Монгол бадарчин Амай амьд хөгжмийг мэдрэв
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Playtime 2013” наадам энэ сарын 27, 28-ны өдрүүдэд “Монгол Шилтгээн” аялал жуулчлалын цогцолборт амжилттай зохиогдож өндөрлөлөө. Эдгээр өдрүүдэд амьд хөгжимд шимтэгч залуус задгай агаарт хоёр өдрийн турш дуртай хөгжмөө сонсч, зүрхнээс булгилах эрх чөлөөгөө мэдэрсэн юм.
Мөн энэ үеэр “Монгол Бадарчин” хөтөлбөрийг таван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, дэлхийн улс орнуудаар тойрон аялаад байгаа Амай буюу Ж.Золбаяр Playtime наадмын сонирхолтой зочдын нэг байлаа.
Түүнчлэн наадмын тухайд урьд жилүүдэд хамтлаг, дуучид цөөн хэдэн дуугаа дуулаад нэг хамтлагийн тоглох хугацаа дуусч, хөөрсөн сэтгэлээ гэгэлзүүлсээр дуусдаг байсан бол энэ жил хугацааг нэмсэнээрээ онцлог байв. Өөрөөр хэлбэл, урилгаар оролцож буй хамтлагууд шинэ уран бүтээлээ танилцуулж, бүтэн “сэт” тоглох боломжтой болсон юм.
Түүнчлэн жил бүрийн наадмын уламжлал ёсоор хөгжим сонирхогчдод зориулж “Монгол шилтгээн”-ийн задгай талбайд өнгө өнгийн майхан алаглах “Playtime Camp”, шар айргийн хотхон байгуулж, амьд хөгжим сонирхогчдын эд хэрэгсэл, цомгийн цуглуулгыг худалдах зах ажиллав.
time.mn
URL: