Мартаж үл болох “Ж.Лхүмбийн хэрэг” гэгч

527-1377655083b41f8547955b46551d112426cf9ff2187bfbf2b2Одоогоос яг 80 жил 1 сарын өмнө монголчууд бидний мартаж үл болох нэгэн түүхэн үйл явдал болж өнгөрснийг та бүхэнд сэргээн сануулах гэсэн юм. Энэ бол олон мянган монголчуудын цусыг урсгаж, биеийг зовоон сэтгэлийг шархлуулсан “хувьсгалын эсэргүү, Японы тагнуул Ж.Лхүмбийн хэрэг” гэгч гадаад, дотоодын тагнуулын байгууллагын зохион байгуулсан операци.
Зорилго нь нэн тодорхой. БНМАУ-ыг ЗХУ-ын алс дорнод дахь улс төр, цэргийн найдвартай түшиц газар, бамбай бүс болгох үйл ажиллагааны бэлтгэлийг хангах, монголчуудын гаргаж болзошгүй эсэргүүцлийг ямарч цаг үед “хувьсгалын эсэргүү” нэрийн дор нухчин дарах боломжийг Засгийн газрын хүчний байгууллагуудын гарт олгох боломжийг нээх явдал байв.
Удирдан зохион байгуулж гардан гүйцэтгэсэн нууц эзэд нь ЗХУК(б)Н-ын удирдах дээд байгууллага, бүр тодруулбал эзэн И.Сталин, түүний тагнуулын байгууллага байсан нь одоо хэнд ч ил болжээ. Харин Ж.Лхүмбэ бол бусдын төлөө өөрийгөө зольж чадсан юм шүү! Тэр 1934 оны 1 дүгээр сарын 10-нд байцаагч Ч.Мандалд өгсөн мэдүүлэгтээ, “… Би ингэж худал мэхэлж монголын олон ардын цусыг урсгаж чадахгүй…” гэж эрс шулуун мэдэгдсэн юм.
Яагаад “Лхүмбийн хэрэг” гэгч зохиомол хэрэг үүсгэх шаардлагатай болсон юм бэ?
Хариулт ганцхан. Тухайн үед бий болсон олон улсын геополитикийн орчин, түүний эрчимтэй өөрчлөлт хөдөлгөөн. Энэ орчны аль хүрээнд БНМАУ, түүний газар нутгийг хамруулах вэ? гэсэн их гүрнүүдийн өрсөлдөөн 1933 онд “Хувьсгалын эсэргүү, Японы тагнуул Лхүмбийн толгойлсон Хэнтий, Дорнод, Улаанбаатарт төвтэй тагнуулын байгууллага” гэдгийг бий болгох үндсэн нөхцөл болсон.
Тэр тагнуулын байгууллагын сүлжээ нь яагаад Хөвсгөл, Булган, Завханд байгуулагдаагүй юм бол? Мэдээж энэ аймгууд ЗХУ-тай ойр болохоос, япон, манжууртай ойр биш шүү дээ.  Япон улс яг энэ үед хятадын эх газарт байлдааны үйл ажиллагаагаа өргөжүүлж, 1933 оны 1 дүгээр сард Өвөрмонголын зүүн хэсэг болох Жэхэ мужийг эзлэн авах байлдааны ажиллагаа явуулж, 4 дүгээр сар гэхэд Бээжин, Тяньжинд дөхөж очин Монголтой хил залгаа Манжуурт Манж-го улс байгуулан Пу И-г хаанаар нь тавив.
Энэ үйл явдал Монголыг гуравдахь хөрштэй болгосон юм. Нөгөө талаар өвөр монголчууд япончуудыг чөлөөлөгчөө хэмээн хүлээн авсан бөгөөд япончууд ч өвөр монголчуудад туйлын найрсаг хандаж өргөн хэмжээний автономи эрх эзэлсэн газар нутгийнхаа хэмжээнд олгон хятадын эсрэг тэмцэлд оролцуулах болов. Үүнээс нэгхэн жилийн өмнө буюу 1932 оны 4 дүгээр сард монголд Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай аймгуудыг хамарсан зэвсэгт бослого гарч, Ардын засгийн тухайн үед явуулж байсан хэт зүүний адал балмад бодлогод цохилт өгөөд байв. Бослого богино хугацаанд дарагдаж, хоёр талаас 6000 гаруй хүний амь нас үрэгдэв.
Засгийн бодлого өөрчлөгдөв. БНМАУ-ын зорилго зорилт нь шинэ ёсны хөрөнгөтний Бүгд Найрамдах Улс болж, уриа лоозун нь “бүгдээрээ хэм тэгш баяжигтун” болов. Ж.Лхүмбэ энэ бослогыг дарах ажлыг удирдаж байв. Хожим тэр хилс хэрэгт тулгагдан зовж байхдаа “Би эсэргүү нартай байлдаж явахдаа үхчихгүй яав даа” хэмээн гасалсан байдаг.  Энэ байдалд ЗХУ-ын эрх баригчид туйлын их түгшсэн нь баримтаас ил байдаг. Чухам энэ үеэс л эзэн И.Сталин монголын асуудалд биечлэн оролцох болж, коминтерний монгол дахь үйл ажиллагааг зогсоосон юм.
Тэд монголчуудын сэтгэлд унтардаггүй нэгдсэн монголын үзэл санаагаар дамжуулж япончууд монголчуудыг өөртөө татах бүрэн магадлалтай гэж улс төрийн дүгнэлт хийсэн юм. Тэдний хувьд БНМАУ бол алс дорнод дахь цорын ганц түшиц газар нь байсан бөгөөд энэ бүс нутгийг алдвал Сибирь тэр чигээрээ хяналтаас нь гарч мэдэх байв. Сибирийн өмнө элгэнд нь буриад монголчууд гэдэг бас нэгэн монголын тасархай бий. Тиймээс л ЗХУ-ын эрх баригчид геополитикийн онолчид, эзэн И.Сталин нар Монголын нэгдсэн улс байгуулах үзэл санааг хувьсгалын эсэргүү явдалтай нэгэн шугаманд авч үзсэн юм. Хувьсгалын эсэргүү гэдэг бол Зөвлөлтийн эсрэг үзэл л гэсэн үг.
Харин монголчуудын хувьд буриад ч бай, өвөр ч бай монгол л бол монгол, бид нэг үндэстэн гэдэг үзэл зүй ёсоор баримталсаар байв. Энэ бол үнэхээр монголчууд бидний буруу биш. Үүний төлөө л монголын гучин мянга шахам хүний амь нас зул болон шатсан билээ. Цагийн эрхийг яалтай билээ. Түүхийн сургамж гэдэг энэ.
Гэтэл монголчуудаас огт хамааралгүйгээр их гүрнүүдийн хуйвалдаан нууц  болж, эл гэрээнүүдээр аль хэдийн газар нутаг маань хуваагдсан байв.
Бид Хаант Орос, Японы хооронд байгуулагдаж, хожим нь монголын эмгэнэлт байдлын үндэс болсон 1905 оны 9-р сарын 5-нд АНУ-ын Портсмут хотноо  байгуулагдсан Орос, Японы гэрээ,  1907 оны 7-р сарын 30-нд Оросын Санкт-Петербург хотноо Оросын ГЯЯ-ны сайд А.П.Извольский, Орост суугаа Японы элчин сайд И.Мотоно нарын гарын үсэг зурсан гэрээнүүдийг сайтар санаж  байх ёстой юм.
Эдгээр гэрээнүүдээр Орос, Японы эрх ашиг сонирхлын бүс тодорхойлогдож, Манжуур өмнөд, умардад хуваагдаж өвөр ба ар монголыг дундуур нь салгасан юм. Хожим тэд энэ нөлөөллийн бүсээ булаалдсан. 1930-аад он болоход БНМАУ-ын нутаг дэвсгэр Зөвлөлт, Японы алс дорнод дахь хамгийн чухал геостратегийн газар нутаг болчихоод байв.  Коминтерий төлөөлөгч Б.Шмералийн хэлсэнээр, “газар нутаг нь хүн амаасаа илүү үнэтэй нутаг дэвсгэр”. Гашуун ч гэсэн энэ үг одоо хэр үнэ цэнээ алдаагүй байгаа шүү. Их гүрнүүд монгол хүнийг бус, тэдний амьдарч байгаа газар нутгийн баялагийг нь, бүс нутгийн стратегийн ач холбогдлыг л хайрладаг, үнэлдэг.
Тэднийгээ зарж, хуйвалдаж, тохирч, үндэсний эрх ашгаасаа урваж шарвах хүнийг хайн олж нөлөө нөөлөгтөө аван үйл хэргээ гүйцээх  зорилгодоо ашиглахыг хичээж байдаг. ЗХУ-ын хувьд Чойбалсан, Цэдэнбалаас авахуулаад элбэг олдож байсан даа. ХIX зууны хоёрдугаар хагаст үндэс нь тавигдаж Орос, Японы эрх ашгаар төлөөлөгдөн олон улсын сонирхлыг агуулсан монголын геополитикийн орчин ХХ зууны 30-40-өөд оны үед монголын олон мянган иргэдийн амь насыг хөнөөсөн үл үзэгдэх үхлийн аймшигт машин болж хувирсан юм.  Ж.Лхүмбэ чухамхүү үүнд л өртсөн.
Үйл явдлыг хэрхэн зохион байгуулсан бэ?
“Лхүмбийн хэрэг” гэгчийн тухай 1980-аад оны эцсээс эхлэн зүйл бүрийн таамаг дэвшүүлж  маш их бичсэн учир би энд гол үйл явдлыг жагсаах маягаар та бүхэнд эргэн сануулахыг хүсэв. Дахин хэлэхэд Лхүмбийн хэргийн учир шалтгаан, учиг үзүүр нь гадаад орчны нөлөө бөгөөд энэ нь нэгэнт батлагдсан зүйл болно.
- 1929 оны 11 дүгээр сарын 13-нд Хан Хэнтий аймгийн Онон хошууны Норовлин сумын 4-р багийн харьяат Шодой хочит Эрэнчиний хөвгүүн Дамдин өөрийн нутгийн цэрэг Цэрэнгийн Намжилын хамт (Улаанбаатар хот дахь  1 дүгээр тусгай морин дивизид алба хааж байхдаа) цэргээс оргожээ. Тэд тус бүрийн морь, винтов буу, 45 сумтай, сэлэм, цэргийн иж бүрэн хувцастай байжээ. Тэд шууд Манжуурт очжээ. Би үүнийг зохион байгуулалттай ажиллагаа гэж үздэг юм.
Оргосноос нь хойш 3 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 17-нд л ДХГ-ын албан тоот гарсан байдаг. Тэд ямар ч саадгүй явсаар хил давсан. Тэгвэл цэргээс оргогсод маш хурдан баригддаг байсан нь тэр үеийн баримтаас ил байдаг.  Энэ хороо нь нийт 1123 хүнтэй сэлэмт суман, пулемёт суман, штабаас бүрддэг томоохон хороо байжээ. Тэр үед жирийн цэргийн алба хаах хугацаа 1.6 сар, бага дарга 2 жил, тусгай мэргэжилтэй бол 3 жил алба хаадаг байв. Тэр 2 суурин тагнуулаар илгээгдсэн байж болох талтай.
- 1931 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Дадал сумын харъяат, эвлэлийн гишүүн, 19 настай Мархайн Цэвээнийг Лувсандорж гэдэг хүний хамт Цэргийн яамны гуравдугаар газрын даалгавраар Баргын Хайлаар чиглэлээр тагнуулчаар явуулжээ.
- М.Цэвээн Хайлаар орчим хүрч 1 сар шахам болоод ирэхдээ Хэнтийд ирж өөрийн төрсөн ах Хэнтийн 7-р дивизийн холбоо сумангийн дарга М.Шагдар, мөн ах Дадал сумын Галттай коммуны дарга М.Очирбат болон бусад хүмүүс, найз нөхөддөө тагнуулын ажлаар яваад ирсэн тухайгаа, Хайлаарт Шодойн Дамдинтай уулзсан, тэр нэгэн японы тогоо шанага барьж байна гэх мэтээр ам мэдэн буржээ. Үүнийг санаатай хийсэн ажиллагаа гэж үзэж болно.
- Энэ үеэс Ш.Дамдины тухай Хэнтий нутгаар ам дамжсан цуурхал яриа дэгдэж японы том даргын дэргэд байдаг гэнэ, 50 үсэрдэг буутай гэнэ, Хэнтийд ирээд буцдаг гэнэ гэх мэт яриа газар аван дэлгэрчээ. Энэ бол Хэнтийнхэн японы тагнуулын сүлжээнд хамрагдсан байж болзошгүй гэх нийгмийн сэтгэл зүй бүрэлдэх үндэс суурь нь болж өгчээ.
- М.Цэвээнийг Хайлаарт цэргийн 3 дугаар газрын тагнуулаар яваад ирснийг 1932 он хүртэл ДХГ мэдээгүй байв. Гэтэл Цэргийн яамны 3 дугаар газар гадаадад явуулсан тагнуулын ажлаа ДХГ-т тухай бүрт нь танилцуулж маш нягт холбоотой ажиллаж байсан нь архивын баримтанд тодорхой бий. Гэтэл М.Цэвээнийг л мэдээгүй байдаг.
- М.Цэвээн Улаанбаатарт ирээд МАХН-ын ТХ-ны тэргүүлэгч гишүүн, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга Ж.Лхүмбийг олж уулзан Манжуурт нууц ажлаар явсан тухайгаа бас ярьжээ. Яагаад НТХ-ны бусад нарийн бичгийн дарга нар болох Д.Лувсаншарав, Б.Элдэв-Очир нарт ярьсангүй вэ? Хэн түүнд Ж.Лхүмбэтэй л уулз гэсэн үүрэг өгөв? Санамсаргүй явдал яавч биш.
- 1932 оны 4 дүгээр сард Хөвсгөл аймгийн Рашаант сумаас эхлэн тухайн үеийн нам засгийн бодлогыг эсэргүүцсэн ардын бослого дэгдэж 6 дугаар сард дарагдав. Тэд Банчин богд Японы тусламжтайгаар Ардын засгийг устгаж шинэ монголын төр тогтоож шашин төрийг амаржуулна гэсэн уриа дэвшүүлж, хийж буй бослого тэмцэлээ Шамбалын ариун дайн гэж нэрлэв. Энэ бол монголчууд монголчуудынхаа эсрэг боссон XX зууны анхны бослого байв. Буруутан нь Коминтерн, тэднийг үг дуугүй аялдан дагасан МАХН, түүний засгийн газар байв.
- 1932 оны 6 дугаар сарын 29-30-нд МАХН-ын ТХ ба Хянан Байцаах Төв Комиссын хамтарсан онц 3 дугаар Бүгд хурал хуралдав. ХБТКомисс намынхаа удирдах дээд байгууллагатай ижил хэмжээнд яагаад хуралдав? Хэн үүнийг зохион байгуулав? Онц эрх нь хэнд байсан бэ? гэх мэт олон асуудал энд оршдог. Энэ хурал дээр анх удаа ЗХУ-ын чиг шугамыг МАХН-ын алдаа дутагдлыг шүүмжилсэн байдаг юм. Үүнийг одоо хүртэл гаргаж тавиагүй. Энэ хурлын бүрэн эмхтгэлийг бид 2013 оны 11 дүгээр сард гаргахаар эхийг бэлдээд байгаа. Дараа нь энэ бүгд хуралд үг хэлсэн бараг бүх хүн алуулсан. Миний тооцоогоор 4 хүн л амьд үлдсэн.
- 1932 оны 10 сараас эхлэн мөнөөх Шодойн Дамдин Монголд ирээд буцсан тухай мэдээг Хэнтий дэх Дотоодыг хамгаалах анги хурааж эхлэв.
- 1933 оны 1 дүгээр сарын 9-18-нд Улаанбаатар хотноо ДХГ-ын төв, орон нутгийн анги хэлтсийн дарга нар ба Зөвлөлтийн сургагч мэргэжилтний хамтарсан зөвлөлгөөн болов. Зорилго нь ЗХУ-аас Монголд ирсэн (дагаар орсон) буриад нарын дотор Японы гар хөл болсон баримт байж болох талаар хэлэлцжээ. Зөвлөлгөөнөөс “… ирэх хавар цагт эсэргүү нар дахин шинэ бослого гаргахыг оролдоно. Хятад, буриад, орос, түвэд нарын этгээдүүдээс гадна гадаад тагнуул, эсэргүү этгээдтэй холбоо хэлхээтэй байж магадгүй тул тэдгээрийг илрүүлэхийг бүх анги, хэлтэст даалгаж, эсэргүүцэн тагнах ажлыг сайжруул…” гэсэн даалгавар өгөв. Ирэх хавар бослого гарна, түүнд буриад, орос, бас гадаадынхан оролцох болно гэж яаж мэдэв?!
- 1933 оны 3 дугаар сард МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, МАХН-ын ТХ-ны тэргүүлэгч гишүүн Х.Чойбалсан нарыг ЗХУ-д эмчилгээнд явуулав. Шийдвэрийг нь МАХН-ын ТХ-ны Тэргүүлэгчдийн тогтоол гарган шийдвэрлэв. Тэртээ 1928 оны 11 дүгээр сарын 25-нд Коминтерны Улаанбаатар дахь төлөөлөгч нар хуралдаж Монголын удирдлагад хэнийг тавих тухай ярилцаж байхдаа “… Х.Чойбалсанг ЗХУ-д хагас жилээр эмчилбэл … бидний нөлөө хүчтэй болно шүү дээ…” гэцгээж байсныхаа дагуу түүнийг яг 6 сар эмчилгээнд илгээсэн юм. Тэр хоёр хожим хоёулаа Онцгой Бүрэн Эрхт Комисст ажиллаж олон мянган хүний нэрийн ард “буудах” гэж улаан харандаагаар мутарласан билээ.
- 1933 оны 1 дүгээр сард болсон дээрх зөвлөлгөөний үеэр Хэнтий дэх Дотоодыг хамгаалах ангийн бие бүрэлдэхүүнд өөрчлөлт хийв.
- 1933 оны эхээр ДХГ-ын тусгай нууц туршуулаар элссэн Манзушир хутагтын нэрээр хувьсгалын эсэргүү нууц байгууллага байгуулж, ардын засагтай тэмцэе гэсэн бичиг хийлгэж, Хэнтий аймгийн нөлөө бүхий хийдийн хутагт хувилгаадад явуулав. Хэнтийн Бэрээвэн хийдийн хувилгаан Номун хан Найдансүрэн тэр бичгийг нь аваад Хэнтийн Дотоодыг хамгаалах ангид шууд ирж, Манзушир ийм бичиг өгөв гэснээр энэ ажиллагаа нь нурав. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг биз дээ. Егүзэр хутагт ч ДХГ-ын нууц туршуулаар элссэн байв. Лам нараас эсэргүү бүлгэм илрүүлэх боломжгүй болов.
- 1917 онд эцэг эхээ дагаж Монголд орж ирсэн буриад Дамдин овогтой Данзан 1932 оны 3 сард ДХГ-ын Онон, Дадалыг хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогдон ирсэн бөгөөд Хэнтий Балж сумын харъяат эхнэр Дондогийн Балжмаагаа Улаанбаатар хотод багшийн сургуульд сурч байгаа учир түр орхиод ганц биеэр иржээ. Ирмэгцээ Дадалын хоршооны Идэш уушны дэлгүүрийн худалдагч 17 настай Жалсангийн Сэрэмжид гэгч охинд дурлажээ. Үүнийг арай зохион байгуулсан гэж хэлж болохгүй байх л даа. Хүний л амьдрал. Гэтэл Сэрэмжидийн эцэг, эх нь нутгийн буриад Санжийн Цэрэнгийн хүү Бадамтай сүй тависан байв. Гэлээ ч өнөөх Сэрэмжид нь Ж.Бавуудорж, Т.Юмдорж гэх мэт залуустай бас бие, сэтгэлийн холбоотой байж. Гэхдээ эдэн дотроосоо Дадал сумын харъяат буриад Банзрагчийн Раднаагийн хөвгүүн Цэвэгжавтай илүү ойр дотно байсан гэдэг. Р.Цэвэгжав 1932 онд 22 настай, Дотоодыг Хамгаалахын Д.Данзан 24 настай байсан байдаг. Дурлаж, дурлуулдаг л нас л даа.
- Ж.Сэрэмжид буу зэвсэг агссан, эрх мэдэл бүхий, онгироо ойворгон Д.Данзанд сэтгэл, өвөрөө нээсэнд Р.Цэвэгжав дургүйцэн түүнээс хөндийрчээ. Данзан өөрийн дүү Дуламжавыг Сэрэмжидтэй хамт тэр үеийн 6 айл суух нэгэн байшинд байр авч өгөн суурьшуулж, тэр ч бүү хэл Сэрэмжидийгээ Дотоодыг Хамгаалахын нууц ажилчин болгон элсүүлж авчээ. Гол даалгавар нь өрсөлдөгч Р.Цэвэгжавын тухай л мэдээ өгч бай гэсэн байдаг. Яг тэр үед нь Данзаны эхнэр Балжмаа хотоос ирж, гурвалжин, дөрвөлжин хэрүүл үүсэв. Ойворгон Данзан эхнэр Балжмаагаа зодож, нүдэж, айн сүрдүүлсээр төрхөмд нь буцаажээ.
1933 оны 10 сард Д.Данзан, Ж.Сэрэмжидтэй нийлэн суусан байдаг.
- Тэр үед Хоршооны Ерөнхий хорооны гишүүн бөгөөд дэлгүүрийн эрхлэгчээр мөнөөх Д.Данзангийн дүү Дуламжав, хоршооны даргаар Лувсан гэж хүн ажиллаж, Ж.Сэрэмжид худалдагч нь байв. Гэтэл тэд 1932 оны 5 сарын 3-нд муудалцаж, хоршооны мах муулдаг амбаарын түлхүүрийг хоорондоо шидэлцэж байгаад алга болгов. Тэгэхэд Хэнтийн сургууль, гуанз, бас цэргийн хэрэгцээнд нийлүүлсэн малын толгой шийр, гэдэс дотор өмхийрч мууджээ. 5 тэрэг гэдэс дотор, 5 тэрэг толгой шийр хаягдав. Төлөөлөгч Д.Данзан энэ бол хоршооны дарга асан Р.Цэвэгжавын буруугаас болов гэсэн яриа гаргаж. Үүнийг сонссон Р.Цэвэгжав уурлаж Данзанд,  - “Чи дүүгээ хэргээс мултлах гэж намайг ингэх ёсгүй” гэх мэтээр хэлж хоорондоо ихэд муудалцжээ.
- Р.Цэвэгжав өөрөө Данзангийн өмнө Дотоодыг хамгаалах ангийн дарга байсан Нороврэнчинд элсэгдсэн нууц туршуул нь байсан учир Данзангаас огт эмээдэггүй байв. Түүний бүхий л булхай худлыг нүүрэн дээр нь хэлдэг, хүний олиггүй амьтан гэж хүн олонд ярьж байж. Үнэхээр ч Д.Данзан нь Онон, Дадал даяар нүд үзүүрлэгдсэн олиггүй ойворгон нэгэн байв. Үүнд хорссон Данзан нууц туршуулуудынхаа бүх мэдээллийг Р.Цэвэгжавын үйл ажиллагаатай холбогдуулан авдаг болжээ. Энэ бол харин өнөөгийн хэлээр албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл мөн буй за. Өнөөдөр ч байхыг үгүйсгэхгүй. Нөгөө л түүхийн сургамж гээч нь яваад байна шүү дээ. Д.Данзан  Р.Цэвэгжавын талаар маш их мэдээ хурааж үйлдэл бүрийг нь хянах болсон байна.
Төвөөс ирсэн төлөөлөгчтэй хуйвалдан Р.Цэвэгжавыг намаас  ч хөөлгөв. Түүгээр ч үл барам түүнийг шүүхэд өгөв. Шүүх хэрэгссэнгүй. Төвөөс очсон намын хянан шалгахын төлөөлөгч Балчиндорж, Данзан нар тэндэхийн өөрийн хүмүүстэй нийлэн хэдэн өдөр архидсан тухай мэдээ өдгөө архивт хадгалагдаж байна.
Тэр үеийн Хэнтий хүмүүс Д.Данзанг Дотоодыг Хамгаалахын нэрээр бусдыг их айлган сүрдүүлдэг, өмнөх Норовринчин төлөөлөгч байхдаа ер тэгдэггүй сайн хүн байсан, “Данзангаас  бүх хүн айж байх юм, ямар муухай догшин ширүүн хүн бэ“ гэж ярьж байсан нь эдүгээ Тагнуулын Ерөнхий Газрын архивт мөн байна. Ийм л хүн ЗХУ-ын НКВД-д хэрэгтэй байж, тэд хүнээ ч үнэхээр олдог байж дээ.  Үүнээс үүдэн Ж.Лхүмбийн хэргийг эхнэр хүүхдийн маргаанаас үүдэлтэй хэмээн хүмүүс их төөрдөг юм. ….Хувийн өс хонзон байсан уу гэвэл байсан л байгаа юм. Гэхдээ энэ шалтгаан нь ч биш, шалтаг нь ч биш.
- Төлөөлөгч Д.Данзан “Р.Цэвэгжав, Ж.Дашдорж (Ж.Лхүмбийн хэрэгт хэлмэгдэн ЗХУ-д цөлөгдөн амьд гарч ирсэн цөөн хүний нэг. Хожим тэр тухайгаа ном бичсэн. 1993 онд өөд болсон.) нар Ш.Дамдинтай холбоотой, японы тагнуул” гэвэл мэдээ хурааж, 1933 оны 5-р сард баривчлав.  Тэгэхдээ мөн Цэрэнгийн Бадамыг холбогдуулсан бөгөөд энэ Бадам нь дээр хэлсэн Ж.Сэрэмжидийн сүй тавьсан залуу, бичиг үсгийн чадвар маш сайтай цаашид өсөн дэвших ирээдүй бүхий хүн байсан бөгөөд Р.Цэвэгжавын дотно найз байв. Нөгөө талаар Хэнтийн Дотоодыг Хамгаалах ангийн дарга Эрэнчин Д.Данзанг Ш.Дамдингийн ирээд буцсаныг мэдсэнгүй, харилцаа холбоог нь олсонгүй гэж байнга донгодон зэмлэж байсан нь Данзанг бусдыг гүтгэн гүжирдэх замыг нь шулуутган өгчээ. Тэр өөртөө дургүй бүхнийг, бараг бүгдийг нь Ш.Дамдинтай холбоотой хэмээн баривчилжээ.
- Хэнтийн Онон Дадалд баривчилгаа эхлэв. Хамгийн анх Ц.Бадам байцаагдав. Янз бүрээр байцаагдсаар Р.Цэвэгжавтай хувьсгалын эсэргүү ажлын талаар захидлаар харилцдаг байсан гэсэн мэдүүлэг гаргуулж авчээ. Дараа нь Шагдарын Галсанжамба (Жанжин штабын ажилтан)-ыг ДХГ-ын Тусгай хэлтсийн дарга Ч.Мандал 50 гаруй хоног байцааж тамласны эцэст 1933 оны 7-р сарын 26-нд “Хэнтийн Дотоодыг Хамгаалахын Нороврэнцэнд анх элссэн, дараа нь Р.Цэвэгжавт элсэгдсэн” гэсэн мэдүүлэг гаргуулж авчээ. Тэрээр хувьсгалын эсэргүү байгууллагын удирдах тэргүүлэх гишүүд нь Р.Цэвэгжав, Нороврэнчин, Ш.Дамдин, Т.Юмдорж гэх мэтээр арваад хүнийг нэрлэсэн байдаг. Энэ бол 1933 оны 7-р сарын 26-ны мэдүүлэг.
- 1933 оны 5 дугаар сарын 23-нд МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга бөгөөд МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга Ж.Лхүмбэ үйлдвэрчний эвлэлийн ажлаар гэнэт ганцхан өдрийн томилгоогоор Өндөрхаанд ирэв. Тэр Хэнтий аймгийн Намын Хорооны дарга Цэрэнгийнд хоноод буцав. Түүнтэй Хэнтийн Дотоодыг Хамгаалах ангийн дарга Эрэнцэн машинд нь сууж хамт Улаанбаатарт иржээ. Тэр бараг хэнтэй ч уулзсангүй, үнэндээ Хэнтийд яагаад  гэнэт томилогдсоноо ч мэдээгүй байдаг. Өөрийнх нь машин бэлэн биш, Б.Элдэв-Очирын машиныг гуйж унажээ.
- Дараахан нь Ж.Лхүмбэ Хэнтийд очоод Р.Цэвэгжавтай аймгийн төвийн хойхно нэгэн хашааны ард нууцаар уулзаж холбоо бариад шууд хот буцсан юм гэсэн яриаг Хэнтийн Дотоодыг Хамгаалахаас тараав.
- 1933 оны 5 дугаар сарын 24-нд Хэнтийн Дотоодыг Хамгаалах ангийн дарга Эрэнчин ДХГ-ын дарга, сургагч, Тусгай хэлтсийн дарга, сургагч нарт Р.Цэвэгжав нарын тухай танилцуулсанд ДХГ-аас сургагч Григорьевыг Хэнтийн Хамгаалах ангид сургагчаар хэлмэрч Давжаевын хамт түр томилж, бас Бадам, Цэвэгжав нарыг баривчлан мөрдөн байцаахыг Эрэнчин, Григорьев нарт даалгаж тусгай төлөөлөгч буюу туслах сургагч Церенов гэгч буриадыг энэ ажилд туслан гүйцэтгүүлэхээр томилов. Тэд 1933 оны 5 дугаар сарын 27-нд Өндөрхаанд иржээ.
- 1933 оны 7 дугаар сарын 19-нд ДХГ-ын дарга “яндан” хэмээх Д.Намсрай орлогч дарга “их” хэмээх Ч.Самдан, хэлтсийн дарга “хөх” хэмээх Б.Аюуш нар мөн газрын сургагч Григорьев, Семенов нарын хамт ирээд Ж.Лхүмбийг гэрээс нь баривчилжээ. Ж.Лхүмбэ тэр үед хадам эх Должин, эхнэр Норжмаа охин хүү нарын хамт амьдарч байсан бөгөөд өөрөө 31-хэн настай байв. Тэр одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харъяат, “ногоон” Лхүмбэ хочтой нэгэн аж.
- 1933 оны 7 дугаар сарын 27-нд ЗХУ-ын ОГПУ (Улс төрийн нэгдсэн удирдах газар)-ын Гадаад хэлтсээс эзэн И.Сталинд, “… Хэнтий аймагт гарсан хувьсгалын эсэргүү хуйвалдааны хэргээр шинэ (шинэ гэдгийг анхаарч байгаа биз) мэдүүлэг авлаа. Яллагдагч Цэвэгжав, Бадам, Мархаев нар Хэнтийн байгууллагад удирдамжийн захидал дамжуулахад МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Лхүмбийг зуучилсан гэж мэдүүлэв. Захидлыг Мархаев (Мархайн Цэвээн) бичиж Лхүмбээр дамжуулан Хэнтийн байгууллагын нэгэн толгойлогч Цэвэгжавт өгчээ.
Мархаев цааш мэдүүлэхдээ, Лхүмбэ бүр 1930 онд Монголын баруунтны үзэл суртлын профессор Жамцранотой (Ленинградад байгаа) хамт япончуудад захидал бичиж байсан гэжээ. Охтины (Монгол дахь ЗХУ-ын Бүрэн эрхт төлөөлөгч) зөвлөснөөр ДХГ-ын зөвлөх нь ДХГ-ын нэрийн өмнөөс Лхүмбийг баривчлахыг тус газрын дарга Д.Намсрайд зааварласан байна. Гэндэн ба Төв Хорооны хоёр нарийн бичгийн дарга болон Цэргийн яамны шийдвэрээр Лхүмбийг баривчилсан болно. Лхүмбийг байцааж эхэллээ….” гэж илтгэсэн байна.
- 1933 оны 7 сарын 22-нд Ж.Лхүмбээс эхний байцаалт авч ДХГ-ын дарга Д.Намсрай 62 асуулт асууж байцаасан байдаг. Түүнийг ЗХУ-д 5 сар, Монголд 6 сар тамлан байцааж, 1934 оны 6 дугаар сарын 25-нд ДХГ-ын дэргэдэх Тусгай Комиссын 6 дугаар хурлаар 33 хүний хамт буудан алах ялаар яллаж, амийг нь хороосон юм.
- Тэр тамлуулж тамлуулж 1933 оны 12 дугаар сарын 19-нд ЗХУ-аас монголын хил дээр ирэхдээ ДХГ-ын тасгийн дарга Ш.Самданд, “… Би тийшээ (ЗХУ-д) явахдаа ёстой нэг нарийн шалгаж үнэн мөнийг олоод өгөх байх гэж бодсон юмсан. Гэтэл тэгсэнгүй. Амь насны тухай одоо ярих юм байхгүй, өнгөрсөн шүү дээ. Зөвхөн хар амиа бодвол болох л байлаа.
Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яах вэ? Ганц толгойгоогоороо дүүрье гэж бодлоо. Би бүр шийдчихээд байна. Улсдаа зүтгэж яваад хайран залуу насаа алдах боллоо. Би их азгүй хүн юм” гэсэн байдаг. Ингэх хүн одоо хэр бий болов уу. Мартаж болохгүйн учир энд л байгаа юм. Лхүмбийг, түүний хүн чанарыг, зориг тэвчээрийг, бусдыг хайрлах их хайрыг, эх орноо гэсэн агуу их сэтгэлийг.
“Ж.Лхүмбийн хэрэг” гэгчийн сургамж үүнд л оршино.
Д.Өлзийбаатар. Түүхч.

URL:

Сэтгэгдэл бичих