Мөнгөний бодлогыг ”орчуулъя”

Их” эдийн засагт ч, эгэл бидний амьдралд мөнгө маш чухал. Түрүүвчинд багтахгүй шахам сагсайх ч амьдралын наад захын хэрэгцээг хангахгүй чанар муутай нь биш, ханш сайтай мөнгийг хэлээд байгаа юм. Өнөөдөр хоёр шүдэнз худалдаж авдаг байсан мөнгө маргааш гурван шүдэнзний үнэ дийлэхээ байчихвал, хэчнээн их цаасан мөнгө сагсайлгаж, цалин тэтгэвэр нэмээд ч ямар хэрэг байх сан билээ. Тэгэхээр хэдэн төгрөгтэй байх нь бус түүгээр юу худалдаж авч, юу хийж болохоор нь хэмжиж “чухал” мөнгө гэж тодорхойлж болохоор. Эдийн засгийн хэллэгээр бол инфляци л даа. Харин мөнгийг чухал хэвээр байлгах үүрэг Монголбанкинд ногдож байдаг. Тэр үүргээ биелүүлэхийн тулд төв банк жил бүр  “Мөнгөний бодлого”-ыг боловсруулан УИХ-аар батлуулдаг. Чухамдаа бол инфляцийг тогтвортой бага төвшинд байлгаж, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах бодлогыг ийн нэрлээд байгаа хэрэг л дээ. Маш энгийнээр хэлбэл монгол хүн бүрийн чинээлэг аж амьд­ралын төлөөх бодлого ч гэж хэлж болох юм.

Гэвч нэрнээсээ эхлээд доторх үг хэллэг нь хүртэл хууль тогтоомжийн шинжтэй, давуутайхан хэлбэл монгол хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэн ойлгохоор албаны өнгө аястай байдгаас “Мөнгөний бодлого”-ыг хүмүүс сонирхох нь үгүй. Сонирховч ойлгоход хэцүү. Зөвхөн мэргэжлийн хүмүүсийн асуудал мэт ойлгох нь ч бий. Уг нь уг бодлогыг “Мөнгө зээлийн бодлого” гэж нэрлэвэл илүү зохимжтой гэж зарим эдийн засагч үздэг. Учир нь мөнгөний бодлогын нэг салшгүй хэсэг нь зээл юм. Өнөөдөр манайд зээлийн бодлого хэр оновчтой байна вэ гэдгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал тун энгийн үгээр тайлбарлаж байлаа. Улсын хэмжээнд 18  тэрбум төгрөгийн зээлийн эрэлт хэрэгцээ байна гэсэн судалгаа гарчээ. Гэтэл арилжааны банкууд зээл олголтдоо тун хянуур хандаж, багахан хэмжээний зээлийг барьцаа хөрөнгөтэйд нь өгөөд бусад мөнгөө Монголбанкинд байршуулчихаад хав дарах болсон нь зээлийн бодлого буруу байгаагийн шинж ажээ. Түүнчлэн зээлийн аль амттай буюу урт хугацаатай, бага хүүтэй, өгөөж сайтай хэсгийг гадныхан авчихдаг нь нууц биш. Дунд зэрэглэлийн зээл нь Монголын томоохон аж ахуйн нэгжүүдэд  очдог бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн доод зэрэглэлийн “амт муутай” зээл л хүрч байна гэдгийг эрхэм түшээ өгүүлсэн.

Мөнгөний бодлого нь урт хугацааны эдийн засгийн өсөлтөд дан ганц үнийн тогтвортой байдлаар л  хувь нэмрээ оруулахаас биш өөр ямар ч аргаар нөлөөлж чадахгүй гэж Монголбанкны Мөнгөний бодлого судалгааны газрын захирал Д.Болдбаатар өнгөрсөн мягмар гаригт Төрийн ордны “Иргэний танхим”-д болсон хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлдээ дурдсан юм. Дээр өгүүлсэнчлэн монгол хүн бүрийг чинээлэг амьдруулна гэхээр хамгийн түрүүн цалин хөлсний нэмэгдэл санаанд буудаг. Гэвч бодит цалингийн өсөлт нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хүмүүсийн худалдан авах чадварыг сайжруулдаг ч үйлдвэрлэгчдэд зардлын дарамт учруулдаг сөрөг талтайн дээр инфляцид шууд нөлөөлж байдаг.Мөнгөний бодлогын үр дүнг инфляцаар тодорхойлж болдог. Гэтэл манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай, нэг улсаас хараат шахам байгаа, дээр нь гадаад эдийн засгийн “шок”-д өртөмтгий зэрэг нь мөнгөний бодлогыг тогтвортой барихад саад болдог ажээ.

Гэтэл Монголбанкнаас мөнгөний бодлогыг дунд болон богино хугацаагаар тодорхойлж, инфляцийг нэг оронтой тоонд барихаар зорьж байгаа гэсэн танилцуулга нь  зарим эдийн засагчдын дургүйг хүргэж орхисон юм. Учир нь дунд болон богино хугацаа гэдэгт хэдий хэр хугацааг багтааж байгаа нь тодорхойгүйн дээр 1-9 хүртэлх цифрийн алинаар нь инфляцийг барих гэж байгаагаа ил тод шулуун хэлэх учиртай гэсэн хурц шүүмжлэлийг эдийн засагч Н.Дашзэвэг хэлж байлаа. Хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагчид Мөнгөний бодлого нь төсвийн бодлоготой уялдахгүй байгааг онцгойлон шүүмжилж байсан. Энэ мэтчилэн эдийн засагчид өөрсдийнхөө ойлгодог “хэллэг”-ээр мэтгэлцэж л байна. Өмнө нь ч мэтгэлцэж байсан. Уг нь мөнгөний бодлогыг хүмүүст л зориулж гаргаж байгаагаас хойш амьдралд хэрхэн “бууж”, ямар нөлөө үзүүлж байгаагаар нь дүгнэхсэн. Үгүй ядахдаа хүмүүст ойлгомжтой байдаг болоосой, энэ мөнгөний бодлого…

Д.Цээнэ


URL:

Tags: