Каддафийн хүүг шүүх хурлын тов зарлагдав

Каддафийн хүүг шүүх хурлын тов зарлагдав

Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн хүү Сейф аль-Исламыг шүүх хурал ирэх сарын 19-нд Триполи хотод эхэлнэ.

Энэ тухай Ливийн Ерөнхий прокурор мягмар гаригт зарлалаа гэж “Ассошейтед пресс” мэдээлжээ. Каддафийн хүүг 2011 онд Ливид өрнөсөн иргэний дайны явцад олон хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа аж.

Шүүх түүнийг буруутай гэж үзвэл Сейф аль-Исламд цаазаар авах ял оноох магадлалтай. Есдүгээр сарын 19-ний өдөр Сейф аль-Исламаас гадна Муаммар Каддафийн дэглэмийн 27 төлөөлөгчийг шүүх хурал эхлэх аж. Тэдний дунд Ливийн Тагнуулын албаны тэргүүн байсан, Каддафийн ойрын хамтран зүтгэгч Абдулла аль-Сенусси байх болно.

Ливийн Прокурорын ерөнхий газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр аль-Сенусси Бенгазид болсон алан хядах ажиллагаанд ашигласан тэсрэх бөмбөгийг бэлтгэхэд оролцсоноо хүлээн зөвшөөрчээ. Түүнд энэ хэргээ хүлээхэд ямар нэг дарамт шахалт үзүүлээгүй гэдгийг тэрбээр онцолсон байна. Сейф аль-Ислам Каддафи бол Ливийн экс дарангуйлагчийн гэр бүлийнхнээс шинэ эрх баригчдын гарт орсон цорын ганц гишүүн нь юм.

Каддафийн бусад ойрын төрөл төрөгсөд нь нэг бол гадаадад зугтан гарч, эсвэл Ливийн иргэний дайн болон олон улсын цэргийн ажиллагааны үеэр амь үрэгджээ. Сейф аль-Ислам 2011 оны арваннэгдүгээр сараас хойш хоригдож байгаа бөгөөд эхэн үедээ түүний шүүх хурал 2012 онд эхэлнэ хэмээн таамаглаж байсан юм.

Анх хоригдсон үеэс нь эхлэн Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх түүнийг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгт буруутган шилжүүлэн авахыг оролджээ. Тус шүүхээс Сейф аль-Исламд оноож болох дээд шийтгэл нь бүх насаар нь хорих ял аж.

Энэ оны зургадугаар сард Олон улсын эрүүгийн шүүх Сейф аль-Исламыг Ливид шударгаар шүүх боломжгүй гэж үзэн Гаагт шилжүүлэн өгөхийг тус улсын эрх баригчдад уриалжээ. Гэвч Ливийн удирдлагууд өнөөг хүртэл ямар нэг хариу өгөөгүй байна.

НИЙГМИЙН ТОЛЬ

URL:

Сэтгэгдэл бичих