Тодорсон гурвын талаар товчхон
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлөх гурван хүний нэр тодорчээ. Тодруулбал, “Эрдэнэс МГЛ” компанийн Дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нарыг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилохоор болсон байна. Энэ талаар “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгч “Эрдэнэс Оюутолгой” компани “Туркойз Хилл”-д танилцуулсан тухай эх сурвалж мэдээлэв. Эргэн сануулахад “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байгаа Ч.Ганболд, П.Цагаан нар ТУЗ-ийн гишүүнээс огцрох өргөдлөө өгөөд байгаа бол үлдсэн нэг гишүүн нь болох Н.Багабанди удахгүй өргөдлөө өгөхөөр болсон гэх сураг бий. За ямартай тэдний оронд томилогдох гурван хүний нэрийг Монголын тал ийн гаргажээ. Тухайлбал, Д.Ганболд. Олноо нэршсэнээр халзан Да.Ганболд гэхээр андахгүй. Тэрбээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар томилогдоод удаагүй байгаа бөгөөд “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгч компанийн захирал ТУЗ-д байх ёстой гэдгийг нэлээд эртнээс ярьж байсан нэгэн. Сонирхуулахад түүний өвөө Лодон Завханы Тосонцэнгэл, Алдархаан, Говь-Алтайн Тонхилын хүн эмнэлгийг анхлан байгуулагч бөгөөд 1940 онд Тонхилд ажиллаж байхдаа нэг охин өргөж авсан нь Ганболдын ээж. Хожим Ганболдыг төрсний дараа мөн өөр дээрээ өргөн авч Лодонгийн Ганболд хэмээн нэрлэх болжээ. Гэвч 1966 онд өвөө Лодон нь өөд болох үед түүний төрсөн эцэг Ц.Даваадорж Москвад ажиллахаар болж, гэр бүлээрээ явахаар болсон байна. Тэр үед бичиг баримтын шаардлагын дагуу Лодонгийн Ганболд Даваадоржийн болж засагдсан гэдэг. Сонирхуулахад мань хүний одоогийн хоббиных нь эхлэл нь найз өвгөчүүлээс нь улбаатай. Өвгөн найзыг нь нэгийг нь Лувсан гэдэг байсан бол нөгөөг нь Чойжил гэдэг байсан тухай тэр өөрөө дурссан. Чойжил өвгөн ер бусын ид шидтэй. Энд тэндээс төмрийн хог цуглуулаад янз бүрийн техник хийдэг нэгэн байж. Өвлөгсдөн хоббины нэг нь энэ. Өдгөө Да.Ганболд өвгөн найзаасаа өвлөсөн эвдэрсэн индүүнээс авахуулаад цаг хүртэл засах дуртай гэсэн. За ямартай ч тэрбээр 1990 оны долдугаар сард Ардын их хурлын депутат, есдүгээр сард Улсын бага хурлын гишүүн, 1990-1992 онд Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд, 1992-2000 онд Улсын их хурлын гишүүн, 2004-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын Хэрэг эрхлэх хорооны дарга, 2008 оноос Нийслэлийн Засаг даргын орлогчоор тус тус ажиллаж байсан. Мэдээж мэргэжлийнхэн түүнийг эдийн засагчийн хувьд гавал толгой гэцгээдэг. Харин Германд их сургууль төгссөн Ч.Отгочулуу Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх, Өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирлаар ажиллаж байгаад Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа. Улаанбаатар хотод төрсөн тэрбээр Герман Улсын Дрезден хотын Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж байхдаа Мерседес Бензийн үйлдвэрт дадлага хийсэн гэдэг. Г.Тэмүүлэнгийн хувьд Оюутолгой төслийн үйл явц, Хөрөнгө оруулалтын гэрээг хамгийн сайн мэддэг нэгэн. Тэрбээр Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах хэлэлцээрт эхнээс нь оролцож байсан. Америкийн Их сургуульд мастер хамгаалсан, “Эрдэнэс МГЛ” компанийн Дэд захирлаар ажиллаж байгаа. Нэгэнтээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Долгоржав, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Д.Батбаатар, дэд захирал Г.Тэмүүлэн нар үйл ажиллагааныхаа явц байдлын талаар мэдээлэл хийх үеэр баахан гүрийж билээ. Тухайн үед УИХ-ын гишүүн Н.Батбаяр Оюутолгойд оруулах гадаадын хөрөнгө оруулалт хэтэрсэн явдал Монголын өр нэмэгдэж байгаа хэрэг хэмээн анхааруулж, Оюутолгойд ажиллаж буй гадаад, дотоодын ажилчдын цалингийн зөрүү хэр болох, тэнд сургууль цэцэрлэг байгаа эсэх талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм. Гэвч тэр үед Г.Тэмүүлэн юу гэж хариулахаа мэдэхгүй хулмалзаж байгууллагын нууц хэмээн тас гүрийсэн юмдаг. Харин өдгөө мань хүнийг “Оюутолгой” төсөлд Монголын талын байр суурийг хамгаалж байгаа гол хүн гэж учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ. Басхүү түүний талаар хурдан морь сонирхдог хүмүүс андахгүй. Ялангуяа моринд хайртай монголчууд хар үрээг нь тэнгэрийн амьтан хэмээн шүүрс алддаг юм билээ. За ямартай ч тодорсон гурвын талаар товчхон өгүүлэхэд ийм байна. Тэгэхээр одоо ТУЗ-ийн гурван гишүүнийг Хувь нийлүүлэгчдийн хурлаар батлахыг хүлээх л үлдлээ.
URL: