БУЛГАН ШУБА ӨМСӨХ ЦАГААР
…Бидний багад аав ээж нар дүрсгүйтсэн хүүхдээ зэмлэхдээ “Аятайхан байхгүй бол арьсыг чинь амьдаар нь хуулна шүү” гэдэг байж билээ. Бараг террор маягийн энэ заналхийллийг бид тэгтлээ хирдхийхгүй хүлээж авах авч, балчир ухаандаа “амьтны арьсыг амьдаар нь хуулж болох” тухай ойлголттой үлдэнэ. Төхөөрч байгаа хонины өвчүүг нь түшиж байхдаа “таалал төгссөн” хонины арьсыг нь хэрхэн хуулж байгааг шохоорхонгүй ажих.
…Саяхан нетээр хятадууд амьтны арьсыг амьдаар нь өвчиж байгаа бичлэгийг үзсэн хүн болгоны сэтгэл нь өвдөж, “хятадууд бол хүн биш, араатан юм аа” гэх зэвүүцэнгүй бодол тээв. Амийг нь таслалгүйгээр амьдаар нь арьсыг нь өвчихөд, тэрхүү амьтан маш ихээр тарчилж, яргалал дууссан хойно ч амь нь тэмцэн зовж, бүр ихээр тарчилсаар амь нь тасарна. Жам ёсоороо халих, жамаас гадна хэн нэгний гарт тарчилж зовж байж амь тасрах гэдэг огт өөр зүйл. Тэрхүү тамлалд тарчилж байгаа хүн ч амьтан ч дотор сэтгэл мэдрэхүйдээ юу бодож, хэрхэн аргаа баран үглэж байгаа бид мэдэхгүй.
Булган шуба
Монголд минь намрын сэрүүн орж, хүмүүс дулаан хувцсандаа орж буй. Мөдхөн тэсгим хүйтэн өвлийн улирал эхлэхэд хүн болгон дулаанаас гадна бусдын харцыг булааж, атаархлыг төрүүлэх элдэв чамин хувцсаа бэлтгэнэ. Тийм хувцасны сонголтод булган шуба ордог. Урт богино, элдэв загварын булган шуба маш үнэтэй төдийгүй, өмсөж байгаа хүнийхээ зэрэг дэв, хөрөнгө чинээнийх нь илрэл болох нь бий. Үгүйдээ л бид өөрсдөө ийн бодож, ийн хандаж, энэхүү булган шубанд ач холбогдол өгдөг.
Маш олон бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдөл шаналгаа, маш олон гэр бүлүүдийн эдийн засаг болон дотоод харилцаанд зөрчил учруулдаг зүйл нь булган шуба. Бүсүйчүүдийн өөрийгөө болон эр нөхрөө бусдын өмнө “баян”, “эрхэмсэг” болгож харагдуулах гэж хүсдэг булган шуба нь хэмжээ болон хэлбрээсээ хамаараад хэдэн арван сая төгрөгийн үнэтэй. Заримдаа бид хэн нэгэн зальтангийн завшсан мөнгөний хэмжээг сонсохдоо “үгүй ер энэ мөнгөөр чинь хэдэн сургууль, хэдэн эмнэлэг барьж болох байсан байна шүү дээ” гэж эгдүүцдэгтэй адил, өвөлдөө өмсөж гангарах гэсэн булган шубаны үнэ нь тэр гэр бүлийн хэмжээнд маш олон асуудлыг нааштай шийдэж болох мөнгө л дөө.
Харамсалтай нь “булган шуба өмсөөгүй бол хүний тооноос хасагдчих” гээд байгаа бачимхан бодол, өчүүхэн шуналдаа энэ тухай бодохыг ч хүсэхгүй. Хамаг байдгаа барж, өөрт байгаа арга чарга бүхнээ шавхан байж авч өмссөн булган шубаны дотроос бусдын атаархлыг өөртөө татах гэсэн ядмагхан төрх, хуурамч ихэмсэглэл, өөрт нь огт зохихгүй байгаа жүжиглэл оршиж байгааг анзаарахгүй. Толгой дотроо эрдэмгүй хэрнээ гаднаа баян болох гэж ядаж байгаа тэдний төрх бусдад инээдэмтэй эмгэнэлтэй харагдаж байгааг ухаарахгүй.
Булган шубыг яаж хийдэг гээч…
Нэг булган шуба хийхийн тулд 16-17 булгыг амьдаар нь өвчдөг. 3-4 сартай нялх булганы арьс хамгийн сорлог үстэй байдаг гэнэ. Булганы амь нь тасрахад арьсны сорлог үс нь “үхэждэг” учир заавал амьдаар нь өвчих шаардлагатай юм байна. Амьдаараа өвчүүлсэн нялх булга 10-15 минут тарчилж байж үхдэг гэнэ. Тийм болохоор өндөр хөгжилтэй орнуудад амьтны арьсаар хийсэн хувцаснаас татгалздаг болсоор удаж буй. Амьтны арьсаар хийсэн хувцас өмссөн хүнийг баярлаж бахадсан биш, гайхаж зэвүүцсэн харцаар хардаг юм. Учир нь тэр амьтад чинь хүмүүс бидэн шиг жаргал зовлонгоо хуучилж чадахгүй ч нэгэн арьсан дотор оршиж байгаа адил махбодь билээ.
Булган шуба өмсөх цагаар
“Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү? хэнд хамаатай” гэдэгчлэн хувь хүмүүс ямар хувцас өмсөх нь өөрсдийнх нь хэрэг л дээ. Гэхдээ нийгмийн бухимдлаас гадна зөвхөн өнгө мөнгөний төлөөх хоосон хийрхэлд автаад байгаа монголчууд бидний амьдралд санаж сэрэх зүйл байгагүй байгаагийн нэг нь энэ юм. Гоёмсог цаастай чихэр, амт муутай гашуун байвал бид хэрхэн дурлах. Хувь хүмүүсийн мөн чанарт нь биш, гадаад үзэмж, гоёл, элдэв маяглалд ач холбогдол өгч сурталчлан, өрөөл бусдыг ийм байдал руу түлхээд байгаа буруутан нь өөр хэн ч биш бид өөрсдөө юм шүү дээ. Өөрийн хүсэл сонирхлоороо байж болохгүй, өрөөл бусдын өгдөөсөн ийм хийрхэлд автан бусдад таалагдан зохицох гэж хүн болгон шаналаад байгаа нь өнөөгийн монголчууд бидний эмгэнэл болж байна.
Маш сорлог, гоёмсог булган шуба өмссөн сайхан бүсгүйчүүдийн нуруун дээр амьдаараа өвчүүлж, олон минут тарчилж үхсэн тэр л балчир булгануудын сүнс нь шингэж явдаг юм. Энэ ертөнцөд дөнгөж мэндлээд хэдхэн сарыг элээгээд амь тавсан тэд, сорлог сайхан арьстай төрсөндөө л буруутай гэж үү? Тэр арьснуудыг мөрөндөө углан, бусдын атаархлыг төрүүлэн сэтгэлийг нь бачимдуулах гэж мунхаглах хүмүүс бид сайхан харагдаж байна гэж үү? Тэр болгонд атаархаж өрсөлдөөд “хүний тоонд багтах” гэж мунхаглах хүмүүс бид, бусдыг барьж идэх араатан амьтдаас илүү байж чадах билүү?
Энэ ертөнцөд хүмүүн бид хараа булааж, сэтгэл баясгах, бас өхөөрдөл төрүүлэх маш олон амьтад, жигүүртэнтэй хамтдаа аж төрж, амьд явахын төлөө ав адилхан тэмцдэг. Хүмүүс бид зөвхөн өөрсдийгөө бодож, өрөөл бусад юуг ч хайрлахгүй байсаар байгаль орчноо сүйтгэж, ан амьтдаа устгаж, адаг сүүлд нь өөрсдөө зовж, зүдэрч байна. Энэ их шунал тачаал, тэнэг өрсөлдөөн дунд ан амьтдыг бүү хэл өөрсдийгөө ч хайрлахаа больж байна. Бид дотоод сэтгэлийн их амар амгалангаа ч алдаж байна. Энэ их тарчлаан бидний амьдралыг зовлон болгон хувиргаж байна. Уг нь ухаараад харах юм бол энэ амьдрал чинь эв энгийн юм шүү дээ.
Бүсгүй та сайхан харагдаж байнаа. Ялдам инээмсэглэл, эрхэмсэг бардам төрх, ухаалаг харц. Гэхдээ булган шубаны дороос тийм ч сайхан харагдахгүй байна шүү. Учир нь таны дотоод сэтгэл тань булганы сороос илүү гайхамшигтай. Зүгээр л өөрийнхөөрөө байгаа тань л хамгийн сайхан.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com 2013-09-20
URL: