Их, дээд сургууль төгсөгчдөд 600 гаруй ажлын байр бэлэн байна

61f008bdbc7ea769fcb73cc2886bdf96_LМонгол-Германы гүүр ТББ зургаа дахь удаагаа гадаад, дотоодын их дээд сургууль төгсөгчид, ажил хайгчдад зориулсан “Хөдөлмөрийн яармаг-2013”-ийг энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

“Ажлын гараа-Амжилтын эхлэл” уриан дор зохиогдох энэ удаагийн яармагт гадаад, дотоодын нэр хүндтэй 30 гаруй ажил олгогч байгууллага оролцох бөгөөд урьдчилсан байдлаар 600 гаруй ажлын байрыг санал болгоод байгаа аж. Уг яармаг нь хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн удаагийн яармагт оролцсон 200 гаруй залуус ажлын байртай болсон байна. Энэхүү яармагийг ХБНГУ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв, Монголын Залуучуудын холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монгол-Германы гүүр ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж дэмжин оролцож байгаа аж.

“Гадаадад мэргэжил эзэмшсэн залуус цаг сайн баримталж, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байдаг учраас ажил олгогчид тэдгээрийг ажилд авах сонирхолтой байдаг. Гэхдээ дотоодод мэргэжил эзэмшсэн залуус тэднээс дутахааргүй гадаад хэлтэй, өөртөө итгэлтэй, өөрийгөө сайн бэлдсэн, шууд ярилцлагад ороход бэлэн залуус олон байгаа байх. Тиймээс энэхүү хөдөлмөрийн яармагт ажлын байр сонирхож буй залуус өөрсдийгөө сайн бэлтгэж ирэх хэрэгтэй. Ажилд орохдоо анкет бөглөж, ярилцлагад орох бэлтгэлээ хангаж, өөрийгөө таниулж чадвал ажлын байртай болох бүрэн боломжтой” хэмээн Монгол-Герман ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Д.Сүнжидмаа ярилаа.

Монгол-Германы гүүр ТББ-аас зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн хөгжил, чиг хандлага, байгууллагуудын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, нөгөө талаас хилийн чанадад мэргэжил эзэмшсэн төгсөгчид, залуусын шилжилт хөдөлгөөнийг эргүүлэн татах, ажлын байранд зуучлах зорилготой юм.

Ц.Очгэрэл

MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих