Цагаан сараар гурван өдөр амардаг байх хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн С.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Хууль санаачлагч дэлхийн улс үндэстэн болгон нийтийн, тооллын, шинэ жилийн баярыг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг боловч тухайн улс үндэстний онцлог, уламжлал, зан заншлыг илтгэн харуулдаг өөр өөрсдийн уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэдгийг дурдаад, ихэнх улс орон тухайн ард түмнийхээ түүх соёл, зан заншил, онцлогийг харуулсан үндэснийхээ баярын өдрүүдийг хууль ёсны дагуу албан ёсоор 3 хүртэл өдөр бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлэхээр зохицуулсан байдгийг хэллээ.
Монгол Улсын хувьд цагаан сарын шинийн 1,2-ны өдөр бүх нийтээр амрахаар хуульд заасан байдаг. Гэсэн ч өргөн дэлгэр газар нутагт тархай бутархай оршин суудаг онцлогтой ард түмний хувьд цагаан сарын баярын бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг нийтдээ 3 өдөр улс орны хэмжээнд амардаг байхаар хуулийн төсөл өргөн барьж байгаагаа УИХ-ын гишүүн С.Батболд хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: