Зодолдсон бөхийг дараагийн даваанаас хасъя
Энэ жилийн наадмын бөх хэний ч санаагүйгээр таавар будилж дараагийн наадам болтол ярих юмтай л үлдлээ.
Шинэ аваргатай, гарьдтай, заантай гээд арслангаас бусад цолтон төрсөн нь бахархууштай л хэрэг байлаа.
Харин наадам бүрээр бөхчүүд барилдах биш зодолдох гэсэн дуулиан олиггүй явдал бас л гарлаа. Энэ тухай наадамчид хачирхан ярьж сонинуудад бичиж л байна. Уг нь зөвхөн яриа шуугиан төдийгөөр өнгөрүүлж болохгүй асуудал энэ л дээ.
Ноднингийн наадмаар болон хаврын зарим барилдаанд зөрчил гаргасан улсын начин Б.Пүрэвсайхан, Р.Пүрэвдагва, улсын заан Ч.Санжаадамба нарт МҮБХ зохих арга хэмжээ авсан нь эхлэл байсан. Тэгвэл энэ жилийн наадмын дэнжид зодоон хийсэн бөхчүүдэд ямар шийтгэл төлөвлөж байгаа бол.
Болсон зөрчлийн заримыг хэлбэл хоёрын даваанд улсын начин Ч.Гансүх харцага Т.Өсөх-Ирээдүйтэй барилдахдаа зодооны эхлэл тавьсан. Тэгвэл тавын даваанд улсын заан Л.Соронзонболд улсын арслан Г.Эрхэмбаярт амлуулж унахдаа нүүр рүү нь нударгалсан байгаа. Бас аймгийн арслан Адъяабат улсын гарьд Д.Рагчаад унахдаа бас зүгээр байгаагүй л гэсэн. Улсын заан Д.Баасандорж ч өрсөлдөгчдөө гар хүрсэн нь нөлөөлж харагдсан. Тэр бүхнийг зодоон гэж дэвэргэлээ гэж хэлэх хүн байж магадгүй. Тэгвэл алгадсан ч бай, дэлссэн ч бай зодоон шүү дээ. Их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий гэсэн үг байдаг.
Монгол бөхийн дэвжээг сэвтээж гутаасан бөхчүүдтэй тооцоо бодох хэрэгтэй байгаа. Иймд саналаа хэлэхэд зодоон хийсэн, зохисгүй авирласан бөхийг дараагийн даваанаас шуудхан хасдаг болъё.
Ингэхэд дүрэм, журам байдаг эсэх ч хамааралгүй. Бөхийн дэвжээг гутаачихаад зодолдох эрх тэдэнд байхгүй шүү дээ. Монгол бөхийн дэнж ариухан байгаасай гэсэндээ үүнийг тэрлэв.
Д.Бичээчхүү
Зууны мэдээ
URL: