Л.Болд Монгол, Ойтагийн чуулга уулзалтад оролцлоо
Гадаад Харилцааны сайд Л.Болд 8 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол, Ойтагийн найрамдал, хамтын ажиллагааны чуулга уулзалтанд оролцлоо.
Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Монгол Улсаас Япон Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар болон манай улсад айлчилж байгаа Япон улсын Ойта мужийн Захирагч К.Хиросэ, Япон улсын ИТХ-ын дарга Х.Кондо тэргүүтэй 20 гаруй төлөөлөгч оролцов.
Монгол Улстай 1985 оноос харилцаж, 2002 оноос “Нэг суурин, нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг манай оронд өрнүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн Японы Ойта мужид Гадаад харилцааны сайд Л.Болд өнгөрөгч 7 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд ажилласан юм.
Тэрбээр мөн Ойта мужийн Захирагч К.Хиросэ болон ИТХ-ын дарга, “Ойта, Монголын харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Х.Кондо, Ойта-Баянхонгорын нийгэмлэгийн дарга Х.Камэяма нартай уулзан харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож байсан юм.
Тухайлбал “Ойта брэнд” хөдөлгөөний туршлагыг Монголд дэлгэрүүлэх, тус мужид суралцаж буй монгол оюутны тоог нэмэгдүүлэх, рашаан усны ундрагыг хамгаалах, газрын гүний эрчим хүчний судалгааг Монголд хийх, аялал жуучлал хөгжүүлэх зэрэг асуудлуудыг ярилцан тохиролцсон нь хоёр талын шууд харилцааг хөгжүүлэх шинэ шатанд гаргасан уулзалт болсон юм.
URL: