Богдыгоо бойтогоороо өшиглөхөө хэзээ болох вэ? Бид

8779cb7842165a0fbig(Монгол улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Соёлын сайд за бүгдэд нь зориуллаа даа)

Хөгжиж цэцэглэсэн, ялан мандсан, баян хүчирхэг Монгол улс болж байгаа бид ер нь хэнд талархах ёстой вэ? Хэн энэ уурхай баялагийг монгол улсын хилийн гортиг горломын дотор оруулж, энэ хорвоод юутай ч жишиж зүйрлэж боломгүй эрх чөлөө, тусгаар тогтнолыг бидэнд өгсөн хэрэг вэ? Хэрвээ Д.Сүхбаатар гэж хэлэх гэж байгаа бол том эндүүрэл. Тэр Богд хааны байгуулсан армид цэргийн боловсрол олж, хил хязгаарын бүрэн бүтэн байдлын төлөө тулалдаанд оролцож явсан бага дэслэгч төдий нөхөр болохоос удирдагч нь биш байлаа.

 

Тэгвэл И.В.Сталин уу? Бидэнд туурга тусгаар байх итгэл үнэмшил, чин зоригийг чинээнд нь тултал хэн ингэж ирлэж, хурцалж өгсөн хэрэг вэ? Манай түүхийн судалгаа алтан ургийн ноёдод энэ гавъяаг тохох гэж оролдоод, ядарч цөхөрч байгаа боловч энэ бүхий л эрэл хайгуул 8-р дүрийн Богд Жавзандамба хутагт Наран гэрэл, түмэн наст Богд хаан дээр зангидагдаж байгаа билээ.
Богд хааны ордон музей, Чойжин ламын музей бол өнөөдөр бид л музей, соёлын яамны нэг бүтэц мэтээр харж, ”өшиглөж” байгаа болохоос энэ бол төрийн тусгаар тогтнол хийгээд оюун санааны үнэ цэнэт өв юм.
Чойжин ламын сүмийг барихдаа монгол улсын тусгаар тогнолын халдашгүй дархан байдал, ядам шүтээний чуулган болгож, хэрэм хашааных нь тоосгыг сүү, тарни шившсэн рашаанаар шүншиглэж бариулсан бөгөөд ”нэг ч тоосгыг нь бүү хөндөөрэй” гэсэн захиа заавар өгсөн билээ. Энэ захиа зааврыг сүжиг намдаг, итгэл үнэмшилээ сэтгэлийнхээ чанадад гүн бат нуусан, энгэртээ коммунист намын батлахтай үе үеийн удирдагчид чанд мөрдөн ирсэн төдийгүй монгол улсын гадаад тагнуулын анхны орон суурин байсан утгаар нь төрийн тусгай хамгаалалтад байсаар ирсэн байгууламж билээ. Харин өнөөдөр америк сургуультай, коммунист арга барилтай, итгэл үнэмшил, ой санамжийн өчүүхэн ч хэлтэрхийгүй сайд дарга, мэргэжилтнүүд тендер нэрээр үнэ хөлс төлж, хууль эрхзүйн хамгаалалттай орчинд, өчүүхэн хэдэн цаасны ашиг сонирхолоор нурааж байна. Цаг хатуу цас битүү цагт ч монгол хүний итгэл үнэмшил ингэтлээ дор ороогүй л юмсан. Энэ бол монголын бурхны шашин болоод төрийн тусгаар тогнолын эсрэг хийж буй ялт ажиллагаа юм. Магадгүй үүнийгээ ”сэргээн засварлалт” хэмээн хаацайлж болох юм. Сэргээн засварлах гэдэг бол сэргээн засварлахыг хэлдэг болохоос нураагаад цоо шинээр барихыг хэлдэггүй байх гэж найдъя.
Өөрийгөө монголын бараг анхны ”ардчилсан ерөнхийлөгч” гэж нэрлэх дуртай хүн төрийн тэргүүн боллоо. Үнэндээ Богд хааныг монголын ард түмэн 100%-ийн саналаар олноороо нийтээрээ хүлээн зөвшөөрсөн учир ”Олноо өргөгдсөн” буюу цоо шинэ эрин үеийг эхлүүлэгч хэмээн хүндэлж, монгол орны өнцөг булан бүрээс Богдын хүрээ рүү хандан гурвантаа сөгдөж, есөнтөө мөргөж байлаа. Буруу дуулаагүй бол манай ерөнхийлөгч дөнгөн данган 50%-ийн санал л авсан хүн. Энэ хоёрын хооронд асар их зөрөө байгааг эрхэм ерөнхийлөгч та мэдэж байгаа гэж найдъя. Өнөөдөр төрд ажиллаж, тамга түшиж яваа эрхэм түшээд хөрөнгө орлогын мэдээллээ нийтэд ил тод болгосны адил, шашин шүтлэг, итгэл үнэмшилийн байдлаа олон нийтэд ил тод, нээлттэй болгох цаг иржээ.
Ялангуяа соёлын сайд хүн хэний ямар соёлыг хамгаалах гэж сайд болсон хүн бэ? Бурхны шашинтай хүн бол энэ үйлдлийнхээ төлөө монголын мянга мянган бурхны шашинтнуудаас уучлал гуй. Огт шашин шүтдэггүй хүн бол бас нэг арга зам байна. Тэр нь огцрох. Өөр шашин шүтлэгтэй хүн бол энэ байдлыг бид хангалттай ойлгоно. Үнэхээр соёлын төлөө ажиллая гэж бодож байгаа бол одоо энэ ”үлэг гүрвэлийн яс судлал”-аа зогсоо. Энэ бол Боловсрол Шинжлэх ухааны сайдын хийх ажил. Энэ дүр төрхөөрөө шинэ соёлын яам ШУА-ийн Палентлогийн хүрээлэнгийн нэг жижиг салбар болтлоо доошоо унаж байна. Дороо ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ хал, соль, хариуцлага тооц. Цаашид ийм ажил удаан үргэлжилбэл бид тэмцлийн бүх хэлбэрийг ашиглана. Энэ үйлдэлд тань уурсан хилэгнэж буй мянга мянган монголчуудыг оройлон тэмцэхэд бэлэн гэдгээ хэлье.

Өнөөдөр Оюу толгой, Таван толгой, Тавтын мөнгөний орд, Тамсагийн газрын тосны баялаг хэний хүчин чармайлт, цуцашгүй тэмцлийн үрээр Монгол улсын газар нутагт хил хязгаарын дотор үлдсэн бэ? Богдын хүчин чармайлтаар… Түүнийн хаанчлалын 12 жилийн турш монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байсан статистик өнөөдөр гаргаж байна. Энэ баялагийн дээжээс хэн хүртэх ёстой вэ? Мэдээж хэрэг Богд хаан. Түүний үнэт өв болсон Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Хайстайн лаврин, Дамбадаржаагийн хийд. Монгол улсын хүү санг хэн хувь нийлүүлж, хэний хөрөнгөөр барьсан бэ? Мөн л Богдын эд зүйлсийг худалдаж, түүнээс шууд олсон орлогыг өнөөдөр тооцож үзвэл хэдэн зуун мянган тэрбумаар үнэлэгдэнэ. Өнгөрсөн жил монголд ирсэн германы мэрэгжлийн шинжээч хүн Богд хааны ордон музейг ”хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээний дүн нь 8 тэрбум евро байх боломжтой” гэсэн тойм үнэлгээ гаргаж байлаа. Үүний дэргэд Богд хааны мордон музейн эргэн тойронд барьсан овоолсон шаварнууд бол задгай мөнгөнийх нь хариулт төдий бүтээн байгуулалт гэдгийг дуулгая. Богд хааны ордон музейн эко орчин үзүүлсэн хохиролын үнэлгээнд зөвхөн энэ хэдэн овоолсон шаврыг үнэлээд үнэлээд хүрэхгүй гэдгийг ч бас давхар хэлье.
Богд хааны эргэн тойрон дахь газрын наймаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Анх монгол уншлагат хийд барихаар газрын зөвшөөрөл авсан төрийн шагналт, академич Д.Цэрэнсодном жижигхэн шавар оромж овоолж, үүнийгээ ”Уламжлалт анагаах ухааны музей” гэж нэрлээд ханахгүй АПУ, MSC компаниудад газраа худалдаад байна.
Төрөөс авч болох бүхий л хайр хишгийг хүртээд, дээрээс нь Богдынхоо газрыг худалдаад ханаж цадахгүй байхад, бусад зулзган бизнесмэнүүдийн ёс зүйн хэм хэмжээний тухай энд яриад ч нэмэргүй. Бас л ийм зүйл бичсэнийхээ төлөө ”бизнесийн нэр хүндэд халдсан” гэсэн үндэслэлээр цагдаагийн газрын манаа сахиул хийхээс өгсүүлээд ямар ч гавъяа шагналыг дуртайяа хүртэхээр байгаагаа энэ дашрамд дуулгая.
Дэсрид Санжаажамцын зохиосон алдарт ”Биндэргарав” хэмээх зохиолын Газрын шинжийн бүлэгт ариун газар, сүм суварга шүтээнд сүүдэр тусгаж болохгүй тухай чухалчлан заажээ. Гэсгээл шийтгэл болоод гэм эрүүгийн тухай дурдаагүй ч энэ нь дааж давшгүй хилэнц нүгэл, барагдуулж дуусашгүй муу үр дагаварын шалтгаан болох нь дамжиггүй. Ингээд ”ургах нарыг үзэх эрхийг нь хааж” барьсан байшингаа ”Гэгээнтэн” гэж нэрлэх нь гэгээн болоод ариун явдал уу? Бизнес үү? Буян уу? сайн бодоод үзээрэй. Энэ бас л нэг ”өшиглөлт”. Монгол улсын тусгаар тогнол аюулгүй байдалын бүрэн бүтэн байдлын баталгаа өдөр ирэх бүр муудан доройтож, сулран ганхаж байна. Бутанд нүүрлэсэнтэй адил үйл явдал Монгол улсад давтагдахгүй гэхийн баталгаа алга. Хятад ажилчид цуглаан жагсаал зохион байгуулж, эрхийнхээ төлөө тэмцэж, монголчуудыг барьцаалдаг боллоо. ”Хөрөнгө оруулалтаа хамгаалах, иргэдийн эрх ашгаа хамгаалан зорилго”-оор цэргээ оруулж байгаа нь ч тэдний буруу биш. Бид ч гэсэн ингэх л байсан.
Энэ үед Төрийн ордонтой нэг тэнхлэгт баригдсан төрийн сахиус, шүтээний гортиг горломын хөх тоосго бүхий сүүн цагаан замыг бид хонжоо хайсан хятадын улаан тоосго, 100 айлын ”би чадна” группийн лантуу, жоотуугаар зэвсэглэсэн сайн дурынхны хөлс хүчээр, өөрөө өөрсдөө нураалаа. Хэн ч дуугарсангүй. Дуугарсан нэгэн нь буруудлаа. Маргааш энэ бурхан тахилыг сольж, хольж, шинээр хийгээд зөвхөн нийтэд үзүүлдэг музей гэж ойлгоод орхивол бидний оршин тогтнох хугацаа хэр удаан байхыг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймийн тул доорхи хэдэн саналыг хэлмээр байна.
1. Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейг дэлхийн олон улсад байдаг жишгийн дагуу ”Хааны ордон музей” гэсэн статустай болгон өөрчилж, ерөнхийлөгч та ивээлдээ авна уу? Гадна дотноос ирсэн зочид төлөөлөгч, жирийн жуулчин хүнд хүртэл тайлбарлан үзүүлэхдээ бүх монголчуудынхаа өмнөөс болон таны өмнөөс хүртдэг зэмлэл, шүүмжлэлийг бага ч болов нимгэлж, судалсан шиг судалж, хамгаалсан шиг хамгаалж, сэргээсэн шиг сэргээж, хойч үедаа танагтайхан хүлээлгэж өгөөд, нүд анимаар байна.
2. Мөн ерөнхий сайд Н.Алтанхуяг та Засгийн газрын хуралдааныг Богд хааны ордон музейд хуралдуулж, шийдвэрлэвэл зохих, бүх асуултыг шийдээд өгнө үү? Ядах юу байхав дээ? Гэртээ харих замаасаа жаахан хазайгаад л орчихно. Ард түмэндээ таалагдаж болох маш ховор боломж.
3. Манай ерөнхийлөгчийн ”Олуулаа болцгооё” уриалгын хамгийн том утга учир бүхий шүтээн ”Бурхан багшийн шарил эрдэнэ” өнөө хүртэл та бүхний гаргах шийдвэрийг хүлээж байгааг сануулъя. Энэ шүтээнд мөргөх хүсэлтэй буриад, халимаг, өвөр монгол олон сүсэгтэн Богд хааны музейд хэдэн мянгаараа ирдэг гэдгийг Ерөнхийлөгч танд үгийн далимд дуулгая.

За тэгээд та бүхнийгээ хүлээж, нүдээ хөхөртөл Саарал ордны зүг ширтэн суугаа
Богд хааны ордон музейн тайлбарлагч Гончигийн Нямочир
2013 оны 7 дугаар сар 31.

Жич:
Нэг иймэрхүү захидлыг төрийн төв хэвлэлд гаргахгүй, хэвлэн нийтлэхгүй нь мэдээж тийм болохоор эрхэм хүндэт уншигч та эдгээр хүмүүст хүрч болох бүхий л арга хэлбэрээр түгээж, мэргэн мэлмийд нь болгоолгож, соргог сонорт нь дуулгаж ажаамуу.


URL:

Сэтгэгдэл бичих