаа ахын хадлангийн ажилд тусалчихаад буцаж яваад найр болж байхтай таарсан юм. Тэр найранд Дамдин аварга оччихсон барилдахаар сууж байх юм. Тэгээд айраг уугаад сууж байтал “Дамдин, Дамдинтай барилдана” гэж зарладаг юм байна.
Би ганц сайн дэгээ ороодог мэхтэй. Дамдин гуай зодог шуудгаа өмсчихсөн, би бол нэг муу пиджак, бакалтай хүүхэд барилдахаар гарлаа даа. Тэгээд л ганцхан дайраад дэгээ ороох гэсэн чинь хөдөлдөггүй. Тэгсэн ганцхан хөдлөөд намайг өргөөд хаячихсан. Барилдааны дараа Дамдин аваргатай таарсан чинь намайг барилдах хүүхэд байна гэсэн.
-Дараа нь дахиж барилдсан уу?
-Тухайн үед урлагийнхны наадам болдог байсан. Түүнд Цолмонбаатар, Мягмарнаран хүртэл барилддаг байлаа шүү дээ. Тэгээд хуучин циркэд нэг барилдаан болсон юм. Тэгсэн аймгийн арслан гээд нэг нөхөртэй таараад барилдсан чинь намайг суга татаад өргөөд хаях нь ээ. Тэгээд хэсэг хугацааны дараа газарт наалдчихлаа.
Тэгсэн хүмүүс хүүе, хаая гээд шуугиад унадаг юм байна. Нэг мэдсэн миний гар байдаггүй. Тэгээд сайн харсан чинь далан дээр эргээд наалдчихсан байдаг байгаа. Тэгсэн эмч нар ирээд тариа хийгээд бөөн юм болсон. Тухайн үед ээж хотод байсан болохоор ээж дээр очоод хар цайгаар боолгоод арай гайгүй болсон.
Гараа сойж боолгочихоод явж байтал жүжгийн сургуулилт болдог юм байна. Оюун багш “Хонгор минь чи гараа яачихсан юм бэ” гээд асууж байна аа. Тэгэхээр нь учраа хэллээ дээ. Тэгсэн чи нэг бол жүжигчин бол эсвэл спортоо хөө гэсэн. Тэр үеэс л би гэдэг хүн барилдахаа больсон доо.
-Одоо та хаана амьдарч байна вэ?
-Орон байраа зарчихсан. Одоо хүүхдийндээ байгаа. Гэхдээ театр ирэх жил надад байр өгнө гэсэн. Тэгээд яахав театрын буянаар хоёр идэхгүй, хоосон хонохгүй явна. Дэлхий даахгүй гэх биш бие гайгүй байвал хэдэн жил явах байлгүй дээ.
-Алдаж, онож явахад түшсэн сайхан нөхөд байв уу?
-Тэр үед байсан одоо ч гэсэн бий. Сумогийн их аварга Д.Дагвадорж “Гэгээн муза”-гийн хүлээн авалтад оролцсон юм. Тэгсэн залуучууд бүжиг хийгээд байна аа. Магсар бид хоёр сууж байтал аварга ирээд намайг дуудаад сумогийнхон барилдаад дууссаныхаа дараа боодолтой юм авчихдаг ш дээ. Тийм юм надад өгсөн. Задлаад үзсэн юм монгол мөнгөөр нэг сая гаруй төгрөгтэй тэнцэх иень өгсөн. Би тэр үед жигтэйхэн их баярласан шүү.
-Та хэр шүтлэгтэй вэ?
-Ум мани бад мэ хумаас өөр мэддэг маань байхгүй. Гэхдээ маанийн зургаан үсгийг мэдэж байхад болно гэдэг юм билээ. Ийнхүү урлагийн бурхдын өргөөнд хийсэн бидний ярилцлага өнгөрснийг эргэцүүлж, инээд хөөр, баяр гунигийг хослуулан өндөрлөсөн юм.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж:
URL: