М.Мурси Египетчүүдийн тэвчээрийг барав

М.Мурси Египетчүүдийн тэвчээрийг барав

Египетэд байдал улам даамжирч эхэллээ.

Учир нь Египетийн армийнхны Ерөнхийлөгч Мухаммед Мурсид илгээсэн тулгах бичгийн хариуд эсэргүүцэл илэрхийлсэн билээ. Ерөнхийлөгч Мухаммед Мурси тулгах бичигт бичсэний дагуу 48 цагийн дотор албан тушаалаасаа буухгүй гэдгээ илэрхийлсэн юм. Ингэснээр Египетэд улс төрийн үймээн улам даамжирч эхэлж байгаа талаар “Би Би Си” агентлаг мэдээлж байна.

Тус улсад Мурсиг эсэргүүцэгч дэмжигчдийн хоорондын мөргөлдөөний улмаас одоогоор 16 хүний амь эрсдээд байгаа билээ. М.Мурсигийн дэмжигчид Кайрын их сургуулийн ойролцоо жагсаал зохион байгуулж байгаа юм. Мухаммед Мурси өнгөрөгч мягмар гарагийн орой телевизээр мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Би суудлаасаа огцорч эх орондоо хулгай дээрэм, танхайрлын үрийг тарихгүй” гэж хэлсэн билээ. Улмаар Хосни Мубаракийн дэглэмийг унагаснаас хойш үлдсэн дарангуйллын хэлбэр хэмээн ойлгож бослого өрнүүлж буй босогчдыг буруутгажээ.

Фэйсбүүкээр улстөржив

Египетийн армийн зүгээс Ерөнхийлөгч Мухаммед Мурсид даваа гарагаас эхлэн өчигдөр 16.30 цаг хүртэл өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буух боломж олгосон юм. Гэвч эцсийн мөчид Ерөнхийлөгч М.Мурси телевизээр албан тушаалаасаа буухгүй гэх мэдэгдэл хийсэн. Үүний дараа олон нийтийн сүлжээгээр янз бүрийн яриа гарав. “Сүүлийн хором үлдлээ”, “Бид бурханд андгайлъя. Египетийн ард түмнийг цусаараа тахил өргөхөөс хамгаалах болно” гэх мэтчилэн энгийн иргэд ч улстөржсөн бичлэг үлдээж байв.

Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Египетийн армийнхны дараагийн төлөвлөгөөний талаар нэвтрүүлсэн юм. Тухайлбал, Египетийн армиас М.Мурсиг огцруулсны дараа шинэ Ерөнхийлөгчийн сонгууль явуулна. Шинэ үндсэн хуулийн хэрэгжилтийг зогсоож парламентыг тараах зэрэг олон зүйлийг төлөвлөсөн тухай нэвтрүүлж байв. Тэгвэл зарим шинжээчид “Египетийн улс төрийн гэнэтийн хямрал, хатуу ширүүн байдлыг хэн хүнгүй бүгд мэднэ. Ямартай ч ийм хурцадмал байдалд Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн санаа тайван байж зүрхлэхгүй.

Гудамж талбайгаар дүүрэн М.Мурсигийн Засгийн газрыг эсэргүүцсэн, ажил нь зогссон, нэг тал руу хэлбийснийг нь шүүмжилж байгаа энэ үед тайван байх нөхцөлгүй билээ. Ямартай ч М.Мурсиг төр барих үед гарсан томоохон, хурц бослого нь энэ удаагийнх. Түүнийг Ерөнхийлөгчийн ордноосоо гарч үзэх хэмжээнд нөлөөлөх болно” гэв.

Нэр хүндтэйгээр томилогдсон Мухаммед Мурси

Египетийн түүхэн дэх анхны лалын шашинт Ерөнхийлөгч болох М.Мурси өнгөрсөн оны зургадугаар сарын 30-нд сонгогдсон билээ. Египетийн алдарт дарангуйлагч Хосни Мубаракийг төрийн эрхээс унагаснаас жилийн дараа М.Мурсиг шуугиантайгаар Ерөнхийлөгчөөр сонгосон юм. Гэсэн ч өдгөө М.Мурси болон түүний Лалын ахан дүүс намынхны эсрэг иргэдийн тэмцэл ширүүссээр байгаа аж. М.Мурсигийн эсрэг хөдөлгөөний тэргүүн Мухаммед Абделазиз “Тэр бол ард түмний эсрэг заналхийлсэн Ерөнхийлөгч” гэж мэдэгдсэн удаатай билээ.

М.Мурсигийн эсрэг чиглэсэн “Tamarod” хөдөлгөөнд 22 сая хүн нэгдсэн нь энэ удаагийн бослого хэрхэн хурцадмал байдалтай буйг илтгэж байна. М.Мурсиг Ерөнхийлөгчийн суудалд сууснаас хойш тус улсын эдийн засаг хурдтайгаар нуран унаж, инфляци дээд цэгтээ хүрчээ. Үүнээс гадна эдийн засгийн өсөлт огцом унасан юм. Өдгөө Тагрир талбайд М.Мурсиг огцруулах хэдэн зуун хүн цуглажээ. Энэ бол бослогын зөвхөн нэг хэсэг нь юм. Үүнээс гадна Кайр хотын төв, өмнө, хойд гээд бүх газарт бослого эхэлсэн байна.

Б.Золзаяа


URL:

Сэтгэгдэл бичих