НАМ, ТҮҮНИЙ ӨНӨӨГИЙН ДҮР ТӨРХ

73e8bc7b889f110ebig

Одоогоос яг 15 жилийн өмнө оюутан ахуй үедээ

Ц.Заяхүү /Социологич-Нийгмийн сэтгэл зүйч, МУИСын докторант/

миний бие найз Б.Мөнхнасантайгаа /ШУТИС, НТС-ийн багш, магистр/

хамтарч нэг ийм нийтлэл бичснээ Та бүхэндээ толилуулж байна.

 

Монгол улс ардчилсан нийгэмд шилжснээс хойш улс төрийн намууд борооны дараахь мөөг шиг олноороо бий болж бүрэн бус мэдээгээр 16-17 намтай болоод байна.

Ардчилал, шинэчлэлийн үйл явц эхлэх үеийн нийгмийн бүлгүүдийн эдийн засаг, улс төр, оюун санааны өвөрмөц хэрэгцээ, сонирхол, эрх ашгийн ялгарал нь монголд олон намын тогтолцоо бий болох үндсэн шалтгаан болсон юм. Социализмын үед төр засгийн эрхийг дангаараа барьж байсан МАХН энэ бүхнийг сайтар ойлгож ухаалаг, тайван байр сууринаас асуудалд хандаж, нийгмийн цорын ганц удирдан чиглүүлэх улс төрийн хүчин хэмээх Үндсэн хуулийн заалтаас татгалзан, олон намын тогтолцоонд шилжих нь зүйтэй гэсэн зарчмыг баримталж байсан нь өөрчлөлт шинэчлэлийн үйл явц хэвийн явагдах, олон намын тогтолцоо бүрэлдэн тогтоход шийдвэрлэх нөлөө үзүүлжээ.

Монголд олон намын тогтолцоо тогтсон нь нэг талаар ард түмнийг улс төрийн амьдралд татан оруулах, түүнд сургах үйл явц болоод зогсохгүй нөгөө талаар ардчиллын нэг тод илрэл болов.

Нэг ба олон намын тогтолцооны ялгаа, онцлог

1. Ардчилал, шиэнчлэлийн үр дүнд нийгмийн оюун санааны хүрээнд ихээхэн өөрчлөлт гарч, нийгэм, улс төрийн сэтгэлгээ бүрэн чөлөөтэй болж, олон ургальч үзэл бүрэлдэн бий болсон. Мөн үндэсний соёлоо дээлэх, ёс заншлаа хүндэтгэх, шашин шүтэх явдал бүрэн чөлөөтэй болсон.

2. Нэг намын тогтолцоотой үед төр, нийгмийн хөгжлийн чиг хандлага, үйл ажиллагааг гагцхүү нэг л нам удирдан чиглүүлдэг учраас тухайн нийгэмд ард түмэн, улс үндэстний нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэгч, түүнийг хамгаалагч төр ажиллаж болдог байсан. Тэгвэл өнөөдөр улс төрийн аль нэг нам ард түмэн, улс үндэстний эрх ашгийг бүхэлд нь төлөөлөх хамгаалах боломжгүй болжээ.

Эндээс харахд Монгол улс нийгэм, улс төрийн тогтолцоондоо шинэчлэлт хийснээр нийгмийн хөгжил хурдасч, ард түмний амьдрал сайжрах ёстой байв. Гэтэл өнөөдөр энэ үйл явц эсрэгээрээ явж байна. Нэг нам нийгмийн хөгжлийн үйл явцыг бүхэлд нь удирдан чиглүүлж байх үед ард түмний оюун санааны хөгжил хязгаарлагдмал, тэдний өмнөөс нам, төр бүхнийг боддог, хийдэг байжээ. Тэгвэл өнөөдөр монголчуудад үзэл бодлоо чөлөөтэй уралдуулах их боломж бүрдээд байхад ард түмний амьдрал яагаад дордоод байна вэ?. Олон учир шалтгаан бий байх. Хамгийн гол нь улс төрийн засаглалыг олж авсан нам (сонгуулиар) ард түмэн, улс үндэстнийхээ нийтлэг ашиг сонирхлын төлөө бус зөвхөн тодорхой хэсэг бүлэг, цөөн хүмүүсийн ашиг сонирхлыг ханган биелүүлэхийн тулд үйл ажиллагаа явуулж байгаад л учир нь бий гэж бодогдож байна.

Улс төрийн нам гэдэг юу вэ?

Улс төрийн намыг олон янзаар тодорхойлсон байдаг. Түүнийг нийгмийн бүлэг, тодруулбал ашиг сонирхлын “өвөрмөц” бүлэг болох талаас нь авч үзье! Юуны өмнө нийгмийн бүлэг гэж юу вэ? гэдгийг тодруулах шаардлагатай. Нийгмийн бүлэг гэдэг нь ерөнхий зорилго, чиглэлтэй, хамтын үйл ажиллагааны үндсэн дээр нэгдсэн хүмүүсийн нэгдэл юм. Нам нь нийгмийн том бүлэг болохынхоо хувьд нийгмийн харилцаанд оролцож, түүнийг чиглүүлэх, зохицуулах үүргийг гүйцэтгэдэг. Нийгмийн харилцаа хэрхэн төлөвшиж байгаа нь уг харилцааг зохицуулагч хууль, уг хуулийг баталж буй парламентад суудалтай намуудын нийгэм, улс төрийн үзэл баримтлал, бодлоготой тодорхой хэмжээгээр холбоотой. Ийм ч учраас улс төрийн нам нь нийгмийн том бүлгүүдийн нэг юм.

Нийтлэг ашиг сонирхол ба нам

Улс төрийн намууд нийгэм, улс төрийн амьдралд ихээхэн үүрэгтэй бөгөөд тэдний хоорондын харилцааны гол зарчим нь ард түмэн, улс үндэстний нийтлэг эрх ашиг, хэрэгцээ сонирхлыг дээдлэх явдал. Нийгмийн том бүлгүүд, түүний дотроос намын ашиг сонирхол нь нийгмийн хөгжлийг хөдөлгөгч хүч байж чадах уу? Тэгвэл нийгмийн хөгжлийг хөдөлгөгч хүчин зүйлсийн дотор улс төрийн нам, ялангуяа парламентад суудалтай намын ашиг сонирхол багтаж байдаг. Энэ утгаараа нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхол нь нийгмийн хөгжлийг хөдөлгөгч хүчин зүйл болохынхоо хувьд:

1. Хөгжлийн үйл ажиллагааг өдөөгч

2. Энэхүү үйл ажиллагааны механизмыг тохируулагчийн үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Ашиг сонирхол нь ийнхүү нийгмийн хөгжлийг хөдөлгөгч хүчин зүйл болохоос гадна мөн материаллаг үйлдвэрлэлийг хөдөлгөгч хүчин зүйлсийн нэг болдог. Үүнээс гадна нийгмийн бүлгүүдийн нэгдэх, задрах үйл явцад ашиг сонирхол чухал нөлөө үзүүлдэг. Тэгвэл ард түмэн, улс үндэстний нийтлэг эрх ашиг, хэрэгцээ сонирхлыг олон намын тогтолцоотой өнөө үед хэрхэн хангаж, хамгаалах вэ? Энэхүү нийтлэг ашиг сонирхлыг хамгаалагч хүч нь төр мөн үү? Эсвэл нам байх уу? гэсэн түвэгтэй асуудал урган гарч ирнэ. Энэ нийтлэг ашиг сонирхлыг хангагч, хамгаалагч хүч нь явцуу утгаараа төр, өргөн утгаараа улс төрийн намууд байж болно. Тодруулбал, явцуу утгаараа төр нь хуучин тогтолцооны үед ард түмэн, улс үндэстний нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлж байсан. Өргөн утгаараа засгийн эрхэнд гарсан нам тэрхүү нийтлэг ашиг сонирхлыг орхигдуулж, өөрсдийн болон тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд нийтлэг ашиг сонирхлыг хангагч, хамгаалагч хүч нь нам байж чадна гэсэн үг.

Энэ ч үүднээс ашиг сонирхол нь нийгмийн хөгжлийг хөдөлгөгч хүчин зүйлийн нэг болж байдаг. Ийм ч учраас нам нь өөрийн ашиг сонирхлоо нийгмийн нийтлэг ашиг сонирхолтой уялдуулж, түүнийгээ мөрийн хөтөлбөр, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж, засаглалыг хүртсэн тохиолдолд нийгмийн ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл өнөөдөр намууд улс төрийн байгууллага гэсэн жинхэнэ утгаараа оршиж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам нь нэг хэсэг хүмүүсийн ашиг сонирхлыг илэрхийлсэн нийгмийн нэг өвөрмөц бүлэглэл (олигархи) болж хувирчээ.

Тодруулбал, Монгол улс нь улс төр, эдийн засгийн хувьд хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдэлд байж, тэдний ашиг сонирхлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ үүднээс нь харвал Монгол улсын хувь заяанд өнөөдөр эдгээр хэсэг бүлэг хүмүүс хүчтэй нөлөөлөх болсон бөгөөд гагцхүү гарах үр дүн нь сайн байх уу, муу байх уу гэдийг ард түмэн цаг хугацаа шүүн хэлэлцэх болно. Монголын өнөөгийн нийгэм, улс төрийн тогтолцоо ийм байгаа нь шилжилтийн үйл явц хурдсах бус харин ч удааширч зогсонги байдал руу шилжих үндэс болж байна.

Нам ба бизнес

Өнөөдөр Монголын нийгэмд бүлгийн задрах, нэгдэх үйл явц идэвхитэй байна. Үүний үр дүнд мөн шинээр улс төрийн олон намууд, бизнесийн бүлэглэлүүд үүсч байна. Хэрэв улс төрийн нам нь засаглалыг олж авъя гэвэл хөрөнгө санхүүгийн хувьд том бааз суурьтай байх ёстой. Тэгвэл өнөөдөр улс төрийн нам, бизнесийн бүлэглэлүүд нь өөр хоорондоо ашиг сонирхлынхоо үүднээс л харилцаанд орж байна. Ямар нэг нам улс төрийн тэмцэлд (сонгуульд) оролцохдоо бизнесийн бүлэглэлүүдээс (пүүс, компани …) хөрөнгө санхүүгийн дэмжлэг авч засаглалыг олж авсан тохиолдолдоо тэдний ашиг сонирхолд нийцсэн бодлого, үйл ажиллагаагаа явуулж байна. Харин бизнесийн бүлгүүд нь ялсан намаар дамжуулан улс төр, эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний эрх мэдлийг олж авч байна. Үүний нэг тод илрэл нь “Сэргээн босголт” банкийг “Голомт” банктай хүчээр нэгтгэсэн явдал юм. Ингэхдээ Засгийн газар энэ үйл ажиллагаагаа “Төлбөрийн чадваргүй болсон” гэсэн ганц шалтгаанаар тайлбарлаж байна. Энэхүү үйл явцын цаана тодорхой хэмжээний улс төрийн болоод эдийн засгийн ашиг сонирхол байгаа нь мэдээж.

Өнөөдөр намын дотор тодорхой бизнесийн бүлгийн ашиг сонирхлын төлөө тэмцэгч бүлэглэл (фракци) цөөнгүй үүсч өрсөлдөж байна. Өнөөгийн Монголын нийгэм, улс төрийн тогтолцоо нь намын бүлэглэл (олигархи, фракци)-үүдээс бүрдэж байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Ийм ч учраас өнөөдөр улс төрийн нам нь улс үндэстний ашиг сонирхлыг орхигдуулж, нийгмийн хөгжилд намын гүйцэтгэх үүргийг сулруулж байна гэсэн дүгнэлт хийж болох юм.

Нийслэлийн сонин бичиг. 1998.7 сар 20


URL:

Сэтгэгдэл бичих