Меган Ян: Бид нийгэмдээ хэрхэн туслаж болохыг ойлгуулахыг хүссэн
Дэлхийн 126 орны миссийг тэргүүлэн титмийн эзэн болж чадсан Меган Ян гэх 23 настай бүсгүй хоёрхон хоногийн дотор жинхэнэ од болж чадлаа.
Түүнийг дэлхийн ихэнх хэвлэлийн агентлагууд онцолж, олон нийтийн сүлжээгээр Меган Ян гэх тайлбартай зураг тавигдаж эхэллээ. “Wikipedia” сайтад ч аль хэдийнэ түүний талаарх мэдээлэл орж иржээ. 63 дахь удаагийн дэлхийн миссийн титмийн эзэн болсон Меган Ян гэх энэ бүсгүйн ээж нь филиппин, аав нь америк хүн байдаг аж.
Тэрбээр АНУ-д төрж 10 настайдаа Филиппиний Олонгапо хот руу нүүжээ. Түүний хувьд Филиппиний дунд сургууль, коллежид суралцдаг энгийн нэгэн охин байв. Кино үйлдвэрийн чиглэлээр сонирхон суралцаж эхэлсэн нь сүүлд карьераа эхлүүлэхэд нөлөөлж эхэлсэн байна. Тэрбээр анх “StarStruck” шоуг хоёр найзын хамт гурвуулаа хамтаар явуулах болсноор Филиппинд нэрд гарч эхлэв.
Дуулах, бүжиглэх сонирхолтой залуусыг шалгаруулдаг уг шоу улсдаа нэлээн нэр хүндтэйд тооцогддог болжээ. Дараа нь Меган Ян GMA Artist Center-т, цаашлаад ABS-CBN телевизэд ажиллах болжээ. Түүнийг анх ABS-CBN телевизийн “Star Magic Presents” шоугаар рейтингээ ахиулж, амжилтынхаа гарааг эхлүүлсэн гэж үздэг. Үүнээс хойш хэд хэдэн алдартай шоунаас гадна кинонд хүртэл дүрээ мөнхөлж амжжээ. Меган Яны хувьд Филиппиндээ нэр хүндтэй, амжилттай яваа бүсгүй юм.
Өдгөө дэлхий нийтийн анхаарлын төвд орж, рейтинг нь улам өсчээ. Тэрбээр тэмцээний үеэр өөрийгөө түрүүлнэ гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан гэдгээ хэлсэн. Харин тэмцээнд орох болсон шалтгааныхаа тухайд “Хүн тухайн нийгэмдээ ямар байдлаар туслаж болох вэ гэдгийг харуулахыг хүссэн. Жишээлбэл би энэ шоугаар дамжуулан хүмүүст олон талаар туслаж чадахаа харуулсан” гэсэн юм. Тэгвэл Меган Ян дэлхийн мисс болсны дараа түүний жүжигчин дүүг ч хэвлэл мэдээллийнхэн сонирхож эхэлжээ.
Түүний дүүг Лаурен Ян гэдэг бөгөөд чамгүй амжилттай яваа жүжигчин билээ. Лаурен Ян “Эгчийн маань амжилт миний хувьд баяр баясал, аз жаргал минь. Эгчийгээ дэлхийн миссийн титмийг зүүж чадлаа гэх мэдээг сонсоод “Би чадлаа” гээд яг л өөрийгөө түрүүлж байгаа мэт санагдаж байлаа. Би хэдийгээр жүжигчин ч гэлээ Меган Янын дүү гэдэг утгаар хүмүүс хүлээж авч байх шиг санагдсан. Тэгэхээр илүү их хариуцлага надад ирж байна. Гэхдээ эгч маань надад их зүйлийг зааж, сургадаг болохоор үүнээс айхгүй байна” гэжээ.
Тэгвэл дэлхийн миссийн хоёрдугаар байранд Франц улсын оролцогч Марине Лорпелин, гуравдугаарт Гана улсын Карранзар Наа Окайлий Шүүтэр нар шалгарсан байна. Харин тэмцээний үеэр шалгаруулсан топ 10 моделиор Украйн, Өмнөд Судан, Бразиль, Филиппин, Франц, Камерон, Кипр, Англи, Итали, АНУ-ын миссүүд оржээ.
Монгол Улсыг төлөөлөн оролцсон С.Пагмадуламын хувьд ардын дуу эгшиглүүлэн эх орныхоо онцлогийг харуулсан ч финалд шалгарч чадаагүй билээ. 63 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээн Индонезийн Жакарта хотод нээлтээ хийсэн ч лалын бүлгэмийнхний бослогоос болоод Бали арал руу шилжихээс аргагүйд хүрсэн.
Улмаар хэдэн зуун цагдаа нарын хамгаалалт дунд Бали аралд үргэлжилсэн миссийн тэмцээний үеэр бослогоос болж ямар нэг эрсдэл гараагүй, амжилттай болж өнгөрлөө гэж мэдээлжээ.
Б.Золзаяа
URL: