Зүүн бүсийн Чингис хот сүндэрлэнэ

Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөрХэнтий аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Хэнтийн цэргийн хүрээний хүндэт харуул жагсч, Чингис хааны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлснээр сурталчилганы ажил эхэллээ.
Хэнтий аймгийн сум бүрийг төлөөлж ирсэн иргэд Өндөрхаан сумын төв талбай дээр цуглаж нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн угтсан юм. Буриад үндэсний хувцсаараа гоёсон олон хүн тэдний дунд байлаа. Хан Хэнтийн Ардчилсан намынхан “Эрх чөлөө ус, агаар мэт тогтнохуй дор эхлэн тунхагласан та бидний ажил үйлс улам батжина”, “НҮБ-ын байгаль орчны Эх дэлхийн дээд шагналт Ц.Элбэгдорж бол бидний ээлтэй Ерөнхийлөгч” гэх зэрэг лоозонгууд барьсан нь бусад аймгийнхнаас онцлог байв. Иргэд “Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжие”, “Та ялна”, “Танд амжилт хүсье”, “Аян замдаа алжааж ядралгүй явж ялалт байгуулаарай” гэцгээж байсан юм. Тус аймагт нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар ажиллалаа.
Хан Хантий нутгийнхан их бүтээн байгуулалтын ажлын эхэнд байгаагаа нэр дэвшигч Ц.Элбэгдоржид танилцуулсан юм. Дулааны станцын ажлыг 2014 онд эхлүүлэхээр зураг төслийн ажил хийж байгаа, 200 айлын хаус хороолол барихаар төлөвлөсөн, орон сууцны “Тэмүүжин” хорооллын ажил эхэлсэн, Есөн өрлөгийн нэртэй есөн бичил хороолол байгуулах шавыг ирэх жил тавихаар болсон, мөн дараа жил авто вокзал, авто оношлогооны төв байгуулах гэж байгаа, аймгийн 90 жилийн ойн өмнө Өндөрхаан орчмын замаа засч дуусгана гээд бүтээлч их ажил өрнүүлж буйгаа Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар танилцуулав. Энэ бүхэн шууд ардчилал, иргэдийн оролцоо, иргэд өөрсдөө төсвийн хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй болсны үр дүн гэдгийг ч тус аймгийн иргэд хэлж байлаа.
“Найр хийвэл нанчилдаанаар дуусдаг” гэх явган шогтой тус аймгийнхан ирэх долдугаар сард тэмдэглэх аймаг, орон нутгийн ойнуудаа архигүй тэмдэглэхээр болжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Архигүй Монгол” аян Хэнтий аймагт амжилттай хэрэгжиж, 150 гаруй хүнийг нийслэл рүү эмилгээнд явуулан муу зуршлаас нь салгасанд аймаг, орон нутгийнхан талархаж байв. Тус аймагт нэг ч архины үйлдвэр байхгүй гэдгээрээ бахархахын зэрэгцээ архи борлуулагчдын тусгай зөвшөөрөлд хатуу хяналт тавьж байгаа гэсэн юм.
Хэнтийчүүдийн хүлээж байгаа ажил бол Чингис хааны цогцолбор. Өвөрмонголын Ордсынхоос илүү жинхэнэ монгол цогцолбор байгуулахаар орон нутгийнхан төлөвлөж, Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллаж байга юм байна. Зураач Махбалын 1962 онд гаргаж байсан зураг эскизийг ар гэрээс нь худалдан авахаар болсон. Ганц хөшөө төдийгүй зан үйл хийдэг байгууламжуудтай бүхэл бүтэн цогцолбор болгоно гэдгийг сайд Ц.Оюунгэрэл хэлж байлаа.
Бурхан халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болж байгааг энэ үеэр нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлж байлаа. Өндөрхаан хот тун удахгүй Зүүн бүсийн Чингис хот болно гэдгийг мөн дуулгасан юм.
Хэнтий аймгийн газар нутгийн 44 хувийг эзлээд байсан лиценз 13.6 хувь болтлоо буурчээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар ашигт малтмалын лицензүүдэд хориг тавьж Хэнтий аймгийн газар нутгийн 44 хувийг эзлээд байсан лиценз 13.6 хувь болтлоо буурсанд хэнтийчүүд талархаж байв. Тус аймгийн харьяат, их дээд сургуульд сурч буй 3200 оюутан 70 мянган төгрөгийн тэтгэмж авч байгаадаа баярлаж буйгаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар иргэдэд хандаж хэлэхдээ УИХ-д олон суудалтай, Засгийн газраа байгуулсан Ардчилсан намынхан Ардчилсан Ерөнхийлөгчөө дахин сонговол ардчилагчид дээд төвшинд улам олуулаа болж Хэнтийд өрнөөд буй их бүтээн байгуулалт саад тотгоргүй үргэлжлэх болно.  Ардчилагчид улам олуулаа болсноор Монгол Улс богино хугацаанд хөгжинө гэдгийг хэлсэн юм. УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Монголд 1990 онд ардчилсан хувьсгал ялж монголчууд эзэн Чингисийнхээ нэрийг хаана ч, хэнээс ч айж эмээлгүй хэлэх эрхтэй болсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар өнгөрсөн 2012 оны арваннжэгдүгээр сард Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрөө анх удаа орон даяар тэмдэглэсэн. Бурхан халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх тухай асуудал явж байна. Хэнтийн түүх бол Их Монгол Улс үүссэн түүхтэй салшгүй холбоотой” гэлээ.
Чингис хааны байгуулсан улс орны нэрийг дэлхийд сайнаар мандуулж яваа Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжинэ
Эзэн Чингисийнхээ түүхийг айж эмээлгүй ярьдаг болсон гавьяаг ардчилал авчирсан. Мөн Чингисийн Монголын нэрийг ардчиллаар дэлхийд цуурайтуулсан ардчилсан Монгол орон өнгөрсөн хоёр жилд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж, дэлхийн даргын үүргээ ажилттай биелүүлж “Онц” дүнтэйгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард дараагийн орондоо шилжүүлсэн гээд Чингис хааны байгуулсан улс орны нэрийг дэлхийд сайнаар мандуулж яваа Ардчилсан Ерөнхийлөгчөө Хан Хэнтий нутгийнхан сонгуульд дэмжихээ илэрхийллээ.
Хэнтий нутгийн иргэд “Есүхэйн Тэмүүжиний гал голомтыг сахисан Хэнтий нутгийнхны үг бол тэнгэрийн зарлиг юм. Эзэн Чингисийн нутгийнхан шударга үнэний талд л зогсоно. Авлигатай шийдмэг тэмцэж, архигүй Монголыг цогцлоож, бүтээн байгуулалт, шударга ёсны төлөө яваа Ерөнийлөгчөө дэмжинэ” гэцгээлээ.
Монгол Улсын хаан бахархал бол Чингис хаан юм
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Хамаг Монголын гал голомт, хаан Чингисийн өлгий нутаг, Монголын их түүхийн эхлэл Хэнтий нутгийнхандаа мэндчилгээ дэвшүүлээд Төрийн тэргүүний хувьд “Эцэг тэнгэр минь, эзэн Чингис минь” гэж өглөө бүхэн ажил үйлсээ даатгадаг гэлээ.
Тэрээр Чингисийн Монголын сайн нэр дэлхийд дуурсаж, тэр сайн нэрээр өнгөрсөн оны сүүлээр гадаад зах зээл дээрээс 1,5 тэрбум төгрөгийн “Чингис бонд” босгосон. Түүгээр шинэ төмөр зам, нүүрснээс шатахуун гаргах, орон сууцнууд босгох зэрэг дандаа бүтээн байгуулалт хийх гэж байгааг танилцууллаа. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өндөрхаан хотод Чингис хот нэр өгөхөд бэлэн байна. Чингисээс өмнө ч, хойно ч түүнээс өөр хэн ч эх дэлхийн хээлэнд асар том нутаг дэвсгэртэй улс гүрэн байгуулж чадаагүй. Монгол Улсын хаан бахархал бол Чингис хаан юм. Чингис хот олон улсын аялал жуулчлалын төв болох их ирээдүй бий” гэж байлаа. Тэрээр Бүх цэргийн хар сүлдээ цэнгүүлж би эх орондоо дахин тангараг өргөлөө. Хэрэв та бүхэн итгэл өгч Ерөнхийлөгчөөр сонговол нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нарын мөрийн хөтөлбөрийн сайн заалтуудыг ч хэрэгжүүлнэ гэлээ.
Хан Хантий нутгийнхан Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжихээ илэрхийлж амжилт ерөөн үдлээ.

 

Д.ОЮУН


URL:

Сэтгэгдэл бичих