Хүүхдэд хүртээлгүй ардчилал

51d1ad3063f9298doriginalБайсгээд л ай, амьдрал юутай уйтай гэх бодол сэтгэлд хургаад болдоггүй ээ. Жаргал бодохын шалтгаангүй амьд явна гэдэг уй байхаас ч яалтай. Аав нь хүүгээ заазуурдаж, эх нь үрээ хаяхын мөн чанарыг ойлгохгүй байнам.

Ийм зүйл болжээ тэр нэг усан бороотой 27-ны өдөр. Энэ хорвоогийн бороо шороог туулахаар төрсөн нярайгаа эх нь Баянзүрх дүүрэг дэх Цайз захын орчим “гээчихжээ”.
Эвий минь газар хатуу гэдгийг тэр өдөр л мэдэрсэн байх даа. Хэдийгээр манайхан хэзээнээсээ л аав ээжийн “таван салаа боов”-ны жавтий хүртэж түүнээ хүн болсон хойноо ч дурсдаг ч гэлээ орчин цагийн аав ээжүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх хайрлаж аргадах нь хүртэл нүд чихэнд багтамгүй өөрчлөгджээ.
Тэд гэнэн томоогүй дэг сахилгагүй балчируудынхаа аяг аашинд түүртвэл хамаг биеийг нь хутга мэсээр сийчдэг болчихжээ. Арван сар тээж бүтэн биеэ хувааж төрүүлсэн нярайгаа хогийн пункер, хүйтэн бороо, хөр цасыг ч тоолгүй хаяж шатааж голдог болжээ. Эх хүний авир энэ мөн үү.
“Монголын үрс маш олон болтугай” хэмээн сонгууль дөхөхөөр л шоуддаг гишүүн ээжүүд төрийн сэнтийд заларсан аавууд хаачив. Сониноор балбуулж сэтгүүлчдээр сэтэр нэр хоёроо дуудуулан байж хэвлэл мэдээллээр төрхөө харуулдаг муухай зангаараа хэдий болтол амьд явах вэ.
Хариуцлага, хууль ёс, шударга үнэн, ардчилал, хүний эрх гэх мэт үгийг хамгийн сайн мэддэгсэн биш билүү. Хүн нийгмээ засаж чадаагүй төрөөс хүүхдээ хайрлаж энэрэх аав ээжүүд төрнө гэж үү. Бид мартаагүй.
Өөрийн төрсөн хүүгээ заазуурдаж арьс махыг нь сийчдэг байсан хүний эцэг гэж нэрлэхэд бэрх араатны тухай мэдээг өглөө бүр шахуу л хэвлэлийн хуудаснаас уншдаг байв. Хэрэг хэрхэн шийдэгдэхийг хүүхдийн талаар хэн нь юу гэж дуугарахыг ажиглаж байв.
Гэтэл харгис аавын хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд шүүж Н.Довчинсүрэн гэгчид 7.6 жилийн ял оноов. “Би хүүгээ заазуурдаж гэмтээсэн нь үнэн. Харин байнга тарчлан зовоодоггүй байсан.Тиймээс энэ зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх үгийг тэр амнаасаа хээв нэг унагав.
Тавхан настай булцгар үрээ тарчлааж цус нөж, мах арьсыг нь ярж сийчсэнийхээ хариуд нэг насаар гэмшиж явахын оронд ийнхүү өчсөн өчил нь нойлын цаас болоход ч багадам биш үү. Газар эх, хөрс, усныхаа толгойгоор оролдохын эрсдлийг энэ Засгийнхан илүү мэдэрч буй энэ өдрүүдэд хүнийхээ толгойд хөрөнгө оруулахын чухлыг ойлгоосой.
Ингэж чадвал юун Чингис бондын хүү, зээлийн зарцуулалт, мөнгө идсэн авто замын ажил, “Гудамж” төсөл, дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэсний уналт, инфляцийн өсөлт, үнийн савалгаа, дотоод гадаадын өр зээл, эрээ цээргүй эмсийн нүцэглэлт, эрсийн архидалт, ажилгүйдэл, аав ээжүүдийн хараа хяналтгүй хүүхэд, эцэг эхгүй хаягдмал нярайнууд… аяндаа цэгцэрч ухаан гэгч улсыг удирдана биш үү.
Тэр нь ч ийм энэ нь ч ийм хэмээн бодол ургавал эх захгүй оюутнууд хотын хаа сайгүй “хөглөрдөг” ийм л улирал хэдийнэ айлсчихлаа. Айж байна. Цайз орчимд хаягдсан нярайг залгамжлах хэргүүд ар араасаа хөврөхөөс айж байна.
Дахиад хүүхэд томчуудын хөлд хэвтэж гарт үрэгдэх вий гэдгээс эмээнэм. Тиймийн тулд гишүүн ээжүүд, төрийн жолоо цулбуураас атгаж яваа аавуудаас гуйх гуйлт байна. Надад хэлэх үг байна. Хаалгаа дэлгэсэн энэ олон дэн буудлуудыг цэгцлээд өгөөч. 16 цагаас хойш ямар ч буудлын 80 хувь хэдийнэ дүүрчихсэн байдаг гэх юм.
Ийм нөхцөлд замбараагүй бэлгийн харьцаа, хүсээгүй жирэмслэлт, тогтворгүй гэр бүл улам бүр газар авах нь хэнд ч ойлгомжтой биш гэж үү. Хэдийгээр манайхан шиг ам нээвэл л ардчилал гэж яригсдад дэн буудал, баар цэнгээний газрын хаалгыг журамлана гэдэг нь эсэргүүцэлтэй тулах асуудал ч гэлээ төрийн төмөр нударга энэ мэтэд хатуухан баймаар байна.
Ингэхгүй л бол дүн өвлөөр хөр цасан дунд эндэж хаягдах нярайн тоо ахих магадлалтай биш гэж үү.
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж:

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих