”Тоглоомын дүрэм”-ээ нэг мөр болгох ёстой

Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягтай  ярилцлаа.

-Та Засгийн газрын  хэрэг­жүүлэгч агентлагийн дар­­гын албыг хү­лээн авсан даруйдаа хууль бу­саар олгогдсон хайгуулын бо­лон ашиглалтын 5000 орчим лицен­зийг хураах арга хэмжээ авсан. Гэвч лиценз хураалгаж байгаа компаниудын зүгээс  нэлээд гомдол гарч байна. Энэ ажлын явц хэр байна вэ?

-Би Ашигт малтмалын газрын даргын албыг хүлээж аваад хоёр жил гаруй болж байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн  дагуу  лиценз олгол­­тыг хууль журмын хүрээнд цэгцлэх   үү­рэг надад ногдсон. Нэг үгээр, дөр­вөн жилийн хугацаанд миний хийж гүй­цэтгэх гол ажлуудын нэг энэ байх болно. Анх намайг ажил хүлээж ава­хад 48.2 сая орчим га газар нутагт хай­гуулын болон ашиглалтын 5187  лиценз үйлчилж байсан. Өнөөдөр  үү­нээс 21 сая га гаруй газрыг чө­лөөлж, төрийн мэдэлд аваад байна. Яг одоо хайгуулын 3155, ашиглалтын 1134 орчим лиценз дээр бидний ажил төвлөрч байгаа. Ашиглалтын лицен­зийн тоо тодорхой хэмжээгээр өсч байна. Хайгуулаас ашиглалтын лиценз рүү шилждэг болохоор ингэж өсөх нь ч аргагүй. 3155 лиценз дотор хууль эрх зүйн шүүлт хийнэ. Тэгэхээр лицензийн тоо буурах л байх. Ашигт малтмалын газартай харьцаж бай­гаа гадаад, дотоодын хөрөнгө оруу­­­­­­лагчид Монгол улсын хууль дү­рэмд захирагдах ёстой гэсэн ганц, тодор­хой зарчим  үйлчлэх ёстой.   Түү­нээс биш төр засаг лицензээ дураа хүрэхээр өгчихөөд, дургүйгээ хүрэ­хээр буцаагаад авчихаж байгаа хэ­рэг биш юм. Хууль тогтоомжийг огт хэрэгжүүлдэггүй, тоодоггүй ком­пани, аж ахуйн нэгжүүдтэй   бид хариуцлага тооцож ажиллаж байна.

-Лицензийн тоо цөөрүүлэх нь  Мон­гол Улсын уул уурхайн салбарт ямар эерэг үр дүн авчрах вэ. Нүдэнд хараг­даж, гарт баригдахуйц шууд үр дүн гарах уу?

-Энэ бол тусдаа асуудал. Лицен­зийн тоог цөөрүүлэх нь цаашид Мон­гол Улсын хөгжил дэвшилд хэр сайн нөлөөтэй юм, уул уурхайн салбарт ямар давуу тал, үр өгөөж өгөх юм бэ. Энэ чиглэлээр Эрдэс баялаг, эрчим хүчний яам бодлого гаргаж ажиллана. Бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх үүрэг даалгаврууд ч бий. Лицензийн тоог энэ байдлаар бууруулаад байвал уул уурхайн салбар   ирээдүйд ямар үр дүнд хүрэх нь одоохондоо  яг таг хэлчихээр ойлгомжтой биш байна. Үр дүн нь Монгол улсын эдийн засаг, хөгжил дэвшилтэй уялдаж байж л тодорхой болох болов уу.

Ер нь Монголын уул уурхайн ли­ценз­тэй холбоотой бүх газар нутгийг ухаж, төнхөөд гадаадынханд өгөөд бай­на гэсэн буруу ойлголт иргэдэд байх шиг байна. Гэтэл амьдрал дээр нийт газар нутгийн 17,1 хувьд нь хайгуулын, 0,3 хувьд нь ашиглалтын лиценз олгосон. Эндээс  Монгол улс газраа бага судалж байгаа нь хараг­даж байна. Нөөцийн асуудал бол яах аргагүй хөндөгдөх сэдэв. Монгол улс газар дорх баялгийнхаа нөөцийн хэмжээг өнөө хүртэл нарийн, тодорхой гаргаж амжаагүй байна. Хэчнээн тонн алт, нүүрсний нөөцтэй юм бэ гэсэн чиглэлээр судалгаа яваг­даж  байна. Нөөцөө тогтоосны дараа үүнийгээ хэнтэй, хэрхэн ашиглах вэ гэдэг цаашдаа төрийн том бодлогын асуудал.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ашигт малтмалын лицензийг ши­нээр олгох, шилжүүлэхийг хориг­лосон. Энэ бол мэдээж үндэсний аюул­гүй байдлаа эрхэмлэсэн шийд­­­вэр. Гэвч гадаадын хөрөнгө оруу­­лагчдад сөргөөр тусах талтай юм шиг?

-Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ-аас шийдвэр гарч  хайгуулын ли­ценз олголтыг 2010 оны арван­хоёр­дугаар сарын 1-нийг хүртэл зог­­­соосон. Энэ шийдвэр нь нэг тал­даа лицензийг цөөлж байгаа бид­ний ажилтай уялдаж байна. Харин лиценз шилжүүлгийн тухайд хуу­лийн хүрээнд явагдаж байгаа.  Ер нь хөрөнгө оруулагчид гомдол мэдүү­лэхээсээ илүү “Танай хууль хатуу чанга байх нь хамаагүй. Энэ бол танай мэдэх асуудал. Хамгийн гол нь  хууль журмаа тогтвортой байлгаж өгөөч”  гэдэг. Хайгуулын лицензийг шинээр олгосонгүй гээд манайх  санхүүгийн хохирол амсахгүй л болов уу.  Манайх  лицензийн төлбөрөөс жилдээ 28-30 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Лицен­зтэй холбоотой бас нэг том асуудал нь хэний хөрөнгөөр хай­гуул хийгээд байна вэ гэдэгт бай­даг. Одоогийн хуулиар  хөрөнгө оруу­­лагчдын хөрөнгөөр л хайгуул хийл­гэх эрхтэй. Мэдээж хэрэг ли­ценз олголтыг ингэж зогсоосон тохиол­долд төр засаг өөрөө газрын баялгаа судлах бодлогоо тодорхойлж гар­гах зайлшгүй шаардлага тулгарч бай­на. Хайгуулыг хувийн хөрөнгөөр хийл­­гэхгүй гэвэл нэг бол төсвийн, нө­гөө бол гадаадын зээлээр хийхээс арга­гүй болно. Хайгуулын ажлын гол зорил­го нь баялгаа бүртгэх, мэдэж авах л асуудал шүү дээ. Ашиглах эсэх нь дараагийн алхам.

-Ашигт малтмалын тухай хуульд байсхийгээд л өөрчлөлт орох юм. 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруул­сан хуулийг УИХ-ын намрын чуул­­­ганаар бас хэлэлцэх гэж байна?

-Ашигт малтмалын хуулийн тухайд ойр ойрхон өөрчлөлтүүд орж байна. Геологи, уул уурхайн салбарын хууль эрх зүйд худалч хүнд унтаад сэрэхэд л нэг өөрчлөлт орчихсон  байдаг гэж хөрөнгө оруулагчид ярьж байна. Энэ нь ч  хууль хэрэгжүүлэх үүрэг­тэй Ашигт малтмалын газарт бэрхшээл учруулдаг юм. Гэх­дээ УИХ-аас нэгэнт гаргасан шийд­вэрүүдийг Ашигт малтмалын газар зөв, буруу гэж хэлэх эрх байхгүй. Хуу­лийн хэрэгжилтийг хангах, чанар­жуулах нь бидний үүрэг. Хуу­лийн өөрчлөлтүүдтэй уялдуулаад нэг зүйлийг онцолж хэлье. Уул уур­хайн салбар үнэхээр Монгол Улсын хөгжлийг авч явах том салбар, гадаа­дын хөрөнгө оруулагчидтай харил­цах салбар юм бол бид “тог­лоомын дүрэм”-ээ нэг мөр, ойл­гомжтой болгох ёстой.  Ашигт малт­малын газар энэ чиглэлээр Аж­лын хэсэг гаргаж, хуулийн салба­рын тэргүүлэх эрдэмтэдтэй санал солил­­цож байгаа. Есдүгээр сарын 5-нд Ашигт малтмалын тухай хуу­лийн шинэчилсэн найруулгын төсөл бэлэн болсон байх ёстой. Уул уурхайн салбар нь зөв замаар хөг­жиж байгаа улс орон олон бий.  Нө­хөн сэргээлтээ хэвийн хэмжээнд хийж, олборлож байгаа ашгаа ард түмэн­дээ зөв зохистой хүртээдэг бэлэн  жишээнүүдийг бид нэвтрүүлж яагаад болох­гүй гэж.

-“УИХ-ын шийдвэрүүдийг бид  зөв, буруу гэж хэлэх эрх байх­­­­­­гүй. Хуулийн хэрэгжилтийг чанар­жуулах л үүрэгтэй хүмүүс” гэж та хэллээ. Гэхдээ хууль хэрэгжүүлэх явцад гардаг алдаа оноог дээд төвшинд ил тодоор илэрхийлж байх нь  шударга зарчим болов уу. Жишээ нь, эрдсийн хуримтлалтай холбоотой шүүмжлэлийг та хэлж байсан даа?

-2006 оны Ашигт малтмалын ту­хай хуульд орсон өөрчлөлтөөр  эрдсийн хуримтлал гэсэн ухагдахуун орж ирсэн. Хамгийн муу үгийг хуульд суулгаж өгсөн  гэж геологчид  маань ярьдаг юм. Учир нь овоолоостой  шороо хүртэл эрдсийн хуримтлал болдог. Монголын 1.5 сая га газар бүхэлдээ эрдсийн хуримтлалтай. Уг хуулийн заалт нь баялаг байна байхгүй гэсэн утгатай юм. Гэтэл хуульд ийм юмыг эрдсийн хуримтлал гэнэ гэсэн заалт байдаггүй. Энэ бол хуулийн том цоорхой. Хуульд бүх зүйл тодорхой ойлгомжтой бол үүнийг янз бүрээр  тайлбарлаад хэрэгжүүлээд байх боломжгүй.

Манайд нэг ордыг эрдсийн хурим­т­лалгүй гээд өргөдлөө өгөхөд нөгөө нь хуримтлалтай газар гэж гом­­дол гаргаад эцсийн дүнд Ашигт малт­малын газар гэж яригдах болдог. Тэгэ­хээр бүх зүйл ойлгомжтой болох нь асуудлыг шударгаар шийддэг байхад, улмаар манай байгууллага, хамт олны маань ч нэр хүндэд хамаатай учраас үүнийг нэг мөр болгох ёстой асуудал яах арга үгүй мөн л дөө. Тэгэхгүй бол хуулийн энэ заалтаас болж төрийн байгууллагын нэр хүнд ч  унаж байна. Цаашид шинээр батлагдах хуулийн заалтуудыг хоёргүй ойлголтоор нарийн зааж өгөх ёстой.

-Геологи, хайгуулын ажлын зард­лын доод хэмжээнд хүргэж ажил­лаагүй тохиолдолд тусгай зөв­шөөрлийг цуцлах заалт бий. Үү­нийг  мэргэжлийн хүмүүс шүүм­жилдэг юм билээ?

-Тийм л дээ. Жилд    геологи хай­гуулын ажлын зардлын доод хэм­­жээнд хүргэж ажиллах ёстой. Өө­рөөр хэлбэл ажил хийгээд доод зард­лын хэмжээнд хүргээгүй нь тус­гай зөвшөөрлөө цуцлуулаад, огт хий­гээгүй нь торгуулаад байдаг нь бас сонин  байгаа биз. Хуулийн  ганцхан үг  л хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхгүйн заагт   авчирдаг.

-2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар бол  тусгай зөвшөөр­лийг тухайн эзэмшигчид нь гур­ван жилээр олгоно гэж заасан. Үү­нийг хоёр удаа сунгаад нийт есөн жил лиценз эзэмших эрхтэй. Энэ хугацаанд хувийн компаниуд эрс­дэл үүрээд   явдаг.  Гэтэл  шинэ хуу­лиар  лицензийг дахин эзэмших хүсэл­тэй компаниудыг тусгай сонгон шалгаруулалтаар оруулах гэж байна. Энэ хэр оновчтой заалт вэ?

-Өмнө нь хэн түрүүлж өргөдөл өг­сөнд нь лиценз олгодог  байсан. Одоо ч гэсэн эрдсийн хуримтлалтай  тал­байгаа сонгон шалгаруулна, бусад газрыг нь өргөдлөө түрүүлж өгсөнд нь өгнө гэсэн систем үйлчилж байгаа. Энэ системээ бид зөв, буруу аль нь болохыг хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсэг, эрдэмтдийн баг  зөв дүр төрхтэйгээр гаргаж ирэх байх. Геологи, уул уурхайн салбар зах зээлийн системд шилжсэнээс хойш алдаж, оносоор өдий хүрлээ. Аль болох оноо ихтэй байгаасай  гэж санаа тавьж явдаг гол сэдэв энэ шүү дээ. Лицензийг яаж олгох юм, хэнд өгөх юм. Гадаад, дотоодын компаниудын лиценз авъя гэсэн болгонд өгөөд байх юм уу. Сонгон шалгаруулалт гэдэг бол энэ бүхнийг арай төгөлдөржүүлэх санаа л даа.

-Уул уурхайн салбарыг  эмх цэг­цэнд оруулъя гэвэл  “Уул уур­хайн нэгдсэн хууль”-тай болъё гэсэн саналууд их гарч байна. Та үүнд ямар санал нэмэрлэх вэ?

-Хуулийг сайжруулахаас өөр арга бидэнд байхгүй. Хууль ийм тийм байвал оновчтой гэсэн саналыг бид  бүх төвшинд хэлэлцүүлж байгаа. Энд  ганц жишээ хэлэхэд, нөхөн сэргээлт гэж том  асуудал бий. Өнөөдөр  бидний хэрэгжүүлж байгаа хууль болон  ирээдүйд хэрэгжүүлэх хуульд оруулах гээд байгаа  гол  санал бол нөхөн сэргээлтийн төлбөр.  Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлтийн төлбөрийг бид урьдчилж авч байя. Тухайн компани гадна, дотны ямар нэгэн хүчин зүйлээс болоод үйл ажиллагаагаа зогсоох юм уу, санхүүгийн  цохилтод орвол бид яах вэ. Бид ядахнаа олборлолт явуулж байсан газрыг нь нөхөн сэргээгээд явах ёстой биз дээ. Ингэхийн тулд нөхөн сэргээлтийн төлбөрийн хэмжээг урьдчилан тогтоох хэрэгтэй. Төр тогтоосон хэмжээгээ урьдчилж авъя гэсэн систем л дээ. Хэрэв тухайн компани   олборлолтоо маш сайн хийгээд, газраа нөхөн сэргээгээд байвал бид нөхөн сэргээлтийн төлбөрийг нь буцаагаад өгчихье. Ер нь гадаад, дотоодын зарим   компани олборлолт явуулсан хэрнээ улсад  төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй алга болдог. Тэдний хойноос хөөцөл­дөөд явна гэдэг бөөн хэрүүл, шүүх цагдаа, хөрөнгө мөнгөний зардал. Тиймээс дэлхий нийтээр хэрэглэж байгаа нөхөн сэргээлтийн болон  уул уурхайн технологийн стандартуудыг бид хуульдаа маш сайн суулгах ёстой болов уу.

-“Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөр­лийг цуцлах тухай хууль”-ийг тойр­­сон маргаан гарсаар байна. “Урт нэртэй” хуулийн үзэл санааны та­лаар юу хэлэх вэ?

-Энэ хуулийн үндсэн санаа, агуул­га нь зөв. Монгол Улсын геологи, уул уурхайн салбар нь ганцаараа хөг­жөөд, тэр нь хөгжил дэвшлийн дээд цэг болно гэвэл эндүүрэл. “Урт нэр­тэй хууль”-иас авах зүйл олон бий. Нэгдүгээрт, Монгол Улс ойн сав, усны эх бүрдэх болон урсацынхаа коор­динатыг тодорхой хэмжээгээр тогтоо­чихлоо. Энэ бол том амжилт. Гэхдээ хуулийн арга зүй талаасаа бол хэрэгжүүлэхэд жаахан төвөгтэй юм билээ. Төр их хэмжээний нөхөн төлбөрийн өрөнд орох магадлалтай. Олборлолт хийж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоочихоод нөхөн сэргээлт хийлгэнэ гээд байдаг. Ашиг олоогүй  зарим компани яаж ажиллах юм бол.

-Танайх энэ хуулийн хүрээнд ямар нэгэн судалгаа хийсэн үү?

-Судалгаа хийж байгаа.  Бидний  тооцож үзсэнээр нэгдүгээрт,  нөхөн төлбөрийн хэмжээ 5.1 орчим их наяд төгрөг байгаа. Манай улсын төсөвт  ийм их мөнгө бий юу. Тэгэхээр  энэ хуулийг аргачлалаар нь зохицуулах арга байна. Ой модтой, устай газар олборлолт хийж байгаа компаниудын тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг нэмэгдүүлж, байгаль орчинд зарах зардлыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн аргаар тэмцсэн бол төр өрөнд орохгүй байх боломжтой. Хоёрдугаарт, энэ хуулиар бол нөхөн сэргээлтийн асуудал орхигдсон байгаа. Гуравдугаарт, компаниуд 10, 20 жилээр бизнес төлөвлөгөөгөө хийгээд явж байсан байж таарна. Жишээ нь,  тонн алт олборлох гэж байгаа компани гэхэд 5 юмуу, 6 сая долларын хөрөнгө оруулалт хийхээс гадна найм, ес дэх жилээсээ ашгаа олно гэж тооцоолсон байдаг. Яг энэ үед  цохилт хийчихээр хүнд байдалд орно шүү дээ, тэр компаниуд.  Уг нь лицензүүдийг цуцлах  биш, дахиж лиценз олгохыг зогсоох ёстой байжээ гэж салбарын мэргэжилтнүүд ярьж байгаа. Тэгэхээр хуулийг баталж гаргахаас өмнө олон талаас нь сайн харах хэрэгтэй байгаа биз. Энэ бол миний хувийн бодол юм шүү.

-Сүүлийн үед стратегийн том орд газруудыг эдийн засгийн эргэл­тэд оруулахтай зэрэгцэн газрын гүний усны нөөцийг нэлээд хөндөж ярих боллоо. Говийн бүсэд  гэхэд Бал­гасын улаан нуурийг гүний ус­ны гол түшиц газраар сонгох нь. Ашигт малтмалын газар гүний ус­ны нөөцийн тал дээр өөрийн байр сууриа хэр илэрхийлж байна вэ?

-Энэ бол уул уурхайн салбарын маш сайн анхаарах ёстой сэдэв. Газрын гүний усны нөөцийг алган дээрээ тавьсан юм шиг мэдэж авахгүй бол ирээдүйд манай улс экологийн асар их хохирол амсаж мэднэ. Дэлхийн хэмжээний том том уур­хайнууд манай говийн бүсэд ажил­­­­лаж эхэллээ. Гэтэл газрын гүний усны нөөцийн талаар хүмүүс тэр бүр хөн­дөж ярихгүй байна. Энэ талын судалгааны ажилд төрийн бодлогоор, цогцоор нь авч үзэж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой. Түүнээс биш усны нөөцийн тал дээр дор бүрнээ мэдэмхийрч яриад байвал юу ч хожихгүй ээ. Ашигт малтмалын ордуудаасаа олоод байгаа хөрөнгө мөн­гө маань эргээд хэрэглэх усаа олж авахад хүрэлцэхээ болих вий дээ гэж санаа зовж байна. Гүний ус­ны нөөц ийм тийм гэж ярьж байгаа хүмүүс ирээдүйд хариуцлага хүлээж ча­дах уу. 50, 100 жилийн дараа ямар бай­далд орохыг судлах л ёстой.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК  сая­хан нүүрсний анхны хөрс хуу­лалтаа эхлүүллээ. Үүнийг   Таван­толгой ордыг эдийн засгийн эргэл­тэд оруулах  анхны алхам гэж ч ярих хүмүүс байна. Таныг Ашигт малт­малын газрын даргаар ажил­лах хугацаанд  стратегийн хоёр  том орд хөдөлгөөнд орлоо?

-“Оюутолгой” бол Монголын хөгжилд  хувь нэмэр оруулах том төсөл. Гэрээг би хамгийн сайн, хамгийн муу гэсэн хоёр туйлын аль нэгэнд хамааруулж яримгүй байна. Ерөнхийдөө энэ гэрээ батлагдсанаар Монгол Улсын геологи, уул уурхайн салбарт асар их эерэг нөлөө үзүүлсэн.  Гэрээн доторх болж бүтэхгүй зүйлүүд байгаа бол цаг хугацаагаар шалгагдах байх. Ямар ч байсан та бидний үе дээр энэ том төсөл хэрэгжиж эхэлж байна. Томоохон ордууд ашиглалтад орж эхэллээ. Уул уурхайгаас ол­сон орлогоо зөвхөн дэлхийн хэм­жээнд ажиллах, чадварлаг мянга мян­ган боловсон хүчин бэлтгэхэд зар­цуу­лаасай  гэж би  хүсч байна.  Зас­гийн газар энэ чиглэлд байгаа болом­жоороо ажиллаад эхэллээ.

Тавантолгойн тухайд ордын нөө­цийг батлагдсан, батлагдаагүй гэж өнөөд­рийг хүртэл яригдаж байна.  Орос, Монголын геологчид энэ ор­дын нүүрсний нөөцийг 6.4 тэрбум, үү­нээс 50-60 хувь нь коксжих нүүрс гээд тогтоочихсон. Геологи, уул уур­хайн салбарыг ажиглаад байхад нөөцийг 100 хувь гэж тогтоогоод, үйл ажил­лагаа явуулна гэсэн тоглоомын дүрэм байдаггүй байх. Тэгэхээр Тавантолгойн 6.4 тэрбум нүүрсний нөөц дээрээ ТЭЗҮ-ээ хийнэ, биз­не­сээ тооцно. Цаашид хайгуул хийх явцад 6.4 тэрбум тонн нүүрс е­сөн тэрбум болохыг үгүйсгэхгүй. Оюу­тол­гойн нөөц ч бас нэмэгдэнэ. Тэгэ­хээр бид аливаа зүйлийг болох бүтэх талаас нь харж яримаар байгаа юм.   Тавантолгой ордыг аль болох хур­дан ашиглах ёстой. Нүүрсний үнэ маргааш хэд болохыг хэн ч мэдэхгүй. Хэдэн жилийн өмнө нүүрс ямар үнэ­тэй байсныг мэдэх хүн олон л байх. Дэлхийн томчууд орхисон орд шүү дээ, Тавантолгой. Харин сүүлийн хэдэн жилд  нүүрсний үнэ өсч, дээр доор­гүй  Тавантолгой гэж оволзоод байх боллоо. Биднийг хэлэлцэж байх хооронд нүүрсний үнэ дахиад унахыг тааж хэлэх хүн байхгүй. Хятад, Орос хоёр транзит тээврийн үнээ нэм­бэл бид яах вэ. Бүх зүйлийг сайн бодол­цож, тунгааж, шаргуу ажиллах хэрэгтэй байх гэж Монгол Улсын  иргэний хувьд бодож байна даа.


URL: