Японд цацраг идэвхт бодис агуулсан их хэмжээний ус асгарчээ
“Фукушима Дайчи” атомын цахилгаан станцтай холбоотой асуудал дахин дэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт тус станцын агуулахаас их хэмжээний цацраг идэвхт бодис алдагдсан тухай мэдээлэл цацагдсан.
Венад төвтэй Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийнхан ч үүнийг нотолжээ. Энэ бүхэнд үндэслээд Японы Цөмийн хяналтын байгууллага удахгүй онц байдал зарлах аж. Одоогоос хоёр жилийн өмнө цунами болоход япончууд ингэж их сандарч байсан. Тухайн үед “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцын цөмийн реакторуудад гэмтэл гарснаас болж дэлбэрэх аюул нүүрлээд байв.
Энэ нь зөвхөн арлын нэг орон төдийгүй олон улсын хэмжээнд аюулын харанга болж байсан юм. Тэгвэл өнөөдөр хэдэн зуун тонноор хэмжигдэх цацраг идэвхт бодистой ус алдагдсан нь бас томоохон аюул болжээ.
Уг нь энэ тухай анх 2011 оны дөрөвдүгээр сард мэдээлж байв. Тухайн үед “Фукушима Дайчи” станцыг хариуцсан “ТЭПКО” компани анхааруулж, иймэрхүү байдал цаашид ч үргэлжилж магадгүй гэж байсан. Гэвч Японы “Асахи” сонинд мэдээлснээр бол энэхүү цацраг идэвхт бодис бүхий усны асуудлыг ор тас орхигдуулсан аж.
Харин бодит байдал дээр бол “Фукушима-1” станцын доорх хонгилоор дамжин өдөрт 400 тонн бохирдсон ус далай руу гадагшилж байжээ. Цунами болох үед гэмтсэн станцуудыг хөргөхийн тулд их хэмжээний ус ашиглаж байсан. Тэр нь бохирдож, далай руу урссан байна.
Олон улсын стандартын дагуу бол иймэрхүү цацраг идэвхит бодистой холбоотой үүссэн аюулын түвшинг 0-7 хүртлэх үзүүлэлтээр тодорхойлдог. Уг үзүүлэлт 0-тэй тэнцүү үед санаа зовох зүйлгүй, харин долоо хүрвэл томоохон осол гарах хэмжээнд тооцогдоно.
Тэгвэл энэ удаад “Фукушима Дайчи” станцын орчимд зарлах онц байдал гуравдугаар түвшингийнх аж. Харин Японы Засгийн газрын сайд Тошимицу Мотеги атомын цахилгаан станцын ойр орчимд очиж, нөхцөл байдалтай танилцсаны дараа “Одооноос эхлээд Засгийн газар шийдвэрлэх алхмуудыг хийх болно” гэсэн юм. Түүнээс гадна Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ч энэ асуудлыг онцгойлон анхаарч байгаа билээ.
АЛДАГДСАН УСНЫ 93 ХУВЬ НЬ ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИС АГУУЛЖЭЭ
“ТЭПКО” компанийн хувьд бохирдсон усны асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа билээ. Харин “Фукушима дайчи” атомын цахилгаан станцаас өдөрт цацраг идэвхт бодис бүхий 400 тонн ус Номхон далай руу алдагдаж байна. Цөмийн реакторуудыг хөргөх зорилгоор 1000 орчим агуулахад ус хадгалж байгаа.
Гэвч тэдгээр агуулахын 93 хувь нь цацраг идэвхт бодистой аж. “ТЭПКО”-гийн хувьд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд усаар дүүрсэн агуулах савнуудыг шилжүүлж эхэлжээ. Гэсэн хэдий ч өмнө нь ус алдагдсанаас болж хэр их хор хохирол учирсныг тодорхойлох боломжгүй байна. Иймэрхүү тодорхойгүй байдал нь цаашид аюул дагуулна гэж үзсэн учир Японы Засгийн газар ийнхүү онц байдал зарлахаар болсон юм.
Тус улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн сайд Тошимицу Мотеги “Бид “ТЭПКО”-г бохирдсон усны агуулахын байрлалыг нь сольж, өөр тийш нь шилжүүлэхийг зөвшөөрч, тохиролцсон. Гэтэл тэд нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж чадахгүй байна. Тиймээс энэ бүгдэд Японы Засгийн газар оролцох шаардлагатай боллоо.
Бид ирэх есдүгээр сар гэхэд асуудлыг зохицуулахын тулд анхан шатны арга хэмжээнүүдээ авч эхэлнэ” хэмээн мэдэгджээ. Харин “ТЭПКО” компанийн Ерөнхийлөгч Наоми Хиросе “Бид Засгийн газрын дэмжлэгийг авч байгаадаа туйлын баяртай байна” гэсэн юм.
Фукушимагийн эргэн тойронд тус бүр 100 тоннын багтаамжтай хэдэн зуун ширхэг агуулах сав байрлаж байгаа. Бохирдсон усны дийлэнх нь 1000 тоннын багтаамжтай савнуудаас алдагдсан. Гэхдээ жижиг савнуудтай харьцуулахад том сав нь хамгаалалтын цементэн тусгаарлагчтай. Тэгвэл жижиг агуулах савны эргэн тойронд тийм зүйл байхгүй.
Үүнээс болж бохирдсон ус богино хугацаанд их хэмжээгээр алдагдах нөхцөл бүрдсэн юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт л гэхэд тусгаарлагчгүй байсан хэсэгт мөн л их хэмжээний бохирдсон ус алдагдсан байна. “ТЕПКО”-гийн хувьд энэ бүгдийг нарийн шалгаж байгаа юм.
ОРОСУУД ТУСЛАХ САНАЛ ТАВИВ
Одоогоос хоёр жилийн өмнө Японы Засгийн газарт Оросын тал туслах хүсэлт гаргасан. Тухайн үед “Фукушима Дайчи” станцын ослын хор хохирлыг намжаах нь тун чухал байгааг зөвхөн Орос төдийгүй олон орны эрх баригчид онцолж байсан юм. Тэгвэл өнөөдөр ч бас тэд судалгаа, шинжилгээний ажилд туслах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Оросын төрийн мэдлийн “Росэнергоатом” компанийн дэд захирал Владимир Асмолов энэ тухай мэдэгджээ. Харин япончуудын хувьд Франц, АНУ-ын шинжээчдээс тусламж авах бололтой. Түүнчлэн “Тошиба”, “Мицубиши” тэргүүтэй Японы 17 компани хамтран байгуулсан ассоциацаас судалгааны ажил хийж байгаа аж.
Японд 2011 онд цунами болох үед 18.6 мянган хүн амиа алдаж, 160 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Тухайн үед тэдний гэр орон сүйдсэн байснаас гадна “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцын гэмтлээс үүдээд цацраг идэвхт бодис ихтэй бүсэд хамаарч байсан юм. Фукушимагийн ослыг хүмүүс Чернобилийнхтэй адилтгадаг. Гэхдээ Чернобилиэс ялгаатай нэг зүйл бий.
Тэр нь Японд алдагдсан цацраг идэвхт бодисын хор хөнөөл удаан хугацааны турш аажуухан тархсаар байгаа нь юм. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд тус бүс нутаг дахь голууд бохирдож, амьтад нь мутацид орсоор байгаа. Хамгийн сүүлд л гэхэд Рюкю их сургуулийн эрдэмтэд Японд түгээмэл байдаг эрвээхэйний төрөл өөрчлөгдсөн тухай мэдээлсэн.
Осол гарсан бүс нутаг дахь шавжнуудын далавч нь жижгэрч, нүд нь булингартсан аж. Мөн энэхүү өөрчлөлт нь үр хөврөлийнх нь 18 хувьд нь удамшжээ.
Т.Элиса
URL: