ЗҮҮН ЭРГИЙН МАНАН
***
Зам дагуух модод
Зөрж гэр лүү минь гүйлдэнэ.
Дагаад гүймээр санагдана.
***
Хайсан ч дарс үлдсэнгүй.
Хуу шавхсан жүнзнээ
Сарны гэрэл дүүрчээ.
***
Үрчийсэн цаас шиг ижий минь бодно:
Үрийнхээ үхлийг л үзэхгүй юм шүү.
Үсэг өрж үрж суугаа үр нь бодно:
Үүрд наслаасай, миний муу ижий.
***
Нэгнээ харахгүй алсаас
Нэгнээ үгүйлэн сар ширтэнэ.
Нэгнээ харахгүй ч бидэн
Нэг л сарыг ширтэнэ.
***
Өрөөнийхөө гэрлийг унтраахад
Цонхон доорх модод шивнэлдэн
Өөдөөсөө зөрөлдөх тэрэгнүүдийн гэрэлд
Байраа сэм солих нь үзэгдэнэ.
Хичээлд явах замдаа тэднийг
Хэрэг болгож очиж шалгана.
Хэзээ ч юм эднийг явчихсан байвал
Хэрхэвч би гайхахгүй ээ.
***
Шүүдрийн охин дуслууд
Сувс болоод хяруулжээ.
Шөнөөр буцсан шувууд
Сүүдрээ үлдээснээс энэ үү?
Шүхрийн сэрүүн чимээнд
Сэтгэл зүрхэн жиндэнэ.
Сүүлчийн бороо гэдэг чинь
Ийм жихүүн сэн бил үү?
***
Үггүй ширтэнэ, нүдээрээ ярина.
Үдшийн бүрий өтгөрөн тунана.
Гэмгүй инээнэ, гэзгээрээ оролдоно.
Гэрийн чинь цонх тодсон гэрэлтэнэ.
Итгэлгүй шүргэнэ, хацраа дарна.
Ичингүйрсэн одод сэм сэм түгнэ.
Дороо холхино, цагаа харна.
Догдолсон зүрх түг түг цохилно.
Хаалгаа нээнэ, эргэж харна.
Хоргодож сүүдэр чинь над руу урсана.
Хаалгаа хаана, харанхуй нөмөрнө.
Хоосорч сэтгэл минь чам руу хулжина.
***
Хиртсэн бүрээс шиг
Хотын тэнгэр…
Энэ хөнжлийн цаана
Цэлмэг тэнгэр байгаа!
Чулуун авс шиг
Цардмал замууд…
Энэ авсны доор
Өвс ургаж байгаа!
Мөсөн баримал шиг
Хүйтэн хүмүүс…
Энэ баримлуудын дотор
Хүн чанар байгаа!
Бусдын л адил амьдрах гэсэн оролдлого минь
ойр дотныхонд маань хэтэрхий хүнд тусаж байна.
Тиймээс миний аялал энэ хүрээд төгслөө.
Үлдээсэн бичвэрүүд минь
хэн нэгэнд хэрэг болно гэдэгт
итгэж байна.
Би бурханд итгэдэггүй.
Харин хүмүүст итгэдэг.
Байдаг бол:
БҮГДИЙГ ИВЭЭХ БОЛТУГАЙ.
Та бүхнийг хүндэтгэсэн:
Түмэд Дагийраазайн Нямдорж
URL: