Эрэлт их, нийлүүлэлт хангалттай байгаа тул шинэ ногоо борлуулах цэг нэмж байгуулна

“Бүтээн байгуулалтын цаг”-аар Ерөнхий сайд өнөөдөр авто зам, шинэ сумын төв төсөл, ургац хураалтын талаарх мэдээллүүдийг сонслоо.
Өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийн төвийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамыг нээсэн, энэ пүрэв гарагт Сайншандын замыг ашиглалтад оруулна. Монгол Улсад өнөөдөр 2100 км авто зам баригдаж байгаагаас энэ жил 1700 км-ыг нь дуусган хүлээж авна.
Өнгөрөгч дөрвөн жилд 1300 км авто зам барьсантай харьцуулахад ганцхан жилийн дотор ийм хэмжээний зам барьж ашиглалтад оруулж байгаа нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гэж Зам тээврийн сайд А.Гансүх хэллээ.
Нийслэлд өрнөж буй зам засварын ажлуудыг 9 дүгээр сарын 15-ны дотор дуусгана. Харин ажиллагаа ихтэй, урт замууд болох Сонсголонгийн болон 1-р хорооллын арын замын засвар шинэчлэлийг 10 дугаар сарын 15 гэхэд бүрэн дуусгана гэж нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр мэдээллээ.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд 10-р хорооллын, Гурвалжингийн гүүрийг Ажилчны гудамжтай холбосон уулзваруудыг нээснээр нийт 9 гудамж ашиглалтад ороод байна. Энэ долоо хоногт Тасганы овоо, Бөхийн өргөө, III-IV хорооллын эцсийн уулзварыг бүрэн дуусгана гэж “Гудамж” төслийн удирдагч Б.Батболд хэллээ.
22-ын товчооны зам ганц зуны бороог давахгүй эвдэрсэн, энэ мэт жишээ олон гарлаа гэж иргэд мэдээлсээр байна. Замын чанарт тавьж буй хяналтаа сайжруулж, гэрээнийхээ дагуу гурван жилийн хугацаанд засвар арчлалтыг нь сайн хийлгэх шаардлагатай байна гэж Ерөнхий сайд холбогдох сайд нарт анхаарууллаа.
Ингэхдээ хариуцлагагүй ажилласан, төсвийн мөнгө авчихаад ажлаа хугацаандаа гүйцэтгэхгүй байгаа компаниудыг олон нийтэд ил тод зарла гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэг болголоо.
Ургац хураалт эхэлсэн, нийслэлд 26 цэгт шинэ ургацын ногоо худалдаалах цэг байгуулан ажиллуулж байгаа ч эрэлт их, нийлүүлэлт хангалттай байгаа учир нэмж хүнсний ногоо борлуулах цөөнгүй тооны цэг барихаар ажиллаж байна.
Үүнээс гадна энэ сарын дундуур “Намрын ногоон өдрүүд” уламжлалт үзэсгэлэн худалдаа зохион байгуулна гэж ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Золжаргал мэдээллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих