Хятадын удирдлагын дээд шатанд “их цэвэрлэгээ” эрчээ авав
Хятадын коммунист намын Улс төрийн товчооны нөлөө бүхий гишүүн асан Бо Силайг шүүх хурал өндөрлөнгүүт тус улсын Засгийн газрын дэргэдэх төрийн өмчийн хяналт, удирдлагын хорооны дарга Зян Земинийг саатуулан шалгаж эхэлжээ.
“Синьхуа” агентлагийн мэдээлснээс үзвэл өнгөрсөн гуравдугаар сард сайдын дайтай энэ албан тушаалд томилогдсон 58 настай Зян Земинийг ноцтой алдаа дутагдал гаргасан гэж үзэж байгаа аж. Зян Земин үүнээс өмнө долоон жилийн турш Хятадын төрийн өмчит томоохон газрын тос, байгалийн хийн “CNPC” корпорацийг тэргүүлж байжээ. Хонгконгийн “Саут Чайна морнинг пост” сонины мэдээлснээр сүүлийн хэдэн сарын дотор тус корпорацийн хэд хэдэн дэд захирлыг баривчилсан гэнэ.
Тэдгээр баривчилгааг Хятадын коммунист намын дээд удирдлага сайшаан дэмжиж, хууль сахиулагчдад ногоон гэрэл асаажээ. Тун удахгүй Хятадын коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны долоон гишүүний нэг асан, тус улсын бүх төрлийн аюулгүйн албадын ажлыг хянаж явсан Жоу Юнканийг саатуулах төлөвтэй.
Тэрээр өмнө нь Зян Земинтэй хамт “CNPC” корпорацид өндөр албан тушаал хашиж байжээ. Жоу Юнкан Зян Земинийг дээд түвшинд өмгөөлөн хамгаалдаг нэгэн байсан бололтой. Зян Земиний хувь заяа өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-ны шөнө болсон нэгэн автомашины ослын улмаас хазайсан гэх. Тэр шөнө Хятадын коммунист намын Улс төрийн товчооны хэлтсийн даргын хүү хар өнгийн тансаг “Феррари” машинаар хурдлан давхиж байгаад жолоодлогын хяналт алдан гэрлийн шон мөргөн газар дээрээ өөд болжээ. Тэрээр согтуугаар машин барьж яваад ийн осолдсон бөгөөд арын суудалд байсан хоёр залуу эмэгтэй хүнд бэртэл авсан аж. Хятадын нөлөө бүхий улстөрчийн хүүгийн энэ хэргийг чухам Зян Земин дарахыг оролдож, осолд өртсөн хоёр бүсгүйн ар гэрт “CNPC” корпорацийн данснаас олон арван сая юанийг нөхөн төлбөр хэлбэрээр олгож амыг нь таглажээ.
Энэ нь ил болж сөхөгдсөнөөр Зян Земинийг баривчилж, өөр бусад олон хэрэгт буруутгах ажил ид өрнөж байгаа гэнэ. Ер нь төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл рүү аажмаар шилжиж буй манай урд их хөршид газрын тос, байгалийн хийгээс гадна эрчим хүчний хангамж, санхүү гээд олон салбарт төрийн мэдлийн аварга том корпорациуд ажилладаг. Тэр корпорациуд хилийн чанадад хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулан улс орныхоо эдийн засгийг төрөл бүрийн түүхий эдээр тасралтгүй хангадаг ажээ.
Төрийн өмчит аварга том корпорациудын үйл ажиллагаа нэлээд нууцлаг, өндөр албан тушаалтнууд нь дур мэдэн өөрсдөдөө өндөр цалин олгосоор өнөөг хүрсэн гэнэ. Ийм гажуудлыг Бээжин бүрэн арилгаж, удирдагчдынх нь үйл ажиллагааны дүрэм журмыг илүү хатуу болгох бодлого баримталж эхэлжээ. Тэгээд ч БНХАУ-ын шинэ дарга Ши Жинпин намын болон төрийн аппаратыг хууль бусаар баяжихыг эрмэлзсэн хүн бүхнээс цэвэрлэнэ гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ.
Тэгэхээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Б.Ельцинээс Кремлийн эзний түлхүүрийг гардахдаа мөн л өрсөлдөгчдөө дарж, байр сууриа бэхжүүлэх үүднээс нэлээд шийдмэг алхмууд хийн төр-бизнесийн олигархиудад дайн зарлаж байсан. Үүн шиг Ши Жинпин ямар ч байсан ойрын хэдэн жил эрх мэдлээ баталгаажуулахын тулд нэлээд хатуу гараар улс орноо удирдах нь үндсэндээ тодорхой болж байна.
Гэхдээ тэр үед В.Путинд эн зэрэгцэхүйц өрсөлдөгч байгаагүй бол Хятадын дээд удирдлагад хүч тэнцүү хэд хэдэн фракц байдаг гэх. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Бо Силай, Жоу Юнкан, Зян Земин нар Ши Жинпиний талынхантай өрсөлдсөөр ирсэн нэг бүлэглэлийн хүмүүс ажээ.
Юутай ч БНХАУ-ын шинэ дарга Ши Жинпиний санаачилсан авлигатай тэмцэх кампанит ажил хүчээ авч, нам төрийн өндөр албан тушаалтнууд ар араасаа суудлаасаа ховхрох боллоо. Ийнхүү манай урд их хөршид улс төрийн “их цэвэрлэгээ” эрчимжсээр байна.
Б.Барс /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: