”Зоос” банкны ТУЗ-ийн дарга асан МАХН-ын Хяналтын зөвлөлийн гишүүн А.Батбаярыг хорилоо

Г.АЛТАН ТАНЦ ХУДАГ-Т ХОРИГДОХ ДАРААГИЙН ХҮН БОЛОЛТОЙ-

“Зоос” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаярыг Улсын мөрдөн байцаах газрынхан өчигдөр “Ганц худаг”-т хорьжээ. Түүнийг банкны хууль тогтоомж зөрчиж олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгө шамшигдуулсан, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж “Зоос”-ын гэх тодотголтой хэрэгт сэжигтнээр татсан байна. “

Зоос” банкны нийт хувьцааны 51 хувийг Д.Батбаяр эзэмшдэг. Тухайлбал тэрбээр өөрийн нэр дээр 22.9 хувь, “Ой мод” (түүний компани) ХХК 17.3 хувь, “Нэгдэлчин” зочид буудал (түүний эгч захирлын албан тушаал хашдаг) 2.3 хувь, хүү Хатантүлхүүр 4.2 хувь, Б.Хатантуул нь 3.3 хувь эзэмшдэг. Үлдсэн 17 хувийг “Жаст групп”, Европын сэргээн босголт банк 25 хувь, үлдсэн хувьцааг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. “Зоос” банк анх байгуулагдахдаа мод гадагш нь экспортолсон мөнгөн дээр боссон гэж бизнесмэнүүд ярьдаг. Учир нь хуучин Ой модны газрын дарга байсан Д.Батбаяр гэдэг хүн энэ банкийг байгуулж байжээ. Тэрээр одоо “Ой мод” компанийн захирал бас МАХН-ын Хяналтын зөвлөлийн гишүүн.

Мөн “Нэгдэлчин” зочид буудал түүний мэдлийнх. Дээрээс нь “Хараа” зочид буудлыг нэрлэж болно. Гурван жилийн өмнө энэ буудалд гурван тэрбумын хөрөнгө оруулж байсан нь олны анхаарлыг татаж байсан билээ. Бас барилгын компанитай. Тэр компани нь Циркийн хажууд сүндэрлэж буй “Зоос” банкны ажилчдын 12 давхар байрны барилгын ажлыг гүйцэтгэсэн гэдэг. Энэ хүн МАХН-д нөлөөтэй явсан нэгэн аж. 1984-1986 онд МАХН-ын Төв хорооны Их барилгын хэлтэст зааварлагчаар ажиллаад 1986-1987 онд Ой модны аж үйлдвэрийн яамны орлогч сайд, 1987-1990 онд Хөнгөн үйлдвэрийн яамны орлогч сайд, 1990-1991  онд Хүнд үйлдвэрийн яамны орлогч сайдаар тус тус томилогдон ажиллаж байжээ. 1991-1992 онд “Ой мод нэгтгэл” хэмээх төрийн өмчийн байгууллагын ерөнхий захирлаар ажилласан бөгөөд 1992 оноос худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ой мод” компанийн захирлаар өнөөг хүртэл ажиллаж буй юм.

Д.Батбаяр нь “Зоос” банкийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд байгуулагдсан цагаасаа Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилласаар ирсэн хувь нийлүүлэгч аж. Банкаар МАХН-ын зарим нөхөд гараа угааж, гүйцэтгэх ажлыг нь Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хийж “татан буулгах, дампууруулах” жүжиг тавьсан нь ийнхүү илэрч байгаа бололтой. Үүнийг ярихын тулд магадгүй хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой хэдэн жилийн өмнөх процессыг сануулах хэрэгтэй байх хэмээн хуулийн ажилтнууд ярьж байна. Хадгаламж зээлийн хоршоодыг дампуурахаас өмнө мөнгөө хадгалуулж байсан том хадгаламж эзэмшигчид нь мөнгөө банк руу шилжүүлсэн баримт бий. Тодруулбал 20-30 тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн мөнгөө “Зоос” банк руу шилжүүлсэн байдаг. Тэр эхэлсэн байна.

Олон жил намаа санхүүжүүлж явсан учир нам нь түүний мөнгийг ийн эрсдэлээс хамгаалсан ч дараагийн ээлжид Г.Алтан хатагтай “Ганц худаг”-ийн хаалгыг татаж магадгүй гэсэн таамаг гараад байгаа юм. Бас нэг том шалтгаан нь “Зоос” банкинд МАХН-ын мөнгөн сан байрладаг байсантай  холбоотой. Улаанбаатар зээлдэгч мөнгөө өндөр хүүтэйгээр нь хүүлж байгаад татан буугдахаас нь долоо хоногийн өмнө мөнгөө хамаад явжээ. Энэ хүн бол САПУ худалдааны төвийн захирал Г.Алтан. Тэр МАХН-д бас л нөлөөтэй нэгэн учраас ийн цэвэрхэн мултарч чадсан. Харин хадгаламж зээлийн хоршоодын дампуурал, банкны уналт зэрэг нь нэг хүнтэй холбоотой дүр зураг хуулийнханд харагдаж төмөр зам, “Эрдэнэт” үйлдвэр зэрэг томоохон газруудын мөнгө орж, гардаг байж. Үндсэндээ МАХН-ыг санхүүжүүлдэг их мөнгө энд төвлөрдөг байсан аж. Төвлөрсөн энэ мөнгөнөөс намд орох тодорхой хувь нь санд нь “гүйдэг”. Тэгэхээр нэг ёсондоо МАХН “Зоос” банкийг хамгаалалтдаа авсан гэсэн үг юм. Тийм болохоор “Анод”-ыг бус “Зоос”-ыг төр авах гэж улайрч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны Л.Пүрэвдорж хоёр хөтлөлцөн гүйж, хор найруулж хамтдаа намдаа зүтгэсэн нь энэ. Үнэндээ төрийн өмчит банк болгож цаг хугацаа хожих гэж улайрсных. Гэвч эх орноосоо илүү намдаа зүтгэсэн тэд хууль бус зүйл хийсэн ч огцрохоос өөр жавтий хүртэхгүй гэдгээ мэдэж буй учраас зоригтой алхаж, банк татан буулгаж, дампууруулж чадаж байгаа хэрэг. Даравч далдайна булавч бултайна гэдэг шиг

“Зоос”-ын сүйрэл МАХН-ынхны сүйрлийг ч дагуулж мэдэхээр болжээ. “Зоос”-ыг дампууруулахаас долоо хоногийн өмнө МАХН-ын даргаас эхлээд хичнээн хүн нь данстай байж байгаад хэдий хэмжээний мөнгө гаргаж авсан тайлан баланс цагдаагийнханд олджээ.


URL: