МУИС-ийн монопольд цэг тавья
Хичээлийн шинэ жил хаяанд ирсэн энэ үед их, дээд сургуулийн захирлуудын сонгон шалгаруулалт, сургалтын төлбөр, сурагчийн дүрэмт хувцас, сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэл гээд цаг алдалгүй шийдвэрлэх асуудал олон байна.
Үүний дундаас эцэг эхчүүдийн нуруун дээр хамгийн их ачаа болж очдог нэг асуудал нь сургалтын төлбөр. Манайхан алив зүйлийг хэзээд цагийг нь тулгаж хийдэг муу зуршилтай. Гэвч энэ муу зуршлыг өөрт ашигтайгаар эргүүлж чаддаг сүйхээтэй нөхдүүд бас байна.
Гэхдээ ийм хүмүүсийг сүйхээтэй гэхээсээ илүү муу арга зальтай гэж хэлбэл зохино. Энэ муу жишээний эздээр МУИС-ийг нэрлэж болохоор байна. Юу юугүй хичээл эхлэх гэж буй энэ үед тэд сая нэг сургалтын төлбөрийнхөө асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
Сургуулиуд жил бүр л ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлж төлбөрөө тодорхой хувиар нэмдэг. Тэдний дунд сургалтын төлбөрөө хамгийн их хувиар нэмсэн сургуулийн тоонд МУИС зүй ёсоор багтдаг. Харин тэд энэ жил сургалтын төлбөрөө хэдэн хуваарь нэмэх эсэх талаараа хуралдахдаа санаанд багтамгүй шийд гаргаж сургалтын төлбөрөө шууд 100 хувь нэмэх гэж байлаа.
Энэ бол ёстой л амьдралаас тасарсан шийдвэр. Тэд дээд боловсролын салбарт монополь гэдгээ батлах гэв үү эсвэл энэ сургуулийн Удирдах зөвлөл гэж олонхийн амьдралаас тийм дээгүүр нөхдүүд байна уу.
Нэг сая 500 мянган төгрөгийн төлбөр төлдөг байсан хүүхэд нь шууд гурван саяыг төлөхөөр болсон тэр цагт дундаж олонхи нь амьжиргааны баталгаажих төвшнөөс дөнгөж дээгүүр орлоготой иргэдэд ямар хүндээр тусах нь ойлгомжтой.
Гэтэл тэд үүнийг ч бодолцож үзэлгүй ийм санал гаргаж, олонхиороо дэмжсэн нь гайхалтай. Хэдийгээр эцсийн хариу гараагүй байгаа ч тэр өндрөөс буусан тоо хэчнээхэн л багасав гэж дээ. Навс уналаа гэхэд л 50 хувиас хэтрэхгүй нь ойлгомжтой.
Гэтэл энэ өндөр төлбөрийн цаана үүнтэйгээ дүйцэх өндөр хэмжээний сургалт байна уу гэвэл асуудалтай. Үнэндээ улсын ууган сургууль гэдэг нэр хүнд л энэ сургуулийг өдий зэрэгтэй, Удирдах зөвлөлийг нь ийм “тасархай” шийдвэр гаргаж чадах хэмжээний байлгаж байгаа нь нууц биш.
Нэг үгээр хэлбэл, энэ сургуульд нэрнээс өөр юу байгааг олж харахад бэрх. МУИС гэх нэрээр бизнес хийж, сургуулийнхаа нэрийг худалдаж яваа нөхдүүд ч энэ сургуульд олон бий.
Хамгийн наад захын жишээ татахад л элсэлтийн үеэр өөрийнхөө хүчээр сургуулийн хувиар авч дийлээгүй хүүхэд мөнгөний хүчээр энэ сургуульд ороход 3-4 сая төгрөг төлөөд ордог жишиг тогтоод удаж байна.
Тэр бүү хэл, хандивын анги нэртэй “хөрөнгөтнүүдийн” толгойгүй хүүхдүүдээр дүүргэдэг ангийг дэргэдээ нээж, их хэмжээний мөнгө эргэлдүүлж байсныг ШӨХТГ олж тогтоон, хууль хяналтын байгууллагад хандаж байсан цаг саяхан. Их, дээд сургуулиуд төлбөрөө хэдэн хувиар нэмэх эсэхээ шийдэж ядан байгаа энэ үед бусад сургуулиуд ганцхан МУИС-ийг л хардаг.
Өөрөөр хэлбэл, энэ сургууль жишиг тогтоодог болсон гэсэн үг. МУИС хэдэн хувиар нэмнэ манайх тэр хавьцаа нэмсэн байхад болно гэсэн сэтгэлгээ бусад сургуулиудад хэдийнэ суусан. Тэгэхээр энэ жилийн хувьд аль ч их, дээд сургууль төлбөрөө нэлээд их хувиар нэмнэ л гэж тооцоолохгүй бол болохгүй нь.
Өнгөрсөн жил л гэхэд их, дээд сургуулиудыг төлбөрөө 9.4 хувиас хэтрүүлэлгүй нэмэх шаардлагыг тавьсан. Гэтэл төр, засгаас дээгүүр эрх мэдэлтэй сургуулиуд үүнээс хол илүү хувиар давуулаад нэмчихсэн. Гэвч энэ бүхэнд араас нь хөөцөлдөж, хариуцлага тооцсон албан тушаалтан, эрх мэдэлтэн байгаагүй.
Хөөрхий эцэг эхчүүд л албан тушаалтнуудын хэтийдсэн эрх мэдлийн горыг амсч, толгой дундуур нь татсан их тооны өмнө толгой гудайгаад хоцорсон. Энэ бол их, дээд сургуулийн удирдлагууд ингэж даварч байгаад тодорхой зохицуулалт хэрэгтэй болсны нэг илрэл.
Нэг үгээр хэлбэл, энэ сургалтын төлбөр гээч асуудалд төр анхаарлаа хандуулах цаг нэгэнт болсон гэсэн үг. Энэ жил 100 хувь нэмэх санал гаргаад 50 дээр бууж байгаа улс чинь ирэх жил нэг дуугаар л 100 хувь нэмнэ гэсэн үг. Хэдий болтол арай ч ингэж их нэмээд байхдаа яахав дээ гэж халаглаж суух вэ.
Энэ улс орон чинь толгойтой гэдгийг харуулах цаг болсон гэдгийг эрх баригчдад сануулах байна. МУИС гэдэг монополь байгууллагыг хазаарлахгүй бол боловсролын салбарт хазааргүй морь шиг давхисаар нэг л өдөр уяа нь алдуурахгүй гэх баталгаагүй болж.
Үнэндээ жил бүр сургалтынхаа төлбөрийг зах замбараагүй нэмж байгаа ч оюутнуудын сургалтын орчин, тэднийг хөгжүүлэх тал дээр авч хэрэгжүүлж байгаа дорвитой арга хэмжээ юу хийв гэвэл тэдэнд үзүүлэх зүйл тун ховор.
Адаглаад ингэж их нэмсэн сургалтын төлбөртөө оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ганц танхим ч байгуулчихаагүй л байна шүү дээ. Хэрвээ энэ салбарт үнэхээр л монопольдох бодолтой байгаа бол бүх талаараа үлгэр жишээч байж, төгссөн сурагчдаа 100 хувь ажлын байраар хангадаг бай л даа.
Нэгэнт л ингэж чадахгүй хүч хүрэхгүй байж, хэмжээнээсээ хэтэрсэн үнээр хүүхдүүдийн оюуныг цэнэглэх зүй ёсны шаардлага байна. Нөгөөтэйгүүр ШӨХТГ, ХХЗГ цаашлаад эрх баригчдад хандаж хэлэхэд МУИС-ийн өндөр босгоор бүх нийтийг давах боломж олгох хэрэгтэй байна.
Гэхдээ энэ бол зөвхөн сургалтын төлбөр дээр яригдах асуудал. Хэрвээ Удирдах зөвлөлөөрөө шийдсэн шиг сургалтын төлбөрөө 100 хувь нэмчихвэл энэ сургуулийн босгыг давах иргэдийн тоо эрс буурна гэдгийг сануулъя.
Эх сурвалж:
URL: