“Засгийн газар үүргээ биелүүлж чадахгүй бол асуудлыг өөр өнцгөөс тавьж таарна”
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.
-Корпораци байгуулсны гол ач холбогдол нь таныхаар яг юу вэ?
-Хадгаламжийн даатгалын корпораци бол шинэ байгууллага. Урьд нь байгаагүй. Гол ач холбогдол нь гэвэл хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг найдвартай хамгаална. Хадгаламж эзэмшигчдэд тохиолдсон зарим хүндрэлийг төрөөс хариуцаж байсан бол одоо банкиуд энэ корпорацид гишүүнээр элсэн, хадгаламж эзэмшигчдийнхээ өмнөөс даатгалыг хариуцах ийм шинэ тогтолцоо бий боллоо.
-Арилжааны банк дампуурвал энэ компораци хадгаламж эзэмшигчийнх нь эрсдэлийг даана гэсэн үг үү?
-“Хадгаламж” банкны асуудал үүсэхэд Монгол банкнаас шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Иймэрхүү нөхцөлд хадгаламж эзэмшигчид мөнгөө татах явдал үүсч болох юм. Тэгвэл эрсдэлийг хамгаалах үүднээс банкиуд ажиллах ёстой. Өмнө нь төр энэ бүх эрсдэлийг үүрч байсан. Үүнийг нь болиулж төрийг иймэрхүү дарамтаас чөлөөлж байгаа юм. Хадгаламж эзэмшигчид маань банкиа өөрсдөө сонгож мөнгөө хадгалуулж байгаа. Ингэхдээ бас эрсдэлээ тооцоолдог. Банкны үйл ажиллагаанаас болоод хадгаламж эзэмшигч хохироход хүрвэл иргэд өөрсдөө үүрэх тогтолцоотой байх үед төр маш их ачаалал үүрч байжээ.
Жишээ нь “Анод”, “Зоос” банкны дампуурлаас болж 240 гаруй тэрбум төгрөгийн ачаалал төрд үүсч байсан. Төрийн мөнгө гэдэг чинь татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ. Ингэж хүндрэл учруулах маягаар явж болохгүй байлаа. Иймээс олон улсын стандарт жишгийн дагуу Хадгаламжийн даатгалын корпораци байгуулсан юм.
-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрлээ. Үүнд танай байнгын хороо ямар байр суурьтай байна вэ. Зарим улс төрийн хүчнүүд УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах талаар ч санал тавиад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Эдийн засгийн нөхцөл хүндхэн байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монгол улсын эдийн засгийн гадаад дотоод нөхцөл байдал ямархуу байна, цаашид ямар арга хэмжээ авах талаарх судалгаагаа бүрэн хийгээд байна. Энэ асуудлаа УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх учиртай. Хэрвээ ээлжит бус чуулган хуралдвал эхний ээлжинд энэ тухай яригдах байх.
Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулж батлах асуудал байгаа. Эдгээрийг шийдэхгүй бол болохгүй. Өнөөдөр экспорт багассан, гадаадын хөрөнгө оруулалт саарсан, энэ бүхнээс шалтгаалаад валютын эх үүсвэр багассан байна. Өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс болон төрийн бусад өндөр албанд зүтгэж явсан хүмүүстэй уулзаж санал бодлыг сонссон. Мөн Засгийн газрын гишүүдтэй уулзлаа. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байж ээлжит бус чуулган хуралдуулах эсэх асуудлыг шийднэ.
-Оюу толгойн далд уурхайн төсөл зогсчихлоо. Доллар чангарсаар байна. Тогтворжуулах боломж юу байна вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж батлах, төсвийн тодотгол хийх зэрэг нь УИХ-ын өөрийнх нь ажил юм. Харин Оюу толгой зэрэг бусад асуудлыг Засгийн газар шийднэ шүү дээ. Засгийн газарт эрх нь байгаа. Оюу толгойн ТУЗ, холбогдох яамд нь Оюу толгойн асуудлаа шийдэх ёстой. Дөрвөн сайд оролцсон ажлын хэсэг ажиллаж байгаа шүү дээ. Гэрээнд нь анхнаасаа үйлдвэрлэл хэвийн хэмжээнд явах нөхцлийг бүрдүүлж, хийж өгөх л ёстой байсан. Гэтэл шаардлагын түвшинд хийж чадаагүйгээс болоод өнөөгийн гацаа үүслээ гэж би Байнгын хорооны даргын хувьд үзэж байгаа.
Засгийн газар ажлаа сайн хийх ёстой. Харин тэгж чадаагүйгээс иргэдийн дунд таагүй уур амьсгал төрүүлж байна. Оюу толгойн гэрээн дээр сайн ажиллаж, хэлэлцээний ширээний ард суух л хэрэгтэй байгаа юм. Тэнд далд уурхай нь ажиллах ёстой. Таван толгой зэрэг бусад уурхай хэвийн явах л ёстой. Төмөр зам, шатахуун, барилгын зэрэг бусад бүх чиглэлээр нь УИХ-аас Засгийн газартаа үүрэг болгоод өгчихсөн.
Засгийн газар үүргээ биелүүлж чадахгүй бол асуудлыг өөр өнцгөөс тавьж таарна. Гаднаас валют орж ирээгүй нөхцөлд Монгол банк нөөцөө шавхаж болохгүй. Ер нь валютын интервенц тийм сайн ажил биш. Ханшийн хэлбэлзэл байхыг үгүйсгэж бас болохгүй. Энэ бүхнийг Монгол банк дангаараа зохицуулахгүй. Гаднаас мөнгө оруулах ажлаа л сайн хийх хэрэгтэй. Тэгж байж валютын ханш суларна.
Б.Отгонбаяр
URL: