Нэрээсээ эхлээд далбаагаа хүртэл шинэчлэгдэх МАХН

Нийгэм улс орныг гутааж байгаа нэн аюултай үзэгдэл болох авилга, хээл хахуулийг МАХН таслан зогсооно гэдгийг намын дарга С.Батболд хатуу амлав.

Төрийн ордны хойд төв хаалганаас эхлэн МАХН-ын бэлгэдэл улаан сарнайн дүрс, намын их хурлын “Шинэчлэл, манлайлал, хөгжил” гэсэн уриа бүхий самбараар дүүр­гэсэн нь МАХН-ын ХХYI их хурлын эхлэлийн дүр төрх байв. МАХН-ын их хуралд 801 төлөөлөгч сонгогдсон ч 800 хүн хүрэлцэн иржээ. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын МАХН-ын үүрийн дарга Б.Чинбат зуурдаар таалал төгссөн байна. Цуг­ларсан төлөөлөгчид их үдийн завсарлагын өмнөхөн түүнд эмгэнэл илэрхийлэв. Төлөөлөгчдийн ярьж буйгаар тэрбээр нийслэл рүү ирэх замдаа автомашины осолд орж насан өөд болжээ.

“Зөвхөн нарыг хэвээр үлдээгээд бүх дэлхийг шинэчлэх октябрь” гэгчээр энэ удаагийн их хурлаар МАХН-ын нэр, мөрийн хөтөлбөр, далбаа, дүрэм, сонины нэр, үзэл баримтлалаас авахуулаад даргыг нь ч шинэчилж мэдэхээр болов. Их танхимын тайзыг цагаан хөшгөөр чимэглэж, голд нь улаан сарнайгаа байрлуулжээ. Илтгэгчдэд зориулан тусгайлсан өндөр индэр засч ОХУ-ын төрийн  далбааг санагдуулам цагаан, хөх, улаан судалтай туузаар чимэглэсэн нь час улаан өнгөнд умбасан урьд урьдын их хурлаас их л шинэлэг төрхтэй болсон харагдана. Энэ цагаан, хөх, улаан өнгө МАХН-ын шинэ далбааны өнгө болох аж.  Ордны их танхим болон хоёрдугаар давхрын коридорт том дэлгэц тавьж түүгээр их хурлын эхний хэсгийг нийтэд харууллаа.Их хурлын тэргүүлэгчдийн байранд их олон хүнийг урьж суулгажээ. Тэдний зарим нь буриад, казах гээд үндэснийхээ хувцсаар гоёсон харагдана. МАХН-ын үе үеийн лидер болох Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр, С.Баяр нар нэгэн дор суусан нь ойрд тохой нийлүүлээгүй тэдний хувьд ч сонин тохиолдол байв.

МАХН-ын ХХYI их хурлыг намын дарга С.Батболд улс төрийн илтгэл тавьж эхлүүллээ. Тэрбээр ардчилал, зах зээлд шилжсэн өнгөрсөн 20 жилд дүгнэлт өгч, ирэх 20 жилийн төлөвийг ярилаа. МАХН-ын дарга С.Батболд илтгэлдээ “шилжилтийн” гэсэн сэтгэлгээг цэглэж, их бүтээн байгуулалт өрнүүлэх, хөгжилтэй улс орон, бүтээгч ард түмэн болох түүхэн цаг үе тулж ирснийг тэмдэглэсэн юм.  “Ядуурал ажилгүйдэл-ажилгүйдэл ядуурал” гэсэн мухар тойргоос гарч ажлын байрыг нэмэгдүүлэх цаг ирснийг мөн онцоллоо. Нийгэм улс орныг гутааж байгаа нэн аюултай үзэгдэл болох авилга, хээл хахуулийг МАХН таслан зогсооно гэдгийг намын дарга С.Батболд хатуу амлав.  Үүнээс хойш хөгжлийг тодорхойлохдоо улс орны өрсөлдөх чадварын индекс, хүний хөгжлийн индекс, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ зэргийг дэлхийн стандартын нэгдмэл хэмжүүрээр хэмжиж байх нь зүйтэй гэж тэрбээр хэллээ. Ингэж байж 2,7 сая монголчууд дэлхийн зургаан тэрбум хүний хаана нь явна вэ гэдгээ тодорхой харах аж. Ийм стандарт хэмжүүрээр харвал өнөөдөр Монгол Улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийн улс орнуудын дотор 114 дүгээр байранд явж байгаа гэнэ. Энэ үзүүлэлтээр 2015 онд 65 дугаар, 2021 онд 50 дугаар байрт орохоор зүтгэх тодорхой зорилт саналыг С.Батболд дарга дэвшүүллээ.

УИХ-ын гишүүн С.Баяр МАХН-ын мөрийн хөтөлбөрт оруулах өөрчлөлтүүдийн талаар илтгэсэн юм. Энэ удаад их хурлын төлөөлөгчдөд “МАН-ын хичээн эрмэлзэх зүйл” хэмээх мөрийн хөтөлбөрийн хураангуй хувилбарыг танилцуулав. Уг хувилбарт МАН нь МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл, нийгмийн ардчилсан үзэл бүхий хуулийн этгээд“ болохыг томъёолжээ. МАХН-ын нарийн бичгийн дарга Д.Лүндээжанцан МАХН-ын дүрэмд оруулах өөрчлөлтийг танилцуулсан юм. МАХН улаан сарнай дээрээ нэмж алтан соёмбыг бэлгэдэл болгон авахаар болсон байна. Голдоо соёмботой, таван хошуу хэлбэртэй улаан сарнайтай, улаан, хөх, цагаан өнгө хосолсон далбаатай болохоор дүрмийн төсөлд тусгажээ. “Үхрийн бөөр шиг нэг их шаваарсан юм болох вий” хэмээн зарим төлөөлөгч шивнэж байв.

Намын үзэл бодлын эсрэг үйл ажиллагаа явуулсан, намаас нэр дэвшигчидтэй зэрэгцүүлэн сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлсэн, хамт олны саналаас зөрсөн зэрэг шалтгаанаар гишүүдийг намаас гаргах тухай заалтыг мөн дүрмийн төсөлд оруулсан байна. Гэхдээ хэд хэдэн шатаар дамжуулан хяналтын хороогоор шалгуулж буруугүй гэж үзвэл намаас гаргахгүй гэнэ. Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг ч өргөтгөхөөр болсон нь гишүүдээ хянах шалгах ажлыг өргөжүүлэхийн цондон бололтой.

МАХН-ын төв хэвлэл “Үнэн” сониныг “Монголын үнэн” хэмээн хэмээн нэрлэж эрхлэгчийг нь Удирдах зөвлөлөөс тавьж байхаар болжээ. Их л хатуу хяналттай хэвлэл болох бололтой. Бага хурлын гишүүнийг МАХН-ын 500 гишүүнээс нэг, Удирдах зөвлөлийн гишүүнийг 5000 гишүүнээс нэг байхаар тооцож сонгохоор болсон байна.

Үүгээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Харин үдээс хойш дээрх асуудлуудаар гишүүд санал бодлоо хаалттай солилцлоо. Нэгэн хэвийндүү, “томоотой” их хуралд сөрөг хүчин нь МАХН-ын дарга асан, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр байв. Тэрбээр сөрөг байр сууриа хоёр дахь өдрийн хуралдаан дээр илэр­хийлнэ гэдгээ сэтгүүлчдэд хэлсэн юм.

Хаалттай хуралдааны хөшигний араас дуулдаж буйгаар бол хоёр дахь өд­рийн хуралдаанаар намын үзэл баримт­лалд өөрчлөлт оруулах болон МАХН-ын даргын асуудлыг ярихаар болжээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингийн нэрийг МАХН-ын даргад өрсөлдүүлэх талаар ч дуулдаж байна. Хэдийгээр УИХ-ын гишүүн С.Баяр “Тийм асуудал байхгүй” хэмээн мэдэгдэж буй ч төлөөлөгчдийн дотор Ө.Энхтүвшин намын даргад өрсөлдөнө гэсэн мэдээлэл хэдийнэ түгсэн байв.

Эхний өдрийн хуралдаан ийнхүү дуулиан шуугиангүйхэн өндөрлөв. Харин хоёр дахь өдрийн хуралдаанаар, ялангуяа 20.30 цагаас хойш хамгийн хурц асуудлуудаа хэлэлцэх байх хэмээн төлөөлөгчид үзэж байна.

Их хурлын эхний өдрийн хуралдааны дараа төлөөлөгчид хүндэтгэлийн концерт үзсэнээр үйл ажиллагаагаа өндөрлөв.


URL:

Tags: ,