Д.Ганбат:Засгийн газрын гишүүд амласан шигээ ажилласангүй

8-26-2Д.БОЛОРМАА

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-аас ээлжит бус чуулган зарлаж гадны хөрөнгө оруулалт багассан, эдийн засаг хүндэрсэн гэх асуудлыг шийдэхээр болсон. Таны хувьд өнөөгийн нийгэм, эдийн засагт ямар дүгнэлт өгч байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт саарч байгаа нь харамсалтай явдал. Хөрөнгө оруулалтыг татах ёстой хүмүүс нь ажлаа хийхгүй байна. Бид гадаадын хөрөнгө оруулагчдыг ийм, тийм гэж шүүмжилж ярихаасаа өмнө өөрсдийгөө ярих ёстой. Ер нь хөрөнгө оруулах гээд ирж байгаа нь их юм. Дэлхийн олон улс өндөр хөгжилтэй орнуудыг хөрөнгө оруулаач, хамтарч ажиллая гэж урьдаг. Ийм байтал хөрөнгө оруулах гээд ирчихсэн байгааг нь элдвээр гоочилж суух нь шударга ёсонд нийцэхгүй.  Хүний хөрөнгийг авчихаад ямар нэгэн шалтгаанаар үр ашиггүй байдлаар баталгаагүй байлгаж болохгүй. Хамгийн гол нь гадны хүнийг муулахаас илүү ажил хийдэггүй өөрсдийнхөө тухай яримаар байна.

-“Оюутолгой” тойрсон асуудал энэ намрын  халуун сэдэв болж байна. Далд уурхайг ашиглахын тулд хөрөнгө оруулах нь зөв, буруу гэж?

-Анх ямар гэрээ хийсэн түүнийгээ биелүүлээд явах нь зөв. Гэрээний явцын байдалд цаг хугацаа болоод зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзвэл хоёр талаас суугаад  ярилцах нь зүйтэй. Аль алинд ашигтай хувилбараар гарцыг нь шийдэх ёстой. Нөгөө талаар эдийн засгийн үр нөлөөгөө өгөх болоогүй байхад нь сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Монгол ардын үг хүртэл бий шүү дээ. Үнээ нь тугаллаж сааль сүүгээ өгөх болоогүй байхад алаад идчихэж болохгүй гэж. Ийм байтал юу, юугүй шуурхайлж, эх орон оронч болж харагдахын тулд асуудалд хөнгөн  хандаж болохгүй. Эцсийн дүнд үүнийх нь  өр төлөөсийг ард түмэн л төлдөг байхгүй юу.  Ард түмний идэж, уух багасна, бүсээ чангалах хэрэг гарна.

-Зарим гишүүн “Рио Тинто”-гийн шаардлагыг хүлээж авах юм бол монголчууд их хэмжээний өрөнд орно гэж байгаа шүү дээ?

-Шахалтыг хүлээж авах гэхээс илүү гэрээ ямар байсныг бодох ёстой. Манай улсын хувьд гэрээгээ байнга өөрчлөхийг хүсдэг. Мэдээж гэрээгээ  сайн тал руу нь оруулах нь зөв. Үүний тулд гэрээг хэн хийв, түүнд хариуцлага тооцох ёстой гэж хэлээд байгаа юм шүү дээ, би. “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ” гэдэгчлэн бид гадны нөхдийг гоочлохоос өмнө өөрсдийн хүнээ ярих ёстой юм. Хэн гэдэг хүн гэрээ хийв гэж. Энэ гэрээ Монголын ард түмэнд ашигтай байх ёстой. Нөгөө талаас сүү саалиа өгөөгүй байхад нь буюу алтаар өндөглөх тахиагаа яарч сандраад алаад идчихэж болохгүй.

-Та УИХ-ын Хүний эрхийн дэд хороог тэргүүлдэг. Хүний эрхийн тэргүүлэгчийн хувиар 2000 ажилтнаа халсан асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ?

- 2000 хүнийг ажлаас халсан тухай бол дуулсан. Мэдээж энэ 2000 хүн боломжийн цалинтай байж таарна. Бас тэдний ард олон хүний амьдрал байж таарна. Хар ухаанаар бодоход залуу хүмүүс байж таарна. Зах зээлд ороод удаагүй байгаа залуус гэдэг утгаараа хуримтлал байхгүй банкны зээлтэй байж таарна. Иймээс “Оюутолгой” компаниас асуудлыг ойлгож нааштай талаас шийднэ гэдэгт итгэж байна. Монголын хууль, журамд юу гэж заасан байна түүгээр л явах ёстой.

-Нэр бүхий гишүүд Хүний эрхийн дэд хороог байнгын хороо болгох хуулийн төсөл боловсруулсан. Дэд хороо биш байнгын хороо байх шаардлага бий биз?

-Сүүлийн нэг жилийн дотор хүний эрхийг өндөр төвшинд ярьдаг боллоо. Энэ хугацаанд  хүний эрхийн төлөөлөгч нарыг бүх аймагт бий болгож чадлаа. Орон нутагт хүний эрхийн талаар зөвөлгөө өгдөг, хүний эрхийн төлөө ажилладаг хүмүүстэй болно гэсэн үг. Тэгээд ч  манай улс хүний эрхийн байнгын хороотой болно гээд НҮБ-д амлалт  өгсөн байдаг. Амлалтаа бодсон ч, өнөөгийн нийгэм дэх хүний эрхийн зөрчлийг бодсон ч байнгын хороо болгох ёстой. Хүний эрх бол өдөр болгон ярьж хэлж, тэмцэж байх зүйл. Түүнээс биш хэдэн нөхөр шоу хийгээд явах салбар биш.

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын нэг жилийн ой болсон. Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажилд ямар дүгнэлт, үнэлгээ өгч байна?

-Зуны улирал дуусч байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, хийж бүтээх ёстой цаг хугацаа дуусч байна гэсэн үг. Анх Засгийн газар байгуулагдаад сайд болж байхдаа “Бид амрахгүй. Өдөр, шөнөгүй ажиллана. Гадаад явахгүй” гээд ам мөчгөө өгч байсныг хэн хүнгүй санаж байгаа байх. Тэгсэн чинь ид ажлын улиралд банк дампуурч, валют чангарч, эдийн засаг хүнд байдалд орчихоод байхад бөөнөөрөө нэгэн зэрэг амарсан нь утгагүй. Ажилласан байдлыг нь дүгнээд үзэх юм бол бас өөрсдийнх нь ярьж байсан шиг байж чадсангүй. Удахгүй намар дуусч өвөл болно. Засгийн газрын гишүүд Монголын ард түмэнтэй гэрээ хийгээд ажиллаж байгаа хүмүүс. Өөрсдөө хийж бүтээнэ гээд намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа хүмүүс. Тэдний ажилласан байдлыг юугаар дүгнэх вэ гэхээр ард түмний амьдралаар дүгнэнэ. Хийж байгаа бүтээн босголт, ажлын байр нэмэгдүүлсэн зэргээр нь харах ёстой.

-Та хаврын чуулганы хуралдаанаар “Алтангадас” фракцийнхан хамаг албан тушаалыг хамчихлаа гэж байсан. Энэ фракцийг ганхаж байна, Ерөнхий сайд албан тушаалаа өгөх нь гэсэн “бор шувуу” гарах боллоо?

-“Бор шувуу”-гэдгийг чинь сонсоогүй юм байна. Улс төрийн тогтворгүй байдал Монголын ард түмэнд хэрэгтэй зүйл биш. Алдаа гаргасан  нөхөд байвал хариуцлагын тухай ярих  ёстой. Түүнээс Засгийн газрыг бүхэлд нь өөрчлөх  дээрээ тулна гэж бодохгүй байна. Мэдээж хэрэг хүмүүс алддаг. Гагцхүү тэр алдаагаа засах боломжийг нь  олгох ёстой. Одоо дөнгөж ажиллаад нэг жил болж байгаа учраас цаашид ажиллах боломж бий гэж харж байна. Гэхдээ монголчуудыг ийм байдалд оруулсан, хүсч хүлээсэн үр дүн гараагүй гэдэг утгаараа  хариуцлага хүлээж таарна. УИХ нь ч хариуцлага тооцох ёстой. Тэгэхгүйгээр юу ч болоогүй юм шиг, ард түмнийг үл тоомсорлосон байж таарахгүй. Өнөөдөр төрийн албан хаагчид баялаг бүтээдэг болмоор байна. Энэ олон яамны хэрэг байна уу, үгүй юу.  16 яам байна гэдэг дэндүү данхар бүтэц юм шүү дээ.

-Удахгүй болох чуулганаар хариуцлага тооцохыг сануулах уу?

-Мэдээж Засгийн газрын гишүүдэд ажил төрөл чинь ямар төвшинд байна гэж асуулга тавина. Миний үүрэг тэр шүү дээ.

-Чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулав. Тойрогтоо ажиллав уу?

-Амрах, ажиллахыг хослууллаа. Хажуугаар нь хуулийн төсөл болон зарим яамдын үйл ажиллагааг шалгалаа. Нутгийнхаа иргэдийн хэлж ярьсан захиасыг биелүүлэх санаатай хөрөнгө оруулалт хөөцөлдөх  гээд энэ зун завгүй өнгөрлөө.

-Баянхонгор аймаг нийслэлтэй хатуу ху­чилттай замаар холбогдож байгаа. Дэд бүтэц дагаад хөгжил дэвшил ойрхон болох байх?

- Баянхонгор аймагт ардчилал эхнээсээ дуустал эхэлсэн газар. Бүх шатандаа ардчилал өрнөсөн гэхэд болно. Тэр ч утгаараа нэг жилийн хугацаанд чамлалтгүй ажил өрнөлөө. Ирэх сард хоёр шинэ сум ашиглалтад орно. Энэ нь нийслэл рүү чиглэсэн их нүүдлийг таслан зогсоож хөдөө ажиллаж амьдарч болдог гэдгийг харуулах зорилготой.  Ер нь хөдөө орон нутаг тэр дундаа суман дээр сүүлийн 40 жилийн туршид төр, засгийн бодлогоос хаягдсан юм. Тиймээс өргөн уудам нутаг маань эзгүйрч байгаа учраас улсаас төсөв мөнгийг нь гаргаад хоёр шинэ сумынхаа бүтээн байгуулалтын бүхий л ажлыг нь хийж байна. Хоёр сум байгуулах ажилд нутгийн иргэд ч гэсэн өөрийн чадах хэмжээндээ тусаллаа. Махтай нь махаа өгч, сүүтэй нь сүүгээ өгч, уран дархан нь байшин барилгыг барьж өглөө. Манай  аймаг энэ сарын 28-нд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоно. Нөгөө талаар манай аймгийн гурван сум цахилгаанд холбогдоогүй ч энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд холбогдчих байх. Мөн энэ зун  аймгийн төв цэвэр усны системтэй холбогдлоо гээд бүтээн байгуулалтын ажлууд өрнөлөө.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих