АНУ үйлдвэрлэгчдээ 500 тэрбумаар тэтгэнэ, Монголбанк хүүгээ бууруулахгүй

Монголчуудад банк хамаагүй болжээ

Баянзүрх дүүргийн иргэн Б.Амарсайхан орон сууцаа банкны 35 сая төгрөгийн лизингээр авсан. Хорин жилийн турш сар бүр 290 мянган төгрөг төлж эцсийн өдөр нь банкинд 54 сая төгрөг төлнө. Эхнэр нь хөдөлмөр эрхэлдэг тулдаа бас түшигтэй.

Харин Сонгинохайрхан дүүргийн оршин суугч Л.Сайхнаагийн хувьд өрх толгойлсон эмэгтэй. 35 сая төгрөгөөр хоёр өрөө байр банкны зээлээр аваад хоёр дахин арвижуулж төлөх ёстой. “Гадаа хонохгүйн тулд хулгай хийхээс бусдаар зээлээ төлж байна” гэсэн үгс 19 хувийн хүүтэй зээлд хүлэгдсэн тэдний амнаас яг адилхан унана.

Тэдэнд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Энэ оныг дуустал бодлогын хүүг бууруулах боломжгүй” гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл, “Бага хүүтэй зээл мөрөөдсөний ч хэрэггүй”.

Өнгөрсөн даваа гаригт болсон “Зээлийн хүү буурах зах зээлийн орчинг бүрдүүлэх нь” сэдэвт хурлын үр дүнг Төвбанкныхан өөрсдөө ингээд тодорхойлчихлоо. Банкны зээл, барьцаа хөрөнгийн шалгуур өндөр, хугацаа нь богино болохоор иргэдэд банк “хадны мангаа” болчихож.

Банкууд 700 гаруй тэрбум төгрөгөө зээлд гаргаж чадалгүй дансандаа зүгээр л хадгалж байгааг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Б.Түвшинтөгс судалж тогтоожээ. Төвбанкны бодлогын хүү өндөр байгаагаас арилжааны банкууд иргэдэд биш Монголбанкинд хөрөнгөө зээлэх сонирхолтой болсноор тэр.

Багануур дүүргийн иргэн Б.Мандах “Би хувиараа ажил эрхэлдэг. Барьцаа хөрөнгө ч надад байна. Гэвч банкнаас зээл авах гээд бараагүй” гэлээ. Банкууд хэтэрхий хүнд сурталтайгаас зээл авахыг хүсээгүй хэмээн тэрээр дүгнэж байна.

Бизнес эрхлэгчдийн ердөө 45 хувь нь банкнаас зээл хөөцөлдсөн байна. Үлдсэн хүмүүсийн жаран хувь нь Б.Мандахын адилаар банк руу зүглэх ч сонирхолгүй байгааг Түвшинтөгс хэлсэн.

“Иргэдийн хангалуун амьжиргаа, үйлдвэрлэл инфляцаас чухал байна”

“Бид уг нь хүүг бууруулъя гэж шийдсэн. Төрөөс бэлэн мөнгө тараахаар болсон тул шийдвэрээ өөрчлөхөөс аргагүй боллоо” гэж Төвбанкныхан ярьж байна. Харин УИХ “Бэлэн мөнгөний амлалтыг инфляцид нөлөөлөхөөргүйгээр иргэдэд хүргэж байна” гээд байдаг.

Аль нь зөв болж таарав. Энэ асуултын хариултыг “Хугацаа хэтэрсэн зээл үйлдвэрлэлийн салбарт түлхүү байна” гэсэн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийнхны хийсэн судалгаанаас харж болох нь.

Үйлдвэрлэлд цаг их шаарддагаас тэд зээлийнхээ эргэн төлөлтийн хугацааг ийн хэтрүүлжээ. Нөгөө талаас үйлдвэрлэл манай улсад хөл дээрээ босч амжаагүйг харж болно. Гэтэл Төвбанк тэднийг дэмжих зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн билүү.

Л.Пүрэвдорж ерөнхийлөгч томилогдохдоо Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ гэснийг МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл сануулсан. Өнөөх хөтөлбөр нь одоо ч таг чиг. Иргэдийн үйлдвэрлэл эрхлэхийг хүсч байгаа санал 913 тэрбум төгрөг даваад байна. Харин Засгийн газраас 60 тэрбумыг “амсуулсан” болоод өнгөрчээ. Ийм байхад “Бодлогын хүүг бууруулах боломжгүй” гэж хэлэх эрх Төвбанкныханд бий юу.

Улстөрчдийн гишгэсэн мөрийг баллах гэж инфляц хөөцөлдөхийн оронд үйлдвэрлэгчдийг дэмжих бага хүүтэй зээл л та бүхний гавъяаг тодорхойлно. Жил бүрийн сонгуулиар иргэд бэлэн мөнгө амласных нь нэрийг дугуйлдаг ядуу амьжиргааг өөгшүүлэх улстөржсөн бодлого Монголбанкинд хэрэгжээгүй л юм бол бага хүүтэй зээлээр иргэдээ дэмжих “Бие даасан байдал” Төвбанкинд байх л учиртай.

Америкийн төвбанк үйлдвэрлэгчдээ 500 тэрбумаар тэтгэнэ

Монголд эхэлсэн шинэхэн долоо хоног банкны өндөр хүүд “дарлуулах” зуур АНУ-ын Төвбанкнаас үйлдвэрлэгчдээ дэмжихээр 500 тэрбум ам.доллар гаргах тухай сайн мэдээ тарав.

Олон эдийн засагч энэхүү шийдвэрийг зах зээлээ дэмжсэн бодит хөшүүрэг болно хэмээн итгэж байна. Өнгөрсөн 7-9 дүгээр сард тус улсын эдийн засаг дөнгөж хоёр хувиар өссөн нь хүлээсэн үр дүнгээс хэтэрхий доогуур байгаа юм. Бодлогын хүү нь хэдийнэ 0 хувьд ойртсон ч Төвбанкны тэргүүн хүүг цааш дахин бууруулах боломжгүйд зовниж байна.

“Төвбанкнаас зах зээлд 500 тэрбум ам.доллар нийлүүлэх шаардлагатай гэж олон шинжээч үзэж байгаа” хэмээн “Жи пи морган” дахь эдийн засагч Майкл Фероли ярилаа. 2007 оны санхүүгийн хямралаас хойш өнөөдрийг хүртэл хүүгээ хэд дахин бууруулсан АНУ-ын Төвбанкны хувьд хоёрхон хувийн эдийн засгийн өсөлттэй эвлэрнэ гэдэг инээдэм болсон хэрэг. Өнөөх хоёр хувийн өсөлтийн гуравны нэг нь бизнесмэнүүдийн гараар бүтээгджээ.

Эндээс үзэхэд бизнес, хөрөнгө оруулалтын талбарт ч олигтой гэрэл татаагүй аж. Үүнээс гадна 9,6 хувьд хадгалагдсаар байгаа ажилгүйдлийн төвшин америкуудын хэчнээн ядуурч эхэлснийг харууллаа. Иймээс ч тус улсын Төвбанкны тэргүүн Б.Бернанке инфляц биш эдийн засгийн өсөлтийн араас хөөцөлдөхөөр шийдсэн нь зах зээлээ эрүүлжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж шинжээчид үнэллээ.

ОХУ-ын төвбанк зээлийн хүүгээ бууруулсаар байна

Хойд хөршийн Төвбанкны цахим хуудаст өчигдөр тэмдэглэснээр гадаад валютын албан нөөц нь 498,7 тэрбум ам.долларт хүрчээ. Төвбанкных нь зээлийн хүү 7,7 хувьтай байна. Тус улсын Статистикийн нэгдсэн хорооноос мэдээлснээр энэ оны эхний зургаан сарын байдлаар инфляц 6,6 хувьтай байжээ.

Ийнхүү инфляц өссөний гол шалтгааны нэг нь хүнсний барааны үнэ байв. Рублийн ам.доллартай харьцах ханш 30,74 рубль байв. Энэ оны 5-6 дугаар сард энэ ханш 34-д хүрч, рублийн ханш унасан билээ. Нэг евро 42 орос дэвсгэрттэй тэнцэж байна.

Өнгөрсөн онд банк хоорондынх нь зээлийн хүү 14-16 хувь багтаж байсан бол одоо нэг оронтой тоонд хүрснийг статистик мэдээлэлд дурджээ.

Хятадад шинэ зээл 18 хувиар өсөв

Хятадын Төвбанкны цахим хуудаст өчигдөр тэмдэглэснээр инфляц хоёр хувиар өсчээ. Энэ оны эхний улирлын байдлаар тус улсад зээл олголт 18,6 хувиар өсч, 68,9 их наяд юаньд хүрчээ. Өнгөрсөн онд Ерөнхий сайд Вен Зибао нь үйлдвэрлэгчдээ дэмжихээр 500 их наяд юанийг зах зээлд нийлүүлсэн билээ.

Төвбанкнаас хүүгээ бууруулж, мөнгө нийлүүлснээр ямар үр дүн өгөх вэ:

-Арилжааны банкуудаас иргэдэд өгөх зээлийн хүү буурна
-Хөрөнгийн үнэ хэт хөөрөгдөхөөс сэргийлнэ. Өөрөөр хэлбэл, банкууд бага хүү санал болгосноор хөрөнгө оруулагчид өөр бусад зүйлд мөнгөө хийх сонирхол нь нэмэгдэнэ. Ингэснээр эдийн засгийн төрөлжилт арвижиж, иргэдийн амьжиргаа дээшилнэ.
-Хамгийн гол зүйл нь банкнаас иргэд зээл авах сонирхол нь нэмэгдэнэ. Энэ бол эдийн засгийн өсөлтийн “халууны шил”.

Ж.Цогзолмаа


URL: