“Засгийн газарт төсвийг буцаах, эсвэл орлогыг нь бодитоор батлахаас өөр ямар ч замгүй”
Засгийн газар ирэх оны төсвийн төслийг татах уу-
Монгол Улсын 2011 оны төсвийн төслийг Засгийн газар татаж авах талаар яригдах болжээ. Учир нь, АН-ын бүлэг төсөв дээр ажлын хэсэг байгуулж, зарим асуудлыг зайлшгүй шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн ажлын хэсгийн гишүүн Ц.Сэдванчигтай ярилцлаа.
-Ирэх оны төсвийг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө батлах ёстой. Гэтэл АН-ын бүлэг төсвийн хэлэлцүүлгээс завсарлага аваад байх юм. Танай бүлэг ямар шийдэл гаргах гээд байгаа юм бэ?
-Өргөн барьсан төсвийн төсөлд зайлшгүй тодорхой болгох зүйл байна. Хамгийн гол нь Хүний хөгжил сангийн тухай хуулийн төсөв ихээхэн алдагдалтай байхаар Засгийн газар оруулж ирлээ. Орлого, зарлага нь тэнцвэржээгүй төсөл гэсэн үг л дээ. Орлого нь 400 гаруй тэрбум төгрөг байхад зарлага нь үүнээс давчихсан 850 тэрбум төгрөг байхаар төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, энэ 450-иад тэрбум төгрөгийн эх үүсвэр нь тодорхой биш байгаа юм. Хуулиараа бол орлого нь тодорхой бус байхад зардлыг бид батлах эрхгүй. Тийм учраас төсвийн төслийг буцаах уу, эсвэл дутагдсан орлогын эх үүсвэргүй тэр зардлыг хасаад явах уу гэсэн зарчмын асуудал үүсээд байна.
-Хүний хөгжил сангийн дутагдсан эх үүсвэрээр юуг санхүүжүүлэх билээ?
-Иргэн бүрт өгнө гээд байгаа сар бүрийн 21 мянган төгрөгий гол санхүүжилт нь байна гэж Засгийн газар тайлбарлаж байгаа. Тэдний хэлж байгаагаар эх үүсвэрийг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбож байна. Өөрөөр хэлбэл, тэр гэрээний дагуу урьдчилгаа төлбөр авч дутуу эх үүсвэрийг бүрдүүлээд иргэдэд тараана гэж яриад байгаа юм. Гэтэл хөрөнгө оруулагчаас урьдчилгаа төлбөрт 450 тэрбум төгрөг олдох эсэх нь тодорхой бус байна шүү дээ. Бид төсөвт орлогыг нь тооцоод баталчихсан чинь урьдчилгаа олдохгүй бол тодотгол хийх асуудал сөхөгдөнө. Тэгмээргүй байна л даа.
Нөгөөтэйгүүр, ерөөсөө хэдэн стратегийн ордоо ашиглуулах нэрээр гаднаас мөнгө урьдчилж аваад бэлнээр тараагаад байх нь зөв үү. Энэ чинь мөнгөний бодлого, үнэ ханш, инфляцд яаж нөлөөлөх вэ гэдгээ тооцсон зүйл байна уу гэхээр Засгийн газар тодорхой хариулж чадахгүй л байна. Гол гацаад байгаа асуудал нь энэ.
-Урьдчилгаа авах асуудлыг буруутгаж байгаа юм уу?
-Иргэддээ сонгуулийн амлалтыг биелүүлсэн нэр зүүж, сайн хүн болж харагдах гэсэн, Засгийг сайн барьж байгаа хүн болж амлалтаа биелүүлж байгаа нэрээр гаднаас урьдчилгаа нэрээр үндсэндээ зээл л авч байна шүү дээ. Оюутолгойгоос 250 сая ам.доллар авчихсан. Одоо Тавантолгойгоос түүнээс илүүг авах гээд байна. Харин үүнийгээ иргэдэд тараагаад өгөх нь улс орны хөгжлийг бодсон, ирээдүйг харсан бодлого мөн гэж үү. Эсвэл сонгуулийн амлалтаа биелүүлэх нэрээр хамтарсан Засгийн газрын зөвхөн түр зуурын аргацаасан арга барил уу. Энэ асуудлаар бүлгийн ажлын хэсэг, бүлэг дотор нэлээд санал зөрөлдөөнтэй байгаа.
-Тэгэхээр АН-ын бүлэг хоёр хувилбар гаргачихаад аль дээр нь тогтохоо шийдэж чадахгүй байна гэсэн үг үү?
-Ерөнхийдөө тийм. Нэг нь төсвийг буцаах. Буцаана гэхээр хугацааны асуудал байгаад байгаа юм. Арванхоёрдугаар сарын 1-ний дотор төсөв батлагдах эсэх нь эргэлзээтэй болчих гээд байна л даа. Хэрэв бид оруулж ирсэн төслийг сайжруулахаад батална гэвэл ямар ч байсан орлого нь тодорхой бус хэсгийг хасч таарна.
-Орлогыг нь бодитоор баталбал иргэдэд өгөх сар бүрийн 21 мянган төгрөг, оюутны сургалтын төлбөрийн 500 мянга, эрүүл мэндийн даатгалд Хүний хөгжил сангаас өгөх мөнгө хасагдах нь ээ?
-100 хувь алга болохгүй юм гэхэд тодорхой хэмжээгээр багасна. Эхний ээлжинд оюутны төлбөрийг үү, сарын 21 мянган төгрөгөө юу, эсвэл эрүүл мэндийн даатгалаа тавих уу гэдгээ жич ярих хэрэг гарна л даа. Миний хувьд зарчмын нэг зүйл хэлж байгаа. Гаднаас урьдчилж мөнгө аваад түүнийгээ иргэдэд тараагаад байх нь улс орны ирээдүйн бодлого мөн үү гэж. УИХ энэ асуудлыг нухацтай хэлэлцэх ёстой. Зөв байвал тэгээд л явъя. Буруу гэвэл эрх баригч хоёр нам ард түмэндээ худал амлалт өгчээ гээд буруугаа хүлээчих хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн боломж ийм байна гээд бодит байдлаа ард түмэндээ хэлж болно шүү дээ. Би хувьдаа хамтарсан Засгийн газар байгуулсны дараа нэг бус удаа чуулган, бүлгийн хуралдаан дээр энэ саналаа хэлж байсан. Нэгэнт хамтарч байгаа хэрэг юу билээ. Хоёр намын дарга сууж байгаад сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхэд ийм, ийм бэрхшээл гарч абйна. Бид амлалтынхаа хэдэн хувийг биелүүлнэ. Улс орны ирээдүйгээ бодвол гээд тайлбарлаад, шаардлагатай бол уучлал гуйгаад явах хэрэгтэй гэж боддог.
-Ер нь Тавантолгой төслөөс урьдчилгаа мөнгө авч болох уу?
-Авлаа гэж бодвол нөгөө УИХ-ын тогтоол юу болох юэ. Бид энэ ордын 10 хувийг ард түмэндээ үнэгүй эзэмшүүлнэ, 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулна. 29 хувиар нь IPO хийж гадаад зах зээлээс эх үүсвэр босгоё гэсэн. Харин үлдсэн 51 хувь нь төрд байна гэсэн. Гэтэл 450 сая доллар урьдчилаад авчих юм бол энэ IPO хийх ажил бүтэлгүйтэх юм биш үү гэсэн болгоомжлол байна. Тэгвэл ард түмэнд өгөх 10 хувь, бүр тодруулбал АН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжихэд хүндрэлтэй болчихно.
“Энержи ресурс” багахан хувиа хөрөнгийн биржэд гаргаад 650 сая доллар босголоо. Түүнээс илүү нөөцтэй том Тавантолгойд дутах юм юу байна. 6.4 тэрбум тонн нөөцтэй гэж ярьдаг шүү дээ. Үүнийгээ зах зээлд үнэ хүргэх юм бол ард түмэнд илүү ашигтай. Урьдчилгаа төлбөр авч тарааснаас хамаагүй илүү шүү. Яаж үнээ тогтоох нь бидний асуудал. 29 хувь нь зах зээлд өндөр үнэ хүрвэл ард иргэдийн, аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үнэ өсөх магадлалтай. Нэгж хувьцааг нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнээр гаргалаа гэж бодъё. Зах зээл дээр гараад энэ маань хэд дахин өсөх боломжтой. Ийм том ирээдүй байхад урьдчилгаа мөнгө авч энэ ажлаа хойш нь тавьж, иргэдэд мөнгө тарааж, инфляц өсөх эрсдэлтэй юм хийх хэрэг байна уу.
-Ер нь Тавантолгойгоос урьдчилгаа авна гээд төсөвт тусгачихвал хэлэлцээ хийхэд хөрөнгө оруулагчдын шахаанд орох эрсдэл бас байгаа биз дээ?
-Үгүйсгэхгүй. Ерөөсөө Засгийн газар их сонин зүйл оруулж ирсэн шүү дээ. УИХ энэ төслийг баталчих юм бол Тавантолгойн гэрээний угтуулан тавих нөхцөлдөө 450 сая доллар гэж тусгах бололтой юм. Нэг талаар энэ нь хэлцэл хийх зэвсэл болох ч, нөгөө талаас хөрөнгө оруулагч зөрүүлээд болзол тавина шүү дээ. Ер нь бол Тавантолгойгоос гэрээ хийж урьдчилгаа төлбөр авна гэдэг ирээдүйгээсээ зээлж байгаа хэрэг. 2012 онд хэн нь ялах билээ, хэн мэдэхэв. Гэхдээ тэр үеийн Засгийн газрын санхүү рүү, үйл ажиллагааны зардал руу, төсөв рүү орж байгаа хувилбар юм, урьдчилгаа мөнгө авна гэдэг чинь. Би хөгжсөн улс орнуудын туршлагыг харж үзлээ л дээ. Эрх барьж байгаа хүчин нь эрх барих хугацаандаа л бүрдүүлсэн эх үүсвэр дотроо үйл ажиллагаа явуулдаг юм байна. Түүнээс биш дараа, дараагийн УИХ, Засгийн газрын өмнөөс, дараа жилийнхээ төсөвт нөлөөлөхүйц гэрээ хэлцэл, шийдвэрийг урьдчилж гаргадаггүй юм байна.
-Ирэх оны төсвийн төсөл дээр анхаарах өөр зүйл юу байна вэ?
-Урсгал зардлыг буруулдаггүй юм гэхэд өнгөрсөн оны хэмжээд барих төсөл оруулж ирсэнгүй. Энэ оны урсгал зардал 2.3 их наяд төгрөг байна. Гэтэл ирэх оны төслөөр бол 2.9 их наяд болж нэмэгдүүлжээ. Энэ нь нийт төсвийн зардлын 91 хувьтай тэнцүү байна. Энэ дотор цалин 1.3 их наяд, бараа үйлчилгээний зардал нь 470-аад тэрбум байна. Юуг хэлээд байна вэ гэхээр бүх шатны төрийн захиргааны болон төсөвт байгууллагын зардалтай холбоотой.
-Үүнийг чинь бууруулна гэж төсвийн тодотголын үед ажлын хэсэг Засгийн газарт чиглэл өгч байсан биз дээ?
-Тийм. Төрийн албаны шат дамжлага, давхардлыг багасгах талаар чиглэл өгсөн. 7000 орон тоог цөөрүүлж зардлыг 30 тэрбумаар хэмнэх. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөс эхэлж, дэд сайд, агентлагын орлогч дарга нарыг цомхотгох талаар санал гаргасан. Гэтэл энэ урсгал зардал хасагдах биш нэмэгдээд ороод ирлээ.
Өнөөдөр Монголд нэг асуудлыг олон яам хариуцаж байгаа нь үүний баталгаа. Уг нь хасах бүрэн боломжтой орон тоо, ажил үүргийн давхардал. Жишээ нь, жижиг дунд үйлдвэрлэлийг ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийн газар хариуцдаг. Сангийн яаманд бас жижиг зээл хариуцсан нэгж байдаг юм байна. НХХЯ-нд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж байдаг. Усны асуудал л гэхэд энд тэндгүй тарчихсан. Ундны усыг ЗТБХБЯ, уул уурхайн усыг ЭБЭХЯ, худаг ус гэхээр ХХААХҮЯ хариуцдаг. Дээр нь БОАЖЯ-нд Усны газар гээд агентлаг бий. Нэг биш юм гэхэд хоёр газар зангидаж болох асуудлыг олон тийш нь тараачихсан жишээ энэ мэтчилэн олон байна. Улс орнууд шаардлагагүй бүтцийг төсвийг нь хасах замаар зангиддаг юм л даа, уг нь.
Ч.Гангэрэл
URL: