Тусгай сургуулийн сурагчдын явдаг замыг эвдэж барилга барьжээ
Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барилгууд баригдаж байна. Одоо бүр явган зорчигчийн замыг эвдэж барилгын ажил хийж байна. Бүр сүүлдээ Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын явдаг замыг нь эвдэж барилга барьжээ.
Энэ талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийг зорилоо.
Уг сургууль дээр очиход явган зорчигчийн замыг эвдэж, барилгын ажил аль хэдийнэ эхэлсэн байв. Тус сургуулийн багш М.Сарантуяа “Зуун айл төвийн барилга өнгөрсөн наймдугаар сард баригдаж эхэлсэн. Одоо манай сургуулийн сурагчид эвдэрсэн замаар явахад хүнд байна. Энэ сургуульд суралцаж байгаа хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь барилга барьж байгаа хүмүүс мэдэж л байгаа байх. Ихэвчлэн сонсголын бэрхшээлтэй, хараагүй хүүхдүүд байдаг шүү дээ. Гэтэл замыг нь эвдээд хүүхдүүдийг явах аргагүй болгочихсон байна. Шаардлага тавихаар бид зөвшөөрөл авсан гэдэг. Үнэндээ манай сургуулийн эргэн тойронд битүү барилга баригдаж байна. Удахгүй энд сурч байгаа хүүхдүүд явах замгүй болох юм шиг байна” хэмээн ярьж байлаа.
Мөн хүүхдээ сургуулиас нь авахаар ирсэн эцэг, эхчүүд “Энэ зам явахад хэцүү болчихсон байгаа. Хүүхдүүд байтугай том хүн явахад хүнд байна. Энэ асуудлыг өвөл болохоос өмнө шийдэх хэрэгтэй” гэлээ.
БИДНИЙ ЯВДАГ ЗАМ ДЭЭР ЗОРИУЛСАН ТАНИХ ТЭМДЭГ ХИЙЧИХВЭЛ ИХ ЗҮГЭЭР ЮМ ШИГ САНАГДДАГ
Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн 8б ангийн сурагч С.Батсүрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр сонсголын бэрхшээлтэй учир дохиогоор бусадтай харилцах аж. Үүнийг нь багш орчуулж байв.
-Өглөө хичээлдээ ирэхдээ аль замаар сургуульдаа ирдэг вэ?
-Барилга барих гээд бидний явдаг замыг эвдсэн. Урьд нь энэ замаар явахад чөлөөтэй байсан бол одоо “Зуун айл төв” барилга бариад явган зорчигчийг явахын аргагүй болгочихсон. Манай сургуулийн бүх хүүхдүүд эвдэрсэн замаар явдаг. Одоо энэ зам нарийхан болчихсон дээрээс нь авто машин их явдаг болжээ. Бид заримдаа машинд дайруулчих гээд байдаг юм. Ер нь энэ зам дээр бидэнд зориулсан таних тэмдэг хийчихвэл их зүгээр юм шиг санагддаг.
-Хичээлдээ ирэхдээ энэ эвдэрсэн замаас өөр замаар ирэх боломж байгаа юу?
-Боломжгүй. Манай сургуулийн эргэн тойронд ихэвчлэн барилга байгууламж болчихсон шүү дээ.
-Хичээлдээ ирэхдээ ганцаараа ирдэг үү. Эсвэл ээж аав нь хүргэж ирдэг үү?
-Ахлах анги болохоор ихэвчлэн ганцаараа ирдэг юм. Бага ангийн хүүхдүүд л эцэг эхтэйгээ ирдэг. Ер нь энд сурч байгаа хүүхдүүд бүгд л хэцүү байгаа.
ИРЭХ САРД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ХЭВИЙН БАЙДАЛДАА ОРНО
Тусгай сургуулийн сурагчид явдаг замыг эвдэж барилга барьж байгаа. Үүний бүтээн байгуулалтыг “Алтай сайхан” ХХК гүйцэтгэж байгаа аж. Уг барилгын ажил өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор барилгын нэг давхар нь баригдаж байна. Барилгыг ихэвчлэн хятад хүмүүс барьж байгаа юм байна. Ингээд “Алтай сайхан” компанийн ерөнхий захирал Б. Энх-Амгаланбаатараас дараах зүйлийг тодрууллаа.
-Энд ямар зориулалтай барилга баригдаж байгаа вэ. Зөвшөөрлөө хэзээ авсан бэ?
-Энэ барилгын ажил ерөнхий төлөвлөгөө дагуу хийгдэж байгаа бөгөөд 70-н айлын орон сууцны барилга юм. Зөвшөөрлийг хуулийн дагуу өнгөрсөн долдугаар сарын 31 нд авсан.
-Тусгай сургуулийн сурагчдын явдаг замыг эвдэхгүйгээр барилгын ажил хийж болоогүй юм уу?
-Замыг эвдэж, хаасан зүйл байхгүй. Хойгуур, урдуур нь явах зам байгаа шүү дээ. Барилгын ажил эхлээд том оврын автомашин явж байсан учраас замыг нурах аюулаас хамгаалж шороогоор хучилт хийсэн. Үүнийг л хүмүүс зам эвдэллээ гээд байгаа юм. Харин ч шороогоор хучилт хийгээд гайгүй болсон байгаа. Урьд нь тийм ч гоё зам байгаагүй юм. Харин “Норов” барилгын материал дэлгүүр хашаа татаж, контейнер тавьж зам хаасан байгаа шүү дээ. Иймээс энэ хашаа буулгах хэрэгтэй юм. Энэ зам удахгүй хэвийн байдалдаа орно. Мөн манай компанийн зүгээс энэ замын асуудлаар сургуулийн удирдлагуудад санал хүргүүлсэн байгаа.
-Энэ зам удахгүй хэвийн байдал орно гэж байна. Хэзээ хэвийн байдалд орох вэ?
-Хүйтэрхээр барилгын ажлууд зогсдог шүү дээ. Энэ сургууль руу явж байгаа зам ирэх cap гэхэд хэвийн байдалдаа орчихно. Манай барилгын ажил ирэх аравдугаар cap гэхэд зогсоно. Ирэх он гэхэд 70 айлын орон сууц ашиглалтад орсны дараа манай компани энэ замыг өөрийнхөө хөрөнгө мөнгөөр засварлах юм.
-Сургуулийн АН удирдлагуудад санал хүргүүлсэн гэнэ. Ямар санал хүргүүлсэн бэ?
-Энэ замыг хэвийн үйл ажиллагаанд ортол хүүхдүүдээ урагшаа буюу сургуулиасаа цаад хаалгаар гаргах саналыг хүргүүлсэн. Гэтэл 29 дүгээр сургуулийн удирдлагууд хүлээж авахгүй хэл ам хийгээд байгаа.
Н.Алтанцэцэг /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: