Эрх баригч хүчинтэй хамтарсан нь зөв зүйл биш байсан
Намын хурлаас болж чуулган хуралдахаа болино гэдэг нь юу гэсэн үг юм бэ. Ингэж хариуцлагагүй хандаж байж тэд өөрчлөлт энэ тэр ярьж болохгүй биз дээ.
Хамтарсан Засгийн газрын асуудлын талаар яриагаа эхэлье. Төр засгийн ажил хэр явж байна?
-Хаа сайгүй хариуцлага байхгүй боллоо. Сөрөг хүчин гэх зүйл байхгүй боллоо. Ажил хийдэг хүн байхгүй болов. Төрийг удирдах дээд байгууллага нь ажил хийхгүй байна. Яам нь ч ажил хийхгүй байна. Нийгэм, эдийн засгийн хөгжил хоцрогдмол байдалд орлоо. Нийгмийн хөгжлөөс түрүүлэх нь битгий хэл хөл нийлүүлж алхаж чадахгүй нь. Хурд хүч саарч, бүх зүйл унтаа байдалд орлоо. Бидний нүдэн дээр УИХ ажлаа хийхгүй байна. Иргэдийн амьдрал ахуй хүнд байна. Ард түмний ажилгүйдэл, ядуурал хэрээс хэтэрсэн. Эрүүл мэндээрээ Монголчууд хохирч дуусаж байна. Гэтэл тухайн асуудлыг нь хэлэлцэж байхад хариуцсан сайд нь, дүгнэлт гаргасан байнгын хорооны дарга нь ч хуралдаа суухгүй байна.
-Хамтарсан Засгийн газраас болж хариуцлага алдагдсан гэсэн үг үү. Хариуцлагагүй байдлын буруутан нь хэн болж таарах вэ?
-МАХН-ын Их хурал пүрэв, баасан гаригт болохоор болсон. Гэтэл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан энэ өдрүүдэд хуралддаг. Одоо хуралдахаа больж байна. Намын хурлаас болж чуулган хуралдахаа болино гэдэг нь юу гэсэн үг юм бэ. Ингэж хариуцлагагүй хандаж байж тэд өөрчлөлт энэ тэр ярьж болохгүй биз дээ. Хуралдах дуртай юм бол бямба, ням гаригт хуралдана биз. Яагаад Монголын төр засаг ийнхүү ажлаа хийхээ больчихсон байдаг юм бэ. Энэ арай ч хэтэрч байна.
-Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт байгаа талаар, энэ хамтралаас гарах хэрэгтэй тухай яриа сүүлийн үед хаа саагүй явах боллоо?
-Хамтарсан Засгийн газарт байж байгаа нь улс орны хөгжилтэй холбоотой асуудал. Хамтарсан Засгийн газраас гарах асуудал нь ирэх сонгуульд оролцохтой холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл хамтарсан Засгийн газраас гарах асуудал нь намын асуудал, хамтарсан Засгийн газарт байх асуудал нь эх орны асуудал юм.
-Анх ер нь Засгийн газарт орох шаардлага байсан уу. Тэр үед гаргасан шийдвэрийг эргэн харахад ямар санагдаж байна?
-Олуулаа нийлээд л оръё гээ биз дээ. Албан тушаалын бялуу амсацгаая гээд л орцгоосон. Одоо яах вэ дээ. Тийм шийдвэрийг нэгэнт гаргаад орчихсон юм чинь одоо гаръя гээд байх нь бүр муухай юм болно. Анхнаасаа орохгүй байсан бол бас өөр хэрэг. Ер нь таван хүний амь насыг хороон, олон хүнийг хэлмэгдүүлсэн, сонгуулийг будлиантуулж гарч ирсэн эрх баригч хүчинтэй нэг хөнжилд орсныг одоо эргээд харахад зөв зүйл биш байсан гэж бодож байна. Ардчилсан нам үндсэн үүрэг хариуцлагаасаа ухарсан зүйл. Одоо тэр талаар, хариуцлагийн тухай ярьж хэлж байгаа хүн алга.
-Сөрөг хүчин байхгүй болсон гэлээ. Үнэхээр Парламентын 20-н жилийн ойн хуралдаан дээр ерөнхийлөгчийн хэлсэн үг сөрөг хүчний орон зай байхгүй болсныг илэрхийлэх шиг боллоо. Түүний үгийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Ерөнхийлөгч маш сайн үг хэлсэн. Энэ бол Монголын ард түмний дундаас сонгогдсон ерөнхийлөгчийн амнаас гарах ёстой. Нийгэмд дутагдаж, үгүйлэгдэж буй үгийг хэлсэн. Энэ шударга бус байдал, хуйвалдаан, харанхуй нийгэмд цочроо өгөх, гэрэл гаргах үгийг хэлсэн. Ерөнхийлөгчийн үгэнд дургүйцэн, өсөрхөж буй хүмүүс олигархууд, шударга бус нөхдүүд байх. Харин ард түмэн, сэхээтнүүд эерэгээр хүлээн авсан байх.
-Дургүйцэж буй хүмүүсийн дунд танай намынхнаас байх шиг байна уу?
-Би хүн болгоныг хэрхэн хүлээн авсныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ дүргүйцсэн хүмүүс байсан байх шүү. Хамтарсан Засгийн газрыг ажил хийхгүй байгаа хэмээн шүүмжилсэн. Сөрөг хүчин байхгүй байна хэмээн шүүмжилсэн нь манай Ардчилсан намыг ч мөн давхар шүүмжилж байгаа хэрэг.
-Ардчилсан намын удирдлагын явуулж буй бодлогыг шүүмжилж, залуу гишүүдийн гарч ирэх цаг болсон гэж байгаа. Залуучуудын намын бодлогыг авч явах цаг нь болсон уу?
-Би Ардчилсан намын ахмад туршлагатай гишүүдтэй хамтран ажиллаж байсан хүн. Халаа байх ёстой гэж үздэг. Ардчилсан намд ард олонд үнэлэгдэн хүндлэгддэг хүмүүс олон бий. Ардчилсан намын оюуны түүчээ болсон Баабар, Р.Гончигдорж, Э.Бат-Үүл, Цэнддоо, Элбэгдорж гээд олон хүн бий. Би өөрийгөө ч үүнд оруулж боддог. Би Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, ард түмэнд үнэлэгдэх зүйл хийж байсан хүн. Цаашид ч хийх болно. Ардчилсан намынхнаас ийм олон үнэ цэнэтэй хүнийг хэлж болно. Тэд одоо ч тэтгэвэрт гарчхаагүй байна.
-Намынхаа даргын үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгөх вэ?
-Ардчилсан намын даргыг бололцооны хэмжээнд ажлаа хийж байна гэж үзэж байна. Мэдээж үйл ажиллагаанд нь дутагдаж буй чанар байгаа. Гэхдээ 100 хувь дутагдалгүй хүн гэж байдаггүй. Хүнийг яаж ч харж болно ш дээ. Аяганы дундуур усыг зарим нь тал нь хоосон байна гэж харж байхад зарим нь тал нь дүүрэн юм гэж хардаг. Би Алтанхуяг даргад олон сайн зан чанар байдгийг мэднэ. Хүмүүсийг эвлэрүүлэх чадвартай, туршлагатай хүн. Хийсэн сайн зүйлээс нь хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялалтад хүргэсэн.
-Дутагдаж буй чанар байгаа гэлээ. Энэ чанар нь түүнийг суудлаа өгөх үндэслэл болох боломжтой юу?
-Би байхгүй гэж бодож байна. Халаагаа өгөх хэмжээний тийм том алдаа гаргаагүй байлгүй дээ. Тэгээд ч дахиад хоёр жилийн хугацаа бий. Энэ хугацаанд тодорхой, үр дүнтэй ажлууд зохион байгуулна гэдгийг нь хүлээж байна.
-Ардчилсан нам энэ байдлаараа байсаар 2012 оны сонгуульд оролцвол ялалт байгуулж чадахгүй хэмээн намын гишүүд нь хүртэл дүгнэж, байр сууриа илэрхийлэх болов. Ирэх сонгуульд ялахын тулд яах ёстой болж байна?
-Албан ёсны судалгааг түших хэрэгтэй л дээ. Монголд гайгүй судалгаа гаргачихдаг Сант Маралын судалгаанаас харахад Ардчилсан намын нэр хүнд сайнгүй л харагдаж байсан. Нэр хүнд нь буурсан энэ байдлыг өөрчлөх шийдвэрийг Үндэсний Зөвлөлдөх хорооны хуралдаанаар гаргах хэрэгтэй. Үйл ажиллагаандаа дүгнэлт хийх цаг болсон.
-Үндэсний Зөвлөлдөх хорооны хуралдаан удахгүй болно. Энэ хуралдаанаас Ардчилсан намын нэр хүндийг өсгөх, асуудлыг шийдвэрлэх боломж бий болох хүлээлт байгаа юу?
-Манай Үндэсний Зөвлөлдөх хороо чинь франц, бүлэглэлүүдийн хуваагдал юм ш дээ. Тэгэхээр бүлэглэлүүдийн дарга нар нь ямар бодолтой байгааг нь сайн мэдэхгүй байгаа болохоор хэлж чадахгүй нь. Бүлэглэлийн дарга нар нь шийдвэрээ гаргаад явах байх.
-Хоёр намын хамтраад, таны хэлдгээр “өвөртөө орж үнсэлцээд” явж байгаа нь гуравдагч хүчинд боломж олгох юм биш үү. Хэрэв хамтрал тодорхой сайн үр дүнд хүрвэл нэгнийхээ дээр гишгээд нэг л дээшээ гарна. Амжилтгүйтвэл хоёулангийнх нь нэр хүнд унах байх. Энэ нь аль ч тохиолдолд гуравдагч хүчинд ашигтай мэт санагдах юм?
-Гуравдагч хүчин гэж мэдрүүлээд буй зүйл одоо алга байна.
-Иргэний зориг нам, Ногоон намынхан нэгдээд ирэх сонгуульд мэдрүүлэх гээд байгаа юм биш үү?
-Гуравдагч хүчин гарахаар бол үйл ажиллагаагаа идэвхжүүлж ажлаа сайн хийх хэрэгтэй. Гуравдагч хүчний орон зай гээд том орон зай уг нь байгаад байх шиг байгаа юм. Гэвч түүнийг эзэлж чадахгүй байна. Эзлэхийн тулд тодорхой үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Гуравдагч хүчинд боловсон хүчин хэрэгтэй. Мөнгө төгрөгтэй спонсорууд хэрэгтэй. Гэтэл тэдэнд энэ тал дээр дутагдалтай байна. Мөн хүн хүчний нөөц шаардлагатай. Манай нийгэм чинь одоо Ардчилсан нам, Хувьсгалт нам гээд л хуваагдчихсан байгаа. Гуравдагч хүчин хэмээн их хуралд ганц нэг төлөөлөл гарахаас биш том сонгуульд тэднийг төлөөлөх хүн цөөхөн байдаг.
Бас л таны үгнээс өлгөх нь. Гуравдагч хүчний том орон зай байгаа гэлээ. Энэ нь Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлэхгүй байгааг хэлж байгаа юм биш үү?
Ардчилсан нам Засгийн газарт хамтраад орчихсон учраас сөрөг хүчний байр сууринаас хандаж чадахгүй байна. Ардчилсан нам хамтарсан засгийн газарт байсан ч олон зүйл дээр сөрөг хүчний байр сууринаас хандах ёстой.
-Та өөрөө хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан гишүүн. Тухайн үеийн Засгийн газар, одоогийн Засгийн газрын хоорондын ялгаа хэр байна. Мөн сөрөг хүчний ялгаа?
-Би хамтарсан Засгийн газарт байж байгаад улс төрийн шалтгаанаар хөөгдөж гарсан ганц л сайд. Монголын түүхэнд анх удаа Ерөнхий сайд нь өөрөө Засгийн газраа огцруулъя гэсэн. Би хамтарсан засгийн газартаа өөрийнхөө хэлэх үгийг, шүүмжлэлийг байнга л хэлдэг байсан. Айж, аяыг нь даган дуулж яваагүй.
-Ардчилсан нам тодорхой шийдвэр гаргахгүй бол байдал хэвээр л байх нь дээ?
-Сөрөг хүчинд хийгээд байх зүйл бараг байхгүй байна даа. Хувьсгалт нам л үүрэг хариуцлагаа хүлээж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ард түмний амьдралыг сайжруулахын төлөө ажиллах нь. Бид нар тэднийг буруу зүйл хийвэл шүүмжилж, чиглүүлж, сайн зүйл хийвэл дэмжих ёстой. Засгийн газар нь хувьсгалт намынх байна. Тэд юу оруулж ирнэ. Бид нар нь түүнийг баталж өгөөд явуулах болж байна. Ялсан улс төрийн хүчин хүчин засгийн газраа байгуулж мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажиллана. Өөр зүйл байхгүй.
Ярилцсанд баярлалаа.
Б.ЭНХМАНДАХ
URL: