Л.Пүрэвбаатар: Төмөр замыг зангидах судас нь цохилохгүй байна

664be75b644ecc81d18302191c24c94c_L“Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Л.Пүрэвбаатартай уулзаж ярилцлаа.

-Төмөр замыг тойрсон олон асуудлыг өнөөдөр хөндөж байна. Хөгжлөө тодорхойлоогүйгээс болж олон улсын төмөр замын сүлжээнээс хоцрох нь гэдэгт тогтож ярилаа. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Манай улс төмөр замын хөгжлөө тодорхойлж чадахгүй бол Казахстан болон Алс дорнодоор тойрох төмөр замын гарц, тойруу замууд улам хөгжинө. Европ, Ази хуурай газрын тээврийн гол замууд бий болчихоод байна. Үүнээс хоцорчихоод байгаа нь хамгийн гол асуудал юм. Казахстаныг тойроод хоёр том чиглэл буюу олон улсын зам бий болох нь. Мөн манай улсын зүүн талаар гурван том төмөр замыг барихаар ярьж байна. Тиймээс бид төмөр замын асуудалд маш хурдтай явахгүй бол олон улсаас хоцрох гээд байна.

-Манай улсын хувьд төмөр зам байгуулах байрлалын хувьд давуу талтай гэдгээрээ онцлогтой. Давуу талаа ашиглан, сул талаа давуу тал болгох нь логистикийн салбарт чухал юм. Бидэнд давуу талаа ашиглахад юу тээг болоод байна вэ?

-Манай улс бол хамгийн дөт бөгөөд БНХАУ-ын төв хэсэг рүү шууд орох байршилд оршдогоороо давуу юм. Үүнийгээ бид тооцоолж зөв бодлого боловсруулах цаг үед ирээд байна.

-Хоёр хөршөөс үүдэн нарийн, өргөн царигийн асуудлаар төрийн түшээд хоёр хуваагдаж шийдэлд хүрэхгүй байсан нь төмөр замын хөгжлийг тушихад гол нөлөө үзүүлсэн гэдэг. Энэ удаагийн хурлаар төрийн бодлого үгүйлэгдэж буйг бүх оролцогсод онцолж  байна?

-Хоёр хөршийн хувьд манай улсын татварын бодлого, дамжин өнгөрөх хураамж, тээврийн дэд бүтцийн хүчин чадал сул байх юм бол мэдээж биднээс хамаарахгүйгээр  өөрийнхөө асуудлыг дор нь  шийднэ. Хөгжлийн төдийгүй улс төрийн шийдвэрээ маш хурдан оновчтой шийддэг хоёр улсын дунд байгаа гэдгээ бид цаг ямагт санах учиртай. Тиймээс төрийн бодлогыг яаралтай тодорхойлж, хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай. Өнөөдөр наад зах нь төмөр зам барих асуудлыг хэрэгжүүлэх агентлаг алга. Монголын төмөр зам төрийн өмчит компани бол төсөл хэрэгжүүлэгч байгууллага. Харин Улаанбаатар төмөр зам нь ашиг орлогын төлөө явж буй хувь нийлүүлсэн нийгэмлэг. Тэгэхээр төмөр замын асуудлыг зангидах судас нь цохилохгүй байна. Нэг талдаа хий орон зай гарчихаад байгаа учраас төрийн бодлого хэрэгжихгүй байгаа юм.

-Эдийн засгийн лугших судасны нэг нь төмөр зам юм. Тэгэхээр Монгол Улс логистикийн салбараар олон улсын тоглогч болох боломж хэр байгаа вэ?

-Төмөр замын асуудал ажил хэрэг болж урагшлахгүй  байгаа нь уул уурхайн хөгжлийг тушиж байгаа нь үнэн. Энэ нь манай улсын бүс нутаг дахь байр суурийг сулруулж байна гэсэн үг. Үүнээс болоод БНХАУ, ОХУ-ын хоорондын эдийн засгийн үйл ажиллагаа зөвхөн энэ хоёр улсын хоорондын худалдаа, тээврийн харилцааны хүрээнд хийгдэх болсон. Хэрэв манай улс үүнд оролцож эхэлбэл олон улсын хэмжээнд очиж, статус нэг шатаар ахина. Өөрөөр хэлбэл дэлхийн худалдааны байгууллагын стандартаар худалдаа явагдаж эхэлнэ гэсэн үг юм. Наад зах нь үйлчилгээний үнэ тарифыг олон улсын стандартад хүргэнэ. Жишээ нь хоёр улсын хооронд нефьт зөөх тохиолдолд тухайн улсууд өөрсдөө тохиролцдог бол гурав дахь улс харилцаанд оролцоод эхэлбэл олон улсын биржийн үнээр явах юм. Хэрэв үнэхээр манай улс олон улсын тоглогч болохыг хүсвэл үүнийг олж харан асуудлыг шуурхай шийдэх ёстой.

-Өнөөдөр төмөр замын өргөн, нарийн царигаас болоод уул уурхайн тээвэрлэлт гацчихаад байгаа. Өөрөөр хэлбэл уул уурхайн хөгжилд төмөр зам тушаа болж байна гэсэн үг. Энэ чөдрийг  яаж тайлах вэ?

-Монгол Улсад ажиллаж, мэргэжил эзэмшсэн 20 мянга гаруй төмөр замын мэргэжилтэй инженер, эрдэмтэн судлаачид байна. Төмөр замыг өргөн, нарийн царигаар хослуулж бариад, цахилгаанжуулах, хурдны болгох гээд олон талын хувилбар бий. Гэтэл олон улсын өмнө хүлээсэн үүрэг гэж байгаа. Үүнтэй бид хөл нийлүүлэх ёстой. Манай хоёр хөршийн төмөр замын нэг нь өргөн, нөгөө нь нарийн царигтай. Тэд бидний оролцоогүйгээр асуудлыг шийдэж чадахгүй. Өөрсдийнхөө хил дээр шилжүүлэн ачих замаар асуудлыг шийдэж байна. Тухайн хилийн бүсэд, шахалдсан газар шилжүүлэх технологийг хэрэгжүүлнэ гэдэг үнэхээр хэцүү. Харин манай улс уудам, өргөн газар нутагтай гэдгээрээ тэднээс ялгаатай. Өргөн царигаар ирсэн ачаа барааг Монголд ямар ч агуулах, сав, талбайд буулгаад хадгалаад  байж болно. Тиймээс манайх төмөр замын логистик, ашиглалтын үйл ажиллагааг хослуулан, холимог хэлбэрээр явуулдаг техник, технологитой улс орон болох ёстой. Манай хил дээр болон нутгийн гүнд байгаа ачаа тээврийн терминалууд өргөн царигаар ороод ирэхээр нь ачааг буулгачихдаг. Нарийнаар орж ирэхэд шууд зэрэгцүүлэн ачих  хосолсон чадал бүхий өндөр технологийг бий болгох нь чухал. Дээр нь автомашинаар ч ачаа ирдэг. Энэ бүх зүйлийг тал бүрээс нь тооцоолж, төмөр зам, авто зам гэж дангаар нь бус логистиктой холбон ярих хэрэгтэй.

-Таныхаар төмөр замын ажлыг хаанаас нь эхэлбэл ашигтай вэ?

-Үр дүнд хүрэхийн тулд асуудлыг аль өнцгөөс эхэлж барих вэ гэдгээ сонгох нь чухал. Ямар ч ажлыг эхлэхдээ үр ашиг өгөх зүйлд хөрөнгө оруулдаг. Тиймээс хамгийн түрүүнд төмөр замаа урагшаа буюу “Ганц мод” руу барьж “Тавантолгой”-н нүүрсээ гаргаад ашиг  олох ёстой. Нүүрсээ зах зээлд нь байрлуулъя л даа. Дараа нь олон улсын зах зээлд гаргахын тулд зүүн тийшээ буюу “Айраг”, Сайншанд руу автозам, төмөр замаа барьж, гол замтайгаа холбох хэрэгтэй. Ингэснээр төмөр замаар хойшоо, урагшаа жаахан ч гэсэн нүүрс гарах бололцоо бүрдэнэ. Харин уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэний дараа Чойбалсан, Нөмрөг рүү төмөр замаа оруулах хэрэгтэй. Ингэж үр ашигтайгаар төсөл хэрэгжүүлснээр бид үр дүнд хүрнэ. Төмөр замын төслийг хэрэгжүүлж чадахгүй байгаа гол учиг нь зөв шийдэлд хүрэхгүй байгаатай холбоотой.

-УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр ахлуулсан дамжин өнгөрөх тээвэр, логистикийн бодлого тодорхойлох ажлын хэсэг байгуулагджээ. Энэ ажлын хэсэг төмөр замын ажлыг нэлээн урагшлуулах болов уу гэсэн горьдлого төрүүлэхээр байна?

-Эл ажлын хэсэг дөнгөж байгуулагдаад байгаа. УИХ-ын намрын ээлжит чуулганаар төмөр замын  бодлогыг тодорхойлж, цэгцлэх байх гэдэгт найдаж байна. Монгол Улсаар дамжин өнгөрөх хий, нефьтийн хоолой, холбоо, цахилгааны шугам, автозамын трассуудыг нэгтгэн төрийн бодлого болгох хэрэгтэй. Энэ асуудлыг ажлын хэсэг хариуцахаа мэдэгдсэн.

-“Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаас ямар үр дүн гарах вэ?

-Монгол Улсын эзлэх гэж буй геополитикийн асуудал, эрт дээрээс монголчууд томоохон улс төрийн байр суурьтай байж,  торгоны зам, дэлхийн даяарчлалын том тодорхойлогч нь байсан. Бидний зохион байгуулж буй эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь төмөр замын асуудлыг үндэслэлтэй, суурь судалгаатай хийх, төрийн бодлогод онол, практикийн болон бодит нөхцөл байдлыг тусгаж, аль чиглэлд эргэн харах вэ гэдгийг тодорхойлох юм. Дараа жилээс  бага хурлыг өргөжүүлж олон улсын хэмжээнд хүргэхээр төлөвлөж байна. Түүнчлэн 2015 онд Кембриджийн их сургууль дээр Монгол Улс төмөр замынхаа асуудлыг хөгжүүлэхдээ хэр шинжлэх ухааны үндэслэлтэй хандсан тухайгаа хамгаална.

Б.Заяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих