Сурагчийн дэвтрээ ТАБ-аар сольсон электрон жаалууд
Техник, технологийн асар өндөр хурдыг алдалгүй гүйцэхийг хичээж буй өнөөгийн бидний нийгмийг шүүмжлэх аргагүй. Гэхдээ арай л дэндүү яараад байх шиг. Сурагчийн дэвтрийг мэдэрдэг үзэгтэй таблетаар сольж, хуудсыг нь эргүүлэх бүртээ шинэ зүйл мэдэж авдаг номыг нь цахим хэлбэрт оруулах болов. Үүнийгээ шинэчлэл хэмээн нэрийдэж байна. Сүүлийн үед та бид цахим сургууль гэдэг үгийг олонтаа сонсох болов. Шинэчлэлийн Засгийн газрын урдаа барин сурталчилж буй цахимжсан боловсролын анхдагч жишээ нь нийслэлийн 84 дүгээр сургууль болсон юм.
Монголын анхны цахим сургууль гэсэн тодотголтыг аваад буй тус сургууль цахим хичээлийн сантай, хичээлд шаардлагатай нэмэлт мэдээллүүдийг интернэт сайтуудаас татаж авдаг, багш, сурагч, эцэг эхчүүд онлайнаар холбогдож мэдээлэл солилцдог. Мөн цахим номын сан нь 15 компьютер, 40 мянга гаруй номтой. Анхны цахим анги буюу E-class-ийг тус сургуульд байгуулж, сурагчид нь цаасан дэвтэр, чернилэн үзэгний оронд тусгай мэдрэгчтэй таб ашиглаж, багш нар нь цагаан шохой, бор самбарын оронд LED дэлгэцэн дээр видео хичээл заадаг болсон. УИХ-ын дарга хичээлийн шинэ жилийн нээлтэд нь очихдоо ерөнхий боловсролын бүх сургуульд ийм анги байгуулна гэдгээ амаллаа.
Боловсролоороо дэлхийд тэргүүлж байгаа нь мэдээлэл, холбоо технологийг сургалтын хөтөлбөртөө түлхүү ашигладагтай нь холбоотой гэгддэг Солонгос улсыг тэрээр жишээ болгов. Цүнхэндээ бал, цаас, дэвтэр, ном гээд элдэв зүйл чихэхгүйгээр нимгэхэн хавтгай компьютер тэврээд хичээлдээ явахад ч сайхан байх л даа. Хүүхэд бүр л E-class-ийн сурагчдад атаархаж байгаа байлгүй. Үйрсэн шохой, самбарын алчууртай зууралдахын оронд зурагт шиг дэлгэцэн дээр хөнгөхөн гэгч нь дараад хичээлээ зааж байгаа багш нарт бусад нь бас атаархаж л байгаа байх.Гэвч технологийн энэ дэвшил боловсролын салбарт ийнхүү хүч түрэмгийлэн орох нь хэр оновчтой бол.
Миний, таны хүүхэд цаасан дээр бичилгүйгээр, номын хуудас эргүүлэлгүйгээр боловсрол эзэмшинэ гэхээр ой тоонд нэг л бууж өгөхгүй юм. Одоогийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд хэнээр ч заалгахгүйгээр компьютер, интернэт, мэдээллийн хэрэгслийг ашиглаж, даяарчлагдсан нийгэмтэй хөл нийлүүлэх чадвартай болчихсон. Цэцэрлэгийн ахлах бүлгийн охин минь хүртэл фэйсбүүк ашиглаад байхад. Ингээд бодохоор тэртэй тэргүй компьютержиж байгаа хүүхдүүдийн тархийг боловсролын салбарын бодлогоор дахин системчлэх хэрэг байна уу. Салбарын сайд нь хүртэл анхны цахим ангийнхныг электрон жаалууд хэмээн өхөөрдөж байсан.
Гэвч хүүхдээ Оросын “Электрон жаал” нэртэй хүүхдийн кинонд гардаг бүхнийг чадагч жаалхүү шиг болгохыг ямар ч эцэг эх хүсэхгүй байлгүй дээ. Хүүхдийг өөрөөр нь бичүүлж, уншуулж, бодуулж, нэг үгээр хэлвэл цаастай ажиллуулах нь хэр чухал ач холбогдолтой болохыг надаас илүү хэлээд өгөх хүн олон байгаа биз. Мэдээж цахимжсан сургууль гэхээр хэмнэлттэй, ашигтай, давуу талууд олон байдаг биз. Өчнөөн том зай эзэлж, байнгын арчилгаа шаарддаг 40 мянган ширхэг цаасан номыг ганцхан компьютерт багтаачихаад хэдэн ч хүүхэд зэрэг ашиглаж болно гэхээр мэдээж сайн хэрэг. Харшлаас эхлээд элдэв арьсны өвчин үүсгэдэг цагаан шохойноос багш нарыг салгах нь мөн л сайшаалтай зүйл. Гэвч аливаа зүйлийг хэт туйлшруулах нь дэмий юм биш үү сайд дарга нар аа.
/Зууны мэдээ/
URL: