Ардчилалгүй ардчилагчдаас хэзээ салах вэ?

Монголд гайхалтай ардчилал авчирсан гэж өөрсдийгөө цоллодог нөхдүүд сонгууль болгоноор худал хуурмагийг ярьж төрд гарч идэж уучихаад ичих ч үгүй дахиад л сонгуульд оролцох гээд ард түмэнд хайртай хүний дүрээр явж байдгийг нь бодохоор Монгол түмний зэвүүцэл, хорсол төрөхгүй байхын аргагүй юм. Өнөөгийн эрх баригчид дараагийн сонгуулиар биднийг сонгоочээ хэмээн дахиад л уйлан дуулаад гүйнэ. Тэр үед бид тэднийг сонгох уу.

Ард түмний аж амьдрал, улс орны газар нутаг, эрдэс баялгаар наадчихаад гэмгүй цайлган хүний дүрээр намайг сонгоочээ гээд нэр дэвшдэг нь тэдний ард түмнийг доромжилж дуусаагүй, бүр дуусах ч үгүйг нь илтгэдэг. Ардчиллын гэгдэх хориод жилд Монголд юу ч байгуулаагүй, юу ч бариагүй, юу ч бүтээгээгүй, юу ч босгоогүй, юу ч хийгээгүй цаашдаа ч юу ч байгуулахгүй, бүтээхгүй, босгохгүй, хийхгүй хэрнээ ардчилал амжилттай яваа гэж хөөрч, Азидаа ардчиллаараа тэргүүлж буй мэтээр ярьж, ардчиллын амжилтыг магтан дуулж, ардчиллын хурал хийж ядууруулсан, ажилгүй, гуйлгачин болгосон, эх орондоо харийханд дарлуулсан иргэдээ ардчилал амжилттай гэж доромжилж буйгаар тэдний хэн бэ гэдэг нь төвөггүйхэн ойлгогдоно.

Ардчилагчдын олгосон гээд байгаа эрх чөлөө нь өнөөдөр Монголд хулгай хийх, худал хэлэх, биеэ үнэлэх, мансуурах, өөр өөрсдийгөө доромжлох л эрх чөлөө л болсон байна. Өнөөдөр бидэнд сайхан амьдрах эрх чөлөө байна уу. Хүн сайхан хангалуун амьдрах эрхтэй биз дээ. Бид гахай шиг амьдарч, нохой шиг үхэх ёсгүй.

Ардчилагчдын Монголд авчирсан нөгөө сүрхий Азидаа тэргүүлэгч Ардчилал нь бодит байдал дээр харин ч эсрэгээрээ болчихсон явж байна. Хэвлэлийн эрх чөлөө хаана байна. Монголыг дэлхийд хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гээд зарлачихсан. Жагсаал цуглаан хийх эрх нь хаана байна. Үг хэлэх эрх чөлөө хаана байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хаана байна. Өмч хөрөнгөтэй байх эрх чөлөө нь хаана байна.

Ардчилал гэсэн сайхан үгний цаана хулгайч төрхөө нуусан манай эрх баригчдын үйлдэл хол явахгүй ээ. Алхам тутамдаа худал хэлж, хулгай хийж, эх орноо харийнхантай нийлэн дээрэмдэх гэмт үйлдлүүдийг ард түмэн улам ихээр мэдэрч байна. Энэ мэдрэмж уур бухимдал болж, уурх бухимдал нь дэлбэрэн гарч бүхэл бүтэн нэг улсыг түймэрдэх цагт төрд заларсан хулгайч, луйварчдад зогсох газар байтугай амьсгалах агаарч олдохгүй.

Улс орноо улсын дайтай авч явах зориг хүсэл тэдэнд алга. Ард түмнээ хүний дайтай амьдруулах хүмүүнлэг бодлого алга. Өөрсдөө л болж байвал, энэ суудалдаа удаан л сууж байвал боллоо гэсэн дэндүү нүгэлт тачаалаар тэд оршиж байна. Энэ бүхэнд төгсгөл заавал ирэх ёстой.

Харин хэзээ ардчилалгүй, хэзээ ч ардчилсан болохгүй бас ардчиллыг ойлгох ухаангүй эрх баригчдаас төрөө буцаан авч улс орноо өөртөө авах вэ? Энэ бол өнөөдрийн улс орноо, эх нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүсийн бодох ёстой ганц бодол. Хэзээ ч улс орныг хөгжүүлж чадахгүй хүмүүст төрийн жолоог атгуулчихаад өөрсдөө уурлан бухимдаж суух ёстой юм уу. Яагаад тэд чадахгүй вэ гэхээр нэгдүгээрт сэтгэл байхгүй, хоёрдугаар мэдлэг боловсрол байхгүй.

Тэдэнд төрийн онол мэддэг ганц ч хүн байхгүй, эдийн засгийн удирдаад явчих чадвартай ганц ч хүн байхгүй. Ардчиллыг судалсан хүн байхгүй. Төр засгаар дүүрэн хоосон толгойтой нялх царайтай ганган хувцастай залуучууд л байна. Тэд юу хийж чадах юм бэ? Мэдлэг боловсрол эзэмших насан дээр намчирхаж, бөгс долоосоор сайд, газрын дарга, агентлагийн даргын албан тушаал дээр суусан л нөхдүүд шүү дээ. Өөрсдийнхөө мэдлэг чадвараар үнэхээр шалгараад суусан нь хэд бол. Ийм хүмүүс улс орны төлөө явах уу? Өөрийнхөө амьдралыг умартаад улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж чадах уу.

Чаддаггүй л байхгүй юу. Ийм хүмүүст тэгээд юунд найдаад байгаа юм бэ? Тэднээс очоод ардчилал гэж юу вэ гэвэл манай намын нэр л гэж хариулах байх даа.


URL:

Сэтгэгдэл бичих