Хамрын хийдэд бурхан багшийн 1080 сэрэг дүрийг зална
Дорноговь аймгийн Хамрын хийдэд “Их цогчин” дуганы нээлтийг хийж тус дуганд 1080 бурхан багшийн сэрэг дүрийг бүтээн залах гэж байна.
Шашны томоохон энэ зан үйлийг үйлдэх есдүгээр сарын 10-ны өдөр сүсэгтэн олон уламжлал ёсоор өглөө 08.00 цагаас Хамрын хийдээс шамбалын орон хүртэл явган явах ажээ.
Лам нар энэ үеэр хонх дэншиг, цан хэнгэрэг цохиж маань тарни хөгжөөн шамбалын оронд хүрч ламын чодбын цогчид, Дүйжүд нямбо хурах юм байна. Харин өдөр нь Цогчин дуганд Дашчэрвэв равнай, Найдан чог, Өвгөн суваргад Ханд цэжү, Тойногын сүмд дарь эх тус бүр хурах гэнэ.
Хэлмэгдэгсдийг хүндлэн дурсах энэ өдөр тэдэнд зориулан хурал хурж хүрэлцэн очсон олон түмэн зулын ерөөлд оролцож зул мандаах, хөөргөх зэрэг өөрийн буяныг арвитган нас барагсдын хойноос буян үйлдэх гэнэ. Говийн ноён хутагтын 5-р дүр Данзанравжаа 1851 онд шамбалын оронд залрах мөрийг гаргаж олон амьтныг шамбаоын оронд дагуулах билэг ерөөлийг тавьснаас хойш 162 дах жилдээ энэхүү зан үйлийг үйлдэж байна. Шашин дэлгэрхийн үүд болгож байгуулсан Их цогчин дуганд залж буй бурхад нь сайн цагийн мянган бурханыг бэлэгдсэн төдийгүй хамаг амьтан хийгээд нийт монгол түмнийхээ буян заяа цог хийморийг бататгахын тухайд юм хэмээн лам хуваргууд тайлбарлан хэллээ.
URL: