С.Бямбацогт: Засгийн газар ажлаа дийлэхгүй байна

С.Бямбацогт: Засгийн газар ажлаа дийлэхгүй байна

МАН-аас залуу эрдэмтэн судлаачдын дунд “Монгол улсын хөгжлийн загвар” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг  бүтээл шалгаруулах уралдаан зарлалаа.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр эрх баригч улс төрийн хүчний статусаа алдаж сөрөг хүчний суудалд шилжсэн МАН-ынхан эрх баригчдыг шүүмжлээд зүгээр суухын оронд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн загварыг бий болгохоор ажиллаж байгаа аж. Тиймээс энэ ажилдаа эрдэмтэн судлаачдын саналыг тусгахаар шийдэж уг уралдааныг зохион байгуулж буй гэнэ. Шилдэг бүтээлийн уралдааныг энэ сарын 25-ны өдрөөс ирэх аравдугаар сарын 1-ны өдөр хүртэл зарлаж байгаа юм байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогтоос цөөн асуултад хариулт авлаа.

-МАН-аас манай улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг боловсруулахаар ажиллаж байгаа гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг 2008 онд баталсан байдаг. Ингээд 2008 оны зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН, АН хоёр Засгийн газараа хамтран байгуулсан. Тухайн үед Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт урт хугацааны хөгжлийн бодлогын талаар огт тусгаагүй, үүнийг хэрэгжүүлэх талаар анхаараагүй.

Дараа нь 2008, 2009 онд эдийн засгийн хямрал болоход бидэнд хямралыг давах бэлтгэл, төлөвлөгөө байгаагүй. Ингээд энэ онд УИХ-ын сонгууль боллоо. Мөн л хөгжлийн урт хугацааны бодлого байхгүй байсан учраас хямрал нүүрлэж байна. Үүнийг хэрхэн давах талаар бэлтгэл алга. Монгол Улсыг ингэж хөгжүүлнэ, улс төрийн тогтвортой байдлыг бүрдүүлэхийн тулд ингэж ажиллана гэдэг тодорхой бодлого байсан бол улс эдийн засгийн байдал ийм түвшинд хүрэхгүй байсан.

Тиймээс Монгол Улсыг богино болон урт хугацаанд харилцан уялдаатай хөгжүүлэх тогтвортой бодлого хэрэгтэй байгаа учир улс төрийн нам хүчин гэж хуваагдалгүй хамтраад зөвшилцөж ажиллая гэж байгаа юм. МАН сөрөг хүчин гээд зүгээр сууж, хоосон шүүмжлээд байлгүй асуудлыг санаачилж хийж хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдвал хамгийн түрүүнд ямар хуулийн төслийг хэлэлцэх ёстой вэ. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар ямар бодолтой байна вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас болоод гадаадын хөрөнгө оруулагчид үргэсэн гэж эрх баригчид яриад байгаа. Угаасаа дэлхий дахины эдийн засгийн байдал сайнгүй байна. Манай улсын экспортын бараа бүтээгдэхүүний үнэ үүнтэй холбогдон буурч байна. Нөгөө талаас зарим томоохон компани Монголын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед эрх баригчдыг нь буулгаж авъя гэж байна. Нэг ёсондоо тэд эдийн засгийн хямралаар далимдуулж байна.

-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахгүй байж магадгүй гэсэн мэдээлэл байна. Үүнд танай намынхан ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газар ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ гэдгээ УИХ-д оруулах ёстой. Гэтэл үүнийг одоог хүртэл хийгээгүй байна. Бид 2009, 2010 оны хямралыг давах төлөвлөгөө баталж байсан. Засгийн газар мөн хямралыг давах төлөвлөгөөг оруулж ирэхгүй байна. Дээр нь улс төр, нийгмийн тогтвортой байдлыг яаж бий болгох вэ гэдэг асуудлыг хөндсөнгүй. Засгийн газар энэ ажлыг хийж дийлэхгүй байна.

Н.Санжаасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих