Ааваар дутсан амьдрал /Өгүүллэг/
Нансалмаа бол ээж, өвөө хоёртойгоо амьдардаг айлын энхрий охин. Удахгүй дунд сургуулиа төгсөнө. Гурвуулхнаа амьдардаг болохоор амьдрал нь боломжийн, юугаар ч дутахгүй өсөв. Ганцхан охин хэлд орсон цагаасаа өдий хүртэл “Аав” гэдэг үгийг хэлж үзсэнгүй. Өөрөөр хэлбэл “Аав” гэдэг үгийг жинхэнэ утгаар нь хэрэглэж “Аав аа” гэж дуудаж байсангүй.
Жаахан байхдаа яагаад аавгүй байгаагаа төдийлөн л анзаардаггүй байж. Харин охин найман нас хүрч сургуульд орсон анхны өдрөөсөө эхлэн аавгүй байгаадаа их эмзэглэн, ичиж зовох болжээ. Учир нь Нансалмаа ээжээрээ овоглодог юм байж. Сургуульд орсон анхны өдөр ангийн багш нь -За хүүхдүүд ээ, миний нэрийг Тунгалаг гэдэг. Өнөөдрөөс эхлээд би та нарын багш, та нар миний сурагчид боллоо. Одоо багшдаа өөрсдийгөө танилцуулаарай. Нэг нэгээрээ босоод овог нэр, хаана амьдардаг гэх зэргийн асуултад хариулахад бэлдээрэй гэв.
Нансалмаа овог нэр, гэрийн хаягаа хэлэхээр дотроо бэлдээд сууж. Хүүхдүүд ээлжлэн босч өөрсдийгөө танилцуулж эхлэв. Нансалмаагийн ээлж болов. Багш нь
-За Нансалмаа, аавыг нь хэн гэдэг, хаана, ямар ажил хийдэг билээ? гэх нь тэр.
Ингэж асууна гэж бодоогүй байсан охин балмагдаад дуугарч чадсангүй. Уг нь Нансалмаа багшдаа “Гэрэлтуяагийн Нансалмаа, гэр 11-р хороололд байдаг. Ам бүл гурав” гэх мэтчилэн хэлэхээр бэлдэж байсан билээ. Тэгтэл “Аав гэнэ үү, юун аав” гэж бодон бүлтэгнэн зогстол багш нь
-Нансалмаа яасан, арай овгоо мэдэхгүй юм биш биз дээ?
-Гэрэлтуяагийн Нансалмаа хэмээн дуулдах төдий шивнэн хэлэв.
Багш ч учрыг ойлгов бололтой дахин аавын тухай асуусангүй. Хажууд нь суудаг охин “Танай аавыг Гэрэлтуяа гэдэг юм уу? Яг эмэгтэй хүн шиг нэртэй юм аа” гэв. Нансалмаад хэлэх үг олдсонгүй. Тэрээр өнөөдөр хүүхэд бүр ааваараа овоглох ёстой юм байна гэдэг нэг юмыг л маш сайн ойлгов. Хичээл нь тарахад хүүхдүүдийг ээж, аав нь тосож байлаа. Нансалмаа анх удаагаа л ээжийгээ хараад баярласангүй. Гэртээ ормогцоо
-Ээж ээ, би яагаад аавгүй байгаа юм бэ? Эсхүл би ерөөсөө аавгүй болохоор танаар овоглодог юм уу? гэж асуулаа. Ээж нь түүнийг сандарсан байдалтай харснаа
-Яасан миний охин, юунд гэнэт энэ тухай ярих болов?
-Өнөөдөр багш хүүхэд бүртэй танилцаж, аав, ээжийн ажлын газар, юу хийдэг тухай асуусан. Намайг овгоо хэлсэн чинь манай ангийнхан танай аав чинь эмэгтэй хүний нэртэй юм байна гээд шоолоод байсан. Би аавгүй гэж хэлэхээсээ ичээд, энэ чинь миний ээжийн нэр гэж хэлж чадсангүй. Надад аав байдаг юм уу? Байдаг бол хаана байдаг юм бэ? Яагаад бидэнтэй амьдардаггүй юм бэ хэмээн бөөн асуулт тавив. Ээжийнх нь нүд гунигтай болон баахан дуугүй суув. Тэгснээ
-Миний охинд аав байгаа. Энд Улаанбаатар хотод амьдардаг юм. Яагаад бидэнтэй хамт амьдардаггүй вэ гэвэл залуу насны бодлогогүй, хурдан түргэн зангаасаа болоод тун ялимгүй юмнаас маргалдан, бие биедээ бууж өгөхгүй хэмээн туньж яваад хоёр тийш болчихсон юм аа. Үүнд ээж нь илүү буруутай байж магадгүй. Гэхдээ миний охин хайраар дутахгүй л өсөж байна шүү дээ. Энэ тухай дахин бүү яриарай гээд сэтгэл санаа нь үймэрсэн бололтой хурдхан босоод өрөөндөө орчихов. Түүнээс хойш охин аавынхаа тухай дахин ер асуусангүй. Дотроо бол маш ихээр боддог байлаа.
Аавтайгаа уулзах сан. Ааваа гэж дуудах юмсан. Аавтайгаа хөтлөлцөн явах юмсан. Охин харин ааваасаа бэлэг авах юмсан гэж боддоггүй байв. Яагаад ч юм харин аавдаа бэлэг өгөх юмсан гэж боддог байж. Тэгээд хэзээ нэгэн цагт би аавтайгаа уулзвал урмыг нь хугалахааргүй сайн охин байна даа гэж өөртөө тангараглаад хичээл номдоо сүрхий шамддаг байжээ. Цаг хугацаа улиран одож нэг л мэдэхэд Нансалмаа охин дунд сургуулиа төгсөх цаг ирлээ. Тэрээр аравдугаар ангиа алтан медальтай төгсөж байгаа тул сүүлчийн хонхны баяр түүний хувьд их л том баяр, чухал үйл явдал байлаа. Түүнд нөгөө л байнга бодогдож, эмзэглэж явдаг хүүхэд бүхний ээж, аавууд ирж баяр хүргэнэ. Би ээж, өвөө хоёртойгоо л баяр хөөрөө хуваалцах юм биз дээ гэж бодоход дэндүү чамлалтай санагдаж байлаа.
Нансалмаа сургуулийнхаа захирлаас алтан медаль, гэрчилгээгээ аваад буутал ээж нь нэг танихгүй ахтай хамт цэцэг барин угтлаа.
-За миний охин, баяр хүргэе! Аавдаа үнсүүл хэмээн ээж нь хэлэх нь тэр.
Нансалмаагийн зүрх нь зогсох шиг болоод явчихав. Нэг мэдсэн аавынхаа хүзүүгээр тэврээд асгартал уйлчихсан зогсож байлаа.
Тэр өдөр түүний хувьд хамгийн баяртай, хамгийн гунигтай өдөр болжээ. Баяртай учир нь аавтайгаа уулзаж, ааваараа овоглох болж хойшид ч аавтайгаа ямагт холбоотой байх болов. Гунигтай учир нь аав нь ардаа амьдралтай, хоёр хүүхэдтэй болжээ. Иймд аав, ээжтэйгээ хамт амьдарна гэсэн хүсэл нь биелэхгүй болжээ. Гэсэн ч охин жаргалтай, маш их баяртайгаар аавтайгаа нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан ярилцаж явлаа. Харин аав нь түүнтэй өдий болтол ганц ч удаа уулзаагүйн учир нь Нансалмааг хорвоод мэндэлсэн гэдгийг ердөө л уулзахаасаа хэдхэн цагийн өмнө л мэдсэн байжээ. Нансалмаа ээжийнхээ хэлсэн “ээж нь илүү буруутай байж магадгүй” гэсэн үгнийх нь цаад учрыг олъё гэж бодсонгүй… Хэнийг ч буруутгахыг хүссэнгүй. Учир нь тэр аавтай хүн. Хойшид тэр аавынхаа хайраар дутахгүй. Гансүхийн Нансалмаа хэмээн нүүр бардам хэлж чадах болсондоо хамгийн ихээр баярлаж байлаа.
URL: