Угаагч, үйлчлэгч болоход диплом шаардлагагүй
Өнөөдөр цахим хуудаснаас ийм нэгэн зар олж үзээд өөрийн мэдлэг, чадвартаа ихэд эргэлзэж, ичих шиг болов.
Тодруулбал, Энэтхэгийн элчин сайдын яам нь англи хэлний зохих мэдлэгтэй, бүрэн дунд боловсролтой, өмнө нь нэр хүнд бүхий байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүнийг цэвэрлэгчээр ажилд авна гэжээ.
Орчин цагийн олон залуусын нэрийн хуудсаа болгон гоёсон, амбийцалж, цээжээ дэлддэг өнөөх боловсролынх нь үнэлгээг ердөө ганцхан ажлын зарын хэдхэн өгүүлбэрээр өгчихөж.
Тэгэхээр бидний эзэмшсэн дээд гэгддэг боловсрол өнөөдөр аль нэг төрийн байгууллагын үйлчилгээний ажилтны хэмжээнд л хүрэх ажээ. Намайг ингэж бичлээ бусдыгаа доош нь хийлээ гэж бухимдах хэрэггүй залуус минь. Байдал үнэндээ ийм л байна.
Та бидний эзэмшсэн бакалаврын төвшний тааруухан боловсрол, маруухан мэдлэг хэнийх нь ч насан туршийн амьдралын баталгаа болж чадахгүй. Энэ бүхэн өнөөх сургалтын чанар хийгээд боловсролын чанартай шууд холбогдох учиртай.
Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн МУИС төлбөрөө 50 хувиар нэмнэ гэж эцэг, эхчүүдийн тархинд цус харвуулахаа шахаж билээ. МУИС төлбөрөө 50 хувиар нэмнэ гэж том дуугарсан даруйд ШУТИС бас яаж дутах вэ гээд 20 хувиар нэмнэ гэж барьцав. Үүнийг сонссон эцэг, эхчүүдийн даралт ихэсч, 103 дуудах шахаж, оюутан залуус жагсаал цуглаан зохион байгуулж, дургүйцлээ илэрхийлсэн билээ.
Харин энэ бүхнийг арай өөр өнцгөөс харвал их, дээд сургуулийн удирдлагуудын буруу юунд байна. Үнэ дагаж, чанар гэж монголчууд хэзээнээсээ л ярьж ирсэн. Тэгвэл яагаад хамгийн чухал зүйл болох боловсролыг бид хямд үнээр авах ёстой гэж. Үнэхээр үнээ нэмээд дэлхийн стандартын боловсрол олгож байвал болж л байна шүү дээ.
Монголчууд бид сонин сэтгэхүйтэй хүмүүс юм. Болж л өгвөл аливааг үнэгүй авчих гэж хичээдэг. Гэтэл энэ хорвоо дээр үнэгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Хүн төрөхөөс эхлээд үхэхийг хүртэл хэрэгцээт, зүйлсээ үнэ хөлсөөр л худалдаж авдаг. Гэтэл насан туршийн амьдралын баталгаа болох учиртай боловсролыг яагаад хямдхан авах гэж зүтгээд байна вэ.
Монгол эцэг, эхчүүд цөм хүүхдээ дунд сургуулиа төгсөнгүүт нь дээд боловсрол эзэмшүүлэх гэж хичээнэ. Банкнаас зээл авч, ах дүүс, хамаатан садандаа өр тавин байж хүүхдээ их, дээд сургуульд оруулдаг. Гэтэл 4-5 жилийн дараа төгссөн хүүхэд нь мэргэжлээрээ бүү хэл томхон компанийн ресепшн хийх мэдлэг, чадваргүй төгсч байгаа нь харамсалтай.
Жилдээ хөдөлмөрийн зах зээл дээр гарч буй олон мянган залуус дипломоо нандигнан, уутанд хийгээд шүүгээнийхээ мухарт хадгалж байгаа гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Учир нь тэдний эзэмшсэн боловсрол цайны газрын зөөгч, угаагч, тогооч, зочид буудлын ресепшнд л тэнцэх мэдлэг олгосон болохоор тэр.
Бидэнд угаагч, зөөгчийн халаасанд хадгалагдах диплом хэрэггүй. Дэлхийн аль ч өнцөгт очсон гологдохооргүй, насан туршийн амьдралын баталгаа болох тийм боловсрол хэрэгтэй.
Үүний тулд сургалтын төлбөрөө нэмээд, чанараа дээшлүүлэх учиртай. МУИС, МУБИС, ШУТИС, Отгонтэнгэр төгсөөд “Microsoft”, “Apple” зэрэг дэлхийд алдартай компаниудад ажиллаж байна гэж сонсоогүй. Харин Харвард, Оксфордод боловсрол эзэмшсэн монгол залуусын бахдам амжилтын талаар бишгүйдээ сонсч, харж, нүд чихээ баясгаж байлаа. Тиймээс ч бидэнд одоо чанартай боловсрол хэрэгтэй байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нугалсан өндөр үнэтэй гар утас хэрэглэж, брэндийн цүнх, гутал өмсдөг хэрнээ яагаад 1000 ам.доллараар дээд боловсрол эзэмших ёстой гэж. Өмссөн хувцас, эдэлсэн эд хогшил элэгдэж, дуусна. Халаас, хадгаламжин дахь мөнгө барагдана. Харин толгойдоо хийсэн мэдлэг, боловсролыг хэн ч булаахгүй.
Х.Өнөржаргал
URL: