Бөхийн өргөөний уулзвараар бүх чиглэлд зорчиж болно
Бөхийн өргөөний зүүн талаар урдаасаа хойш явж буй тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг уулзвараар хөндлөн нэвтрэх, бүх чиг рүүгээ эргэх боломжгүйгээс жолооч нар очих газартаа хүрэхийн тулд наад зах нь 1-2 км илүү явалт хийж, цаг, шатахуун илүү зарцуулдаг байсан гэсэн үг.
Харин “Гудамж” төслийн хүрээнд тус уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалт, зохих тэмдэг, тэмдэглэгээ, явган зорчигчийн зориулалтын замтай болгож, өргөтгөн шинэчилснээр дээрх хүндрэлүүдийг тодорхой хэмжээнд шийдлээ. Тодруулбал, Бөхийн өргөөний зүүн талаар хойш явах тээврийн хэрэгсэл төв замаараа шууд хөндлөн нэвтрэх, баруун болон зүүн гар тийш эргэх, төв замаар зүүнээс баруун тийш зорчиж буй тээврийн хэрэгсэл Бөхийн өргөө рүү зүүн гар тийш эргэх боломжтой болж байгаа юм. Мөн зорчих хэсгийн нийт талбай өмнө нь 6350 ам метр байсан бол одоо 8400 болж, 2000 гаруй ам метрээр нэмэгдээд байна.
Тус уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Танил Санаа” ХХК боловсруулж, “Төгс Үржих Зам” ХХК зам барилгын ажлыг гүйцэтгэлээ.
URL: